Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН-ын даргын дүрэмгүй сунгаа эхэллээ

АН парламентын сонгуульд ялагдсанаас хойш  хоорондоо үзэлцэж байна.    Тамга тэмдгээ булаацалдаж, шинэ, хуучин дарга нарын маргаан үүсэв.  Хоёр талд хуралдаж, намын дүрмээ ч өөрчилж үзэв.  Гэвч Улсын дээд шүүхээс намын дүрмийн өөрчлөлтийг  бүртгэхээс татгалзан энэ асуудалд  түр хугацаанд цэг хатгаад байгаа. Түүнчлэн шүүхээс  АН-ын хуучин дарга С.Эрдэнэ, одоогийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг албан ёсоор намыг төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан.  Хамгийн сүүлд гэхэд хоёрдугаар сарын 26-нд АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Ингэж АН эцэстээ намын дарга ч үгүй болов. 
Энэ байдлаараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох магадлал өндөр байна. 
Дарга ч үгүй, дүрэм ч үгүй болсон нам саяхан намын даргын сунгаагаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд нь гаргаж шийдээгүй байхад дараагийн  даргаа сонгон шалгаруулах гэнэ. Энэ нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн сунгаа бөгөөд АН хуучин дүрмээрээ даргаа сонгохоор болжээ.   Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны гишүүдийнхээ саналаар дүрмээ өөрчилсөн гэдэг ч хуулийн байгууллага баталгаажуулаагүй учраас  хуучин дүрмээ гишүүддээ “тулгаж”, намын даргаа сонгох нь л  дээ. Тиймээс  АН-ын даргын  дүрэмгүй сунгаа гэж хэлээд байгаа юм.
Түүнчлэн намын даргын энэхүү сонгон шалгаруулалтыг хуучин дарга С.Эрдэнийн талынхан хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. АН-ын даргын сонгуулийн санал авах өдрийг гуравдугаар сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлсэн. И.Мөнхжаргал нь Ц.Тувааны гэгдэх АН-д багтдаг. Тэгвэл Х.Ганболд даргатай АН-ын Үндсэн дүрмийн хороо буюу  С.Эрдэнийн удирдсан АН уг шийдвэрийг түтгэлзүүлсэн тогтоол гаргасан юм. С.Эрдэнийн талаас ирэх сард АН-ын даргын сонгуулийг явуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа  Ц.Тувааны АН буюу АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, С.Эрдэнийн гэгдэх АН-ын хийж буй үйлдэл нь хууль бус тул АН-ын даргын сонгуулийн үйл явцыг товлосон хугацаандаа явуулна гэв. Энэ байдлаараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох магадлал өндөр байна.
 
АН-ын дүрэмд
•Намын дарга нь намын тэргүүн бөгөөд үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
•Намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
•Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
•Намын их хурлаас намын даргыг дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
•УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд намын даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.
•Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж, хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр таваас доошгүй жил ажилласан байна гэж заажээ.
АН-ын  “дүрэмгүй” сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн. Тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв хоёрыг хасч, О.Алтангэрэл нэрээ татснаар 16 хүн үлдсэн.
Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэл,  Д.Пүрэв­даваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэг­сайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагва­дорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж буй. Тэд тус бүрдээ 90 сая төгрөгийн дэнчинг  намдаа тушаах ёстой. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчээс дээрх хэмжээний мөнгө "босгох" шаардлага тавьдаг нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, Ардчилсан намын дарга болсон цагт ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа тайлагнахад зардал гарна гэж үзэж, дүрэмдээ энэхүү зохицуулалтыг тусгаж ирсэн. Гэвч энэ зохицуулалт Ардчилсан намын дүрмийг шинэчлэн баталсан үеэс гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байв. Мөн л асуудалтай зохицуулалт гэхэд болно.  Ийнхүү албан ёсны даргагүй, дүрэмгүй, АН-ын даргын сунгаа эхлэв.  Ямар үр дүнд хүрэх зураглал аль хэдийнэ гарсан л байгаа байх даа. 
Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин
2021.3.10 ЛХАГВА № 46 (6523)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ