Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа.
Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд уг дугаарт нийт 5395 дуудлага ирсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 1008 иргэн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарт холбогдон шаардлагатай мэдээлэл авах, лавлах, санал хүсэлтээ уламжилж байна гэсэн үг. Дуудлагын оператор нэг хүнтэй ярих дундаж хугацаа хоёр минут орчим бол дуудлагын хүлээлгийн хугацаанд 8 секунд байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга энэ үеэр 1800-1200 дугаарын утсанд ирж буй зарим дуудлагад хариулж, зөвлөмж мэдээллийг иргэдэд өгсөн юм. Энэхүү дугаарын утас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас, www.ulaanbaatar.mn вэбийн chatbot-д ирж буй өргөдөл, гомдлын ихэнх нь мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, нийтийн тээврийн цагийн хуваарь, чиглэл, автозамын хөдөлгөөнд иргэд хувийн унаатай оролцохтой холбоотой байгаа юм. Тиймээс НОК-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдолд дүгнэлт хийн, яаралтай тайлагнахыг Нийслэлийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод үүрэг болгов. Засаг дарга Д.Сумъяабазар “Гомдол, өргөдлийг барагдуулж, хариулт өгөх асуудлыг удааж болохгүй. Ялангуяа нийслэлийн захиргааны байгууллагуудын хүнд суртал эндээс эхэлдэг гэж шүүмжилдэг. Бид захиргаа талаасаа шинэчлэл хийх, хурдтай, хүнд сурталгүй ажиллах, төр иргэнийг холбох гүүр болох үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, харьяа агентлагууд, Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдтай болгох чиглэлээр энэхүү CallCenter-ийг улам өргөжүүлнэ. Одоо найман шугамаар иргэдийн дуудлагыг авч байгаа бол цаашид 35 шугамаар иргэдээ сонсож ажиллана гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Мөн иргэнтэй утсаар ярихдаа бүх түвшний албан тушаалтнууд өөрийгөө танилцуулж байх ёстойг сануулсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС