Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бид тусгаар тогтнолоо хэрхэн олж авч ирсэнийг МУ-ын ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Тусгаар тогтнол хөгжлийн зуун" илтгэлээс товчлон хүргье!

   Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн. Ийм л байр сууринаас бид намынхаа түүхийн асуудалд хандаж МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ямар бодлого, чиг шугамыг баримталж Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн талаар өнөө үеийнхэндээ ярьж, бичиж ойлгуулах үүрэгтэй билээ.
Миний илтгэлийн ерөнхий санаа, зорилго ч бас үүнд чиглэгдэж байна.

    Эх орныхоо ирээдүй хойч болсон бидний үр хүүхэд, залуучууд аа,
   Өнөөдрөөс яг нэгэн зууны тэртээх Монгол орныхоо нөхцөл байдал, аж амьдралыг эргэн нэг санацгаая. Хорьдугаар зууны 20-иод он гэхэд Монгол орон харийн түрэмгийлэгчдийн дарлалд нэрвэгдэж, 10-хан жилийн өмнө асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, автономит төрөө мөхөөлгөж, төрөө засаглах эрхгүй,  улсаа хамгаалах цэрэггүй, эрүүлийг хамгаалах эмнэлэггүй, эрдэмд боловсрох сургуульгүй, харийн дарлалд зүдэрсэн, хамаг ард нь ядарсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, өр ширэнд баригдсан ядуу дорд орон байсныг түүх гэрчилнэ.
      Чухамхүү энэ цаг дор монгол түмний хүсэл зоригийн дуудлага болж, түүхнээ “Ардын намын анхны долоо” хэмээн алдаршсан цогт эх оронч долоон залуугаар удирдуулсан Хүрээний хоёр бүлгэм нэгдэн “...шашин, үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, ядуу, доорд ард түмний тусыг туйлаар бодох ба дотоод хэргийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгож, …Ард түмнийхээ төлөө амь бие, эд зоорио огоорон зүтгэсүгэй” хэмээн тангараглаж, сүүгээр бичсэн тангарагийн үг бүхий хадгийг улаан сахиусандаа өргөж, Монгол Ардын Намыг анх үүсгэн байгуулсан түүхтэй.
   Тэд бол Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол нарын 25-36 насны идэр залуу, эх орончид байсан юм. Улмаар 1921 оны 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд МАН-ын анхдугаар Их хурлыг зохион байгуулж, “Түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх анхны мөрийн хөтөлбөрөө батлан Намын Төв Хороо, Ардын Журамт Цэргийн Хэрэг эрхлэх газрыг байгуулсан түүхтэй.

МАН-ЫН ЭРХЭМ ДЭЭД ЗОРИЛГО – ТУСГААР ТОГТНОЛ

  Нийт хязгаар нутгийг харийн түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлсөн хэдий ч, монголын тусгаар тогтнол, гадаад дотоод улс төрийн нөхцөл байдал 1940-өөд оны эцэс хүртэл эмзэг, түгшүүртэй хэвээр байлаа.

  Ялангуяа тухайн үеийн Хятадын эрх баригчид Монголын хүн амын тодорхой хэсгийг нам, ардын засгийн эсрэг далдаас турхирах, бослого самуунд уриалах, хил хязгаарт халдах, элдэв хорт цуурхал дэгдээж, нийтийн санаа бодлыг үймүүлэх, манай улсад эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг өөрт ашигтайгаар өрнүүлэх зэргээр улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байлаа.

   “Гадаад монгол бол хэзээнээс Хятадын газар нутгийн салшгүй хэсэг” гэсэн үзлээ үхширтэл хамгаалж байсан Гоминданы хятадууд бараг 40 жил монголын тусгаар тогтнолд дайсагнасаар байсан юм.

Монголыг өөртөө нэгтгэх гэсэн Хятадын эрх баригчдын үйл ажиллагаа идэвхжсэн, мөн дээр нь Японы түрэмгийлэгчдийн халдан довтлох аюул занал нэмэгдсэн амаргүй цаг үед тусгаар улсын ёсоор оршин тогтнохын тулд Зөвлөлт Орос Улс, Оросын ард түмний дэмжлэгийг авч, харилцан туслалцах гэрээг байгуулсан юм.

Энэ бодлого зөв зүйтэй байсныг 1939 оны Халх голын дайн,  1941-1945 оны Агуу Эх орны дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үр дүн тов тодорхой харуулсан бөгөөд эх орныхоо тусгаар тогтнолыг бататгаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн юм.

   Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны хүнд бэрх цагт “Бүхнийг фронтод“ хөдөлгөөн өрнүүлж, бүхий л боломжоороо Оросын ард түмэнд туслаж байсан бол, өмнөд хөрш Хятадын ард түмнийг харийн дарлалаас чөлөөлөх байлдаанд Монгол Ардын Хувьсгалт цэрэг амь биеэ үл хайрлан оролцсон нь мөнхийн хоёр хөршдөө зовох цагт нөхрийн чанарыг таниулсан түүхэн үйл явдал болон үлдсэн билээ.


    Дэлхийн II дайны ялалтад их үүрэг гүйцэтгэсэн гэдэг үнэлэлт Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд үлэмж өргөсөн тул АНУ, Их британи, Франц зэрэг ялагч гүрнүүд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин харгис, хатуу байр суурьтай байсан Чан Кай-Шигийн Засгийн газар эцсийн эцэст үнэнд гүйцэгдэн Монголын ард иргэдийн дунд санал хураалт явуулж Монголын асуудлыг шийдвэрлэе гэж мэдэгдсэн бөгөөд манай засгийн газар ч тэр даруйд нь хүлээн зөвшөөрсөн юм.
   1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явагдсан бүх нийтийн санал хураалтад манай улсын нийт иргэдийн 98.4 хувь нь оролцож, тусгаар тогтносон улс байхын төлөө бүгд саналаа өгсөн түүхтэй. 
   МАН, Засгийн газар Монголын ард түмний чинхүү хүсэл эрмэлзлийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1945 оноос хойш бүтэн 16 жилийн турш уйгагүй чармайн зүтгэж, дэлхийн улс гүрнүүдийн эгнээнд бүрэн эрхэт гишүүнээр элсэх өргөдлөө 4 удаа өргөн барьж, 13 удаа хэлэлцүүлсний эцэст 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр алтан соёмбот төрийн далбаагаа НҮБ-ын хөх тэнгэрт мандуулсан түүхтэй билээ.
    НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, Манай Улсын тусгаар тогтнол улам баталгаажсан юм.

    Манай намын үе үеийн удирдлагууд, ялангуяа Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нарын шууд удирдлага дор олон жилийн идэвхи санаачлага, хичээл зүтгэлийн үр дүнд 1958 онд хойд хөрштэйгөө, 1962 онд урд хөрштэйгөө хилийн гэрээ байгуулж, хил хязгаараа бататган тогтоосон явдал бол Монгол Улс Ази тив дэх анхны хилийн маргаангүй улс болж, тэр цагаас хойш Монгол Улсын хил хязгаар хэн ч халдашгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн дархлагдсан түүхтэй билээ.
Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна.






АРДЫНТӨРИЙНТҮҮХБОЛ
АРДЫННАМЫНТҮҮХМӨН

Хуучныг эвдэж, шинийг тогтоохдоо цаг алдаж, завсар гаргаж болохгүй гэж үзсэн МАН cУлсын Түр цагийн хурлыг нэн даруй үүсгэн, улс орны амин чухал асуудлуудыг зөвлөн хэлэлцдэг ёсыг тогтоох, ван, гүнгүүдийн эрх ямба, хэргэм зэргийг эвдэх, албан татварыг ноён, хутагт, ард хэмээн ялгаварлахгүй нийт нэгэн жигдээр оногдуулан хураах, сүм хийд, хутагт нарын өргөл барьцыг хэмжээлэх, хийдийн данстай лам нараас бусад цэргийн насны эрчүүдийг цэргийн албанд дайчлах, шүүх цаазыг шинэчлэн “ялтны хэргийг шийдэхэд дээд, доод” гэж ялгахгүй байх, хамжлагат ёсыг халах, орон нутгийн удирдлагыг ардын эрхтэйгээр шинэчлэх зэрэг ардчилсан томоохон өөрчлөлтүүдийг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. 
    1924 оны 5 дугаар сард Богд гэгээн гэнэт жанч халж, хэмжээт цаазат хаант засаглалыг өөрчлөх шаардлага гарсан учир мөн оны эцсээр Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, Үндсэн хуулийг баталсан билээ. Тэрхүү анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон засгийн газар гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн ард олноо зарлан тунхагласан билээ.

    Мөн тус улсын харьяат ард иргэдийг үндэс, угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй хэмээн үл ялгаварлан адил тэгш эрх эдлүүлж, эвлэлдэх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн бүх иргэнд сонгох, сонгогдох эрх олгох зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн эрх, ариун журам, ардчилсан ёс, хэм хэмжээг хуульчлан баталгаажуулсан нь үнэхээр том дэвшил болсон юм. Ялангуяа эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тогтоосон нь үнэхээр гайхамшиг байлаа.
Өнөөдөр ч эмэгтэйчүүд эрх чөлөөгөө бүрэн олж авч чадаагүй улс орнууд дэлхийд байсаар байна.      

   1950-аад оны дунд үеэс социалист системийн орнуудад эрх баригч намын үүргийг эрс дээшлүүлэх хандлага давамгайлсан нь манай улсыг тойроогүй. Энэ үйл явц Монгол Улсад харин ч бүр сонгодог хэлбэрээр өрнөж, төр засаг, аж ахуйн ажлын гол, гол эрх, үүрэг намд шилжснээс болж ардын төр үүрэг багатай мэт ойлгогдож байсан үе ч бас бий.

    Бартаа нугачаатай, хальтиргаа гулгаатай, муруй тахир зам бүхий хөгжлийн үе шатуудыг ийнхүү дамжиж 1990 онтой Монголчууд бид золгосон билээ.

     1990 онд хуралдсан МАН-ын Онц их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүд нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг байгуулах шинэ Үндсэн хуулийн эх суурь болсон юм.
Шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын 450 депутатын 83 хувь нь буюу 395 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд байсныг Ардын намын түүхт 100 жилийн ойн баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тус Үндсэн хуульд цаг үеийн шаардлага, нийгмийн зөвшилцлөөр 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

     2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгэм, эдийн засгийн суурь хуулиудыг шинэчилж, шударга ёсны манаачийн үүрэгтэй шүүхийн хараат бус байдлыг чадавхжуулж, төрийн эрх мэдэл хуваагдсан хагас парламентийн засаглалаас сонгодог парламентийн засаглалд шилжихэд чухал алхам боллоо.

    Цаашид ч манай нам, төр улсаа төвшитгөн, улс орноо хөгжүүлэх их үйл хэрэгт цуцалтгүй хүчин зүтгэх болно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ