Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зургаан настныг тойрсон хөдөөгийн зовлон


- Сэтгүүлч П.Санаадагва /
Баянхонгор аймгаас бэлтгэв/ -
Аавгүй амьдрал, бэлэвсэн эхнэр, залуусгүй хөдөө, эзэнгүй орон нутаг болчих вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрнө.
Аз жаргалтай нийгмийн үндэс бол гэр бүлийн амар тайван байдал юм. Гэвч уламжлалт амьдралын хэв маяг, улс орныхоо онцлог бүрийг мэдэрч чадаагүй уялдаа холбоогүй бодлого, хууль тогтоомжоос болж Монгол Улсын гэр бүлийн нөхцөл байдал хөдөө, орон нутагт эрсдэлтэй хэмжээндээ хүрчээ...

ЗУРГАА ЮУ, НАЙМ УУ?

Ес эхлэхээс хэдхэн хоногийн өмнөх хүйтэн жаварт хацар нүүр тас хайрах нэгэн өдрийн үдшийн бүрийтэй уралдан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан хоёрдугаар багийн малчин Ц.Ууганбаатарынд дөрөө мултлав. Эл малчны халуу дүүгсэн гэрт амар мэнд солилцон бидний дотно яриа өвөлжилтийн гэхээс илүү хүүхдийн тухай өрнөлөө... Нутаг, бэлчээр дагаж дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэн амьдарч ирсэн залуу хос мал аж ахуйгаа эрхэлж, хэвийн амьдарч байсан гэхэд болно.
Харин тэдний ихэр охид зургаан нас хүрснээр өрх гэр хоёр салж, нэг нь малаа, нөгөө нь хүүхдээ харах амаргүй албанд тус тусдаа зүтгэх болов. Нэг хүүхдийг сургуульд сургах гэж чамгүй дажин үүсдэг бол Ц.Ууганбаатарынх ихэр хоёрын хоёр зургаан настантай амьдралын их тэмцлийг өрнүүлсэн гэхэд болно. 
Хэдийгээр эдний ирхүүд нас чацуу, нэг орчинд байгаа ч сэтгэл зүйн хувьд харилцан адилгүй. Тэд тоглонгоо юмсыг танин мэдэх сэтгэл зүйн онцлогтой насандаа яваа бөгөөд  яагаад гэдэг асуултыг зогсоо зайгүй асууна. Хэрэглээний хувьд яг ижил зүйлийг хэрэглэх сонирхолтой бол дундын зүйлээс бас татгалзана. Тийм учраас эднийд нэг ижил зүйл дээр хоёр дахин их зардал гардаг гэсэн үг. Гэтэл үүнээс гадна өөр хүндрэлүүд ч бас бий. Тухайлбал, гэрийн даалгавар хийх, хичээлдээ явах энэ хоёр үйл явдал бас шаггүй хөдөлмөр шаардана. Нэг зэрэг суугаад шууд гэрийн даалгавраа хийчихнэ гэж үгүй. Нэг нь унтаж байх бол нөгөө нь тоглож байх жишээтэй. Нэг нь өлсөөд байна гэх бол нөгөө нь өвдөөд байна гэх ч энүүхэнд. Тийм учраас энэ гэр бүл хүүхдээ зургаан настайд сургуульд оруулах, бусдын жишгээр явуулах гэж амаргүй замыг туулснаа эхнэр Н.Сайнжаргал нь илэн далангүй өгүүлж байсан юм.
Энэ бол ердөө хөдөө орон нутагт тулгарч буй хэвшмэл жишээ. Хэвшмэл ойлголт учраас хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй өнөөг хүрчээ. Харин цаашид энэ байдал даамжирвал хөдөө нутагт гэр бүл салалт, эзэнгүйдсэн хүүхэд, боловсролын тэгш бус, хүртээмжгүй явдал газар авах хандлага илэрхий болжээ. 
Ийм зовлонг биеэрээ эдэлж буй эцэг эхчүүд Баян-Овоо суманд гэлтгүйхаа газрын суманд олон бий... Баян-Овоо сумын хэмжээнд 2019 онд 24 сурагч нэгддүгээр ангийн босго алхсны 22 нь зургаан настан бол 2020 онд 31 сурагчийн 23 зургаан настнаас 12 нь малчны хүүхэд нэгдүгээр ангид элсжээ. Тийм хэмжээний эцэг эхчүүд өрх гэрээ хоёр салгаж, хөдөө, сууринд амьдрал зохиох болсон гэсэн үг. 
Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар сүүлийн арваад жил сум, орон нутгийнхаа бодлогыг барилцаж, ард иргэдийнхээ аж амьдрал дунд зовлон, жаргалыг хуваалцаж яваа нэгэн. Тэрбээр зургаан настнуудыг сургуульд сургах асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Түүний хэлж буйгаар зургаан настныг сургах асуудлаас болж гэр бүлийн салалт, бусад хүндрэлүүд үүсэх болсныг ширүүхэн хэлээд авсан юм. Тиймээс малчин өрхийн хүүхдийг зургаа бус найман наснаас сургуульд сургадаг болох ёстойг хэлж байна. Учир нь найман настай хүүхэд харьцангуй бие даасан байх бөгөөд сургуулийн дотруур байранд амьдрах, өөрийгөө хариуцаад суралцах чадвар зургаан настнаас хамаагүй илүү гэж байна.

ХОЁР БИШ ДӨРӨВ САЛЖ АМЬДРАХ НЬ Ч БИЙ

Ц.Ууганбаатарынх үр хүүхдээ хүнээс дутаахгүй, эрдэм боловсролтой болгохын төлөө байгаа бүхнээ зориулж явна. Эднийх гурван хүүхэдтэй. Хамгийн том нь нийслэлд оюутан болоод хоёр жил болжээ. Харин дунд хүү нь аймгийн төвд ахлах ангийн сурагч. Эхнэр нь хоёр ихэр зургаан настантайгаа сумын төвд. Өөрөө хэдэн малаа дагаад отор нүүдэл хийнэ. Энэ жил цаг зүтгүү, зутруу өвөл болж байгаа тул аймгийн төв битгий хэл сумын төв ч тоотой орж байгаа аж. Цагийн хэцүү дээр дөрөв салсан өрхийн санхүүгийн байдал жил ирэх тусам хүндрэлтэй болж байна. Оюутан хүүхдийн сургалтын төлбөр, орон байр, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээг хангахын тулд сүүлийн хоёр жилийн намар болгон долоон сая төгрөг бэлтгэх хэрэгтэй болдог.
Дунд хүүхдээ сургахын тулд хамаатныхаа хашаанд гэр барьж, аймгийн төв явуулжээ. Харин зургаан настнаа сургахаар эхнэр хүүхэдтэйгээ сумын төвд амьдарна. Ирэх жилээс эхнэр нь багыгаа аваад аймаг орж дунд хүүтэйгээ амьдрахаар төлөвлөж байна. Харин Ц.Ууганбаатар амьдралын өртгийг зохицуулж, ар талаа даахаар уулын мухар, усны адагт хэдэн малаа хараад үлдэнэ. Энэ айл л гэхэд дөрвөн хэсэгт амьдарна. Харин ковидтой учраас хэдэн сарыг нэг дороо өнгөрүүлэх боломж олдожээ. Гэхдээ л хөдөөгийн зургаан настны хичээл хийлт талаар болно гэж бодохоор асуудал их байна. 
Малаа дагаад аглаг буйдад үлдэж буй хөдөөгийн эрчүүд жил ирэх тусам олширч байна. Хөдөөгийн малчин өрхийн наслалтын статистикийг авч үзвэл эрчүүд эмэгтэйчүүдээс 6-10 жил бага насалж байна. Үүний шалтгааныг шууд утгаар нь өнөөгийн боловсролын тогтолцоотой холбон тайлбарлаж болно. Учир нь өвлийн хүйтэн, хаврын хавсарганд ханхай гэртээ ганцаараа үлдэж буй аав нар хээрээр гэр хийж, хэдэн малаа дагаж яваад хүйтэн гэрт халуун хоолгүй, нойроо хасан байж зүтгэдэг нь бодит үнэн. Урин цаг ирж сургууль тарсан үеэс гэр бүл цуглах нь сайхан ч өдрөөс өдөрт боловсрол эзэмшхээр суурин амьдралд автагтаж буй үр хүүхдүүд томрох тусмаа төрхөмдөө очих дургүй болж, нэг л мэдэхэд суурин газрын хаа нэгтэй шингэж хөдөөгөө орхидог. Аавгүй амьдрал, бэлэвсэн эхнэр, залуусгүй хөдөө, эзэнгүй орон нутаг болчих вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрнө. Хоёр биш дөрөв салчихдаг ийм амьдралын хэв маягыг шийдвэр гаргагчид тоохгүй орхиж болохгүй.

ЯАМНЫ БУС БАГШ НАРЫН ЗОВЛОН

Хөдөөгийн сум, сууринд ажиллаж буй багш нар, тэр дундаа бага боловсролыг хүүхдэд эзэмшүүлэх гэж зүтгэж яваа багш нар үнэхээр дайны шугам дундуур ямар ч хамгаалалтгүй зүтгэж байна хэлж болохоор... 
Д.Өсөхбаяр боловсролын тэргүүний ажилтан, тус байгууллагад 23 жил багшилсан. Баян-Овоо суманд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Б.Эрдэнэ боловсролын байгууллагад гурван жил, тус суманд дөрвөн саражиллаж байгаа багш нар аж. Тэрбээр малчин өрхийн зургаан настнуудтай гардаж ажилласан туршлагатай, тэдний зовлон хийгээд ажлынхаа хатуу хөтүүг биеэр мэдэрсэн багш нар юм. Тэдний хэлж байгаагаар зургаан настныг сургах хамгийн чухал орчин бол гэр бүл гэнэ.
Гэр бүлийн таатай орчинд байж сая зургаан настнууд өнөөгийн боловсролын үзэж, судлах ёстой судлагдахууныг бүрэн эзэмших боломжтой юм. Гэтэл малчны хүүхдүүд ихэнх нь цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд бэлтгэгдээгүй, гар нь зүгшрээгүй, эцэг эхийн гараас шууд дотуур байранд сууж байгаа, ээж ааваасаа холдож үзээгүй хүүхэд сургуульд ороод ангидаа хичээл ороход 20 минут болоод л ээжээ ааваа гээд уйлалдаж байж долоо хоногийн дараа дасан зохицож эхэлдэг.Сурагчдын ихэнх нь дотуур байранд байдаг учир байрны хүүхдүүдийн гэрийн даалгавар хийлгэх нь их хүндрэлтэй. Хичээлийн бэлтгэл хангагдахгүй өдөр тутамдаа багш өөрөөсөө дэвтэр, бал гэх зэргийг бэлдэж өгдөг. Нэмэлт сургалтын материал, гарын авлагыг багш хүүхэд бүрт өөрөө бэлдэж гаргаж өгдөг.
Багшийн хувьд хэрэглэгдэхүүн, сурах орчноо бүрдүүлэхэд эцэг эхийн ямар ч оролцоогүйгээр орчноо бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байна.Зургаан настны анхаарал 7-10 минутад төвлөрч удалгүй сарнидаг учраас эцэг эхчүүд хамт байж гэрийн орчинд хүүхдээ хайрлах, бүтээж буй зүйлд нь баярлаж байгаагаа мэдэгдэх, хамт тоглох, хамт хөдөлмөрлөж суралцах, үлгэр дууриал үзүүлэх маш чухал байдагхэмээн багш нар ярьж байна. Малчин өрхийн хүүхдийнэцэг эхийн оролцоо маш хангалтгүй, холбоо барихад бэрхшээлтэй, сүлжээгүй, утас нь холбогдохгүй. Өглөө хичээл ороод өдөр бүр тогтмол цагт давтлага өгч мөн дотуур байрны  сурагчдад анхаарч ажиллаж, сурах арга барилд сургаж байна. Сурагчдын хувьд олон төрлийн хичээл ордог сурагчийн анхаарал төвлөрөлтийн хугацаа богино байдаг учир олон хичээл орсны улмаас их ядардаг, эцэг эх нь хөдөө учраас тэдэнд тусалж дэмжих хүн байхгүй.Бүгд амьдралаа тал тийш хуваасан, аргаа барж буй эцэг, эхчүүдийн бяцхан үрс. Харамсалтай нь тэдэнд багшийн хэлж буй гэр бүлийн орчинд аз жаргалтайгаар сурч, хөгжих боломж даан ч үгүй.
Хот, аймгийн төв, хөдөөгийн хүүхдийн ялгаа нь хотын сурагчдын хувьд орчин нөхцөл бүрдсэн, эцэг эхийн оролцоо тогтмол, эцэг эхийн хараа хяналтад байдаг,эцэг эх хүүхэдтэйгээ ажиллах бүрэн боломжтой, хичээлийн бэлтгэлийг иж бүрэн хангаж өгдөг. Хүүхдийнхээ төлөө эцэг эх багштайгаа байнга холбоотой байж зөвлөгөө зөвлөмж авдаг. Хөдөөний сурагчдын хувьд биеийн дархлаа сайтайгаас биш. Дээрх боломж мөхөс.
Зургаан настангуудын хувьд сурах хүсэл эрмэлзэлтэй, хурдан хүлээж авах чадвартай, сэргэлэн цовоо, бодит зүйлийг хүлээн авах чадвартай тоглоомын аргаар сурах нь илүү байдаг.Мөн өнгө ялгах, тооцоолох, тоо тоолох чадвар нь илүү хөгжсөн байдаг. Аливаа зүйлд ажигч гярхай байдаг учир багшийн хувьд хүүхэд нэг бүрт сонирхлыг татах өнгө үзэмж сайтай тарааж өгөх материалыг хийж өгч, тоглонгоо сургах чадварыг илүү анхаарч ажилладаг. Хүүхдийг шахалтгүйгээр бага хэмжээний анхаарлыг татахуйц сонирхолтой тарааж өгөх материалыг өдөр бүр боловсруулж хүүхэд нэг бүрт хүрч ажиллах нь үр дүнгээ өгдөг. Зургаан настай хүүхдийг хоцрогдолгүй сургана гэдэг нь тухайн багшийн сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх, заах арга зүйтэй нягт холбоотой. Ингэж ажилласны үр дүнд зургаан настай сурагчдыг хоцрогдолгүй сургаж байгааг дээрх хоёр багш хэлж байна.

ХҮҮХДИЙГ ХҮҮХДЭЭР ХАРУУЛАХ НЬ

Гэрэл зургийг П.Санаадагва
Малчин ээж нар хүүхэд хардаг, зөөдөг өвөрмөц ажилтай эзэгтэй нар болон хувирчээ. Тэдэнд суурин газарт ажлын байр олдохгүй. Малчин ээж нар хүүхдээ сургуульд хүргэж өгнө, авна. Гэрийн даалгаврыг нь хийлгэнэ. Нөхрүүд түлш, хүнсээ бэлтгэнэ, мал аж ахуйгаа дагана.
Зарим малчин өрх дунд ахлах ангийн ах, эгчтэй нь зургаан настнаа дагалдуулж, айлын хашаа, өөрийн байрандаа харгалзах хүнгүйгээр амьдруулах хувилбарыг ч сонгодог болсон. Өөрөөр хэлбэл хүүхдийг хүүхдээр харуулах асуудал маш их байгаа юм. Яг эндээс дараагийн өөр нэг эрсдэл үүсч байгаа нь бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэлд өртөх тохиолдлын тоо хөдөө орон нутагт нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаанаас харахад бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох тоо сүүлийн жилийг харьцуулсан судалгаанаас харахад 2019 оны 11 сард 11 хүүхэд 2020 оны 11 сард 17 болж 6 нэгжээр буюу 45.5 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. 54 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсоны  ес нь амь насаа алдсан, ес нь хөнгөн гэмтсэн, 31 нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт, хоёр нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам зөрчих хэрэгт тус тус өртөж хохирсон үзүүлэлт байна.
Гэмт хэргийн төрөл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд хүчирхийлүүлэх, бусдын ятгалгаар гэмт хэрэгт холбогдох байдал нэмэгдсэн бөгөөд энэ бүхний ихэнх нь мөнөөх малчин өрхийн хүүхдүүд. Тэднийг хамаатан садан, танил тал нь гэртээ байлгадаг хуучны уламжлал өнөөдөр байхгүй. Харин дотуур байр, боловсролын байгууллагаас тавих хараа хяналт хангалтгүй учраас эрсдэл бүхэн бага насны хүүхдүүдийг булан бүрт отож байна. 

ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЁ ГЭВЭЛ ХАРИЛЦАН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАХ ШААРДЛАГАТАЙ 

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас Боловсролын багц хуулийн шинэчлэлийн асуудлыг эд хэлэлцэж, салбарын эрдэмтэн, судлаач, багш, эцэг эхчүүдийн төлөөллөөр хэлэлцүүлж, өнөөдрийг хүртэл явж ирсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Боловсролын салбарт оруулж буй санхүүжилт бол ирээдүйд Монгол Улс ямар улс байх вэ, ямар мэдлэг, чадвартай иргэд улсынхаа хувь заяаг чиглүүлэх вэ гэдгийг шийддэг учраас ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж олон улсад үздэг. Энэ утгаараа манай улс 2021 онд энэхүү амин чухал салбарын шинэчлэлийн ажлыг эхлүүлэхдээ байршлын судалгаа хийх, явцын үнэлгээний системийг нэвтрүүлэх зэрэг ажлын санхүүгийн эх үүсвэрийг Улсын нэгдсэн төсөвт суулгаад байна. Гэвч энэхүү шинэчлэл, санхүүжилтын асуудлыг хийхдээ хүүхдийг зургаан наснаас нь нэгдүгээр ангид оруулж байгааг эргэж харах, хөдөөгийн эцэг эхчүүдийн хүсэл, шаардлагыг орхигдуулж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. 
Монгол Улс хүүхдээ зургаан настайгаас нь сургуульд элсүүлээд хэдийнээ нэгэн арван өнгөрсөн байна. Дэлхий нийтийн энэхүү жишгийг бид дагаж байгаа ч бас улс, орныхоо онцлог, өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдалтайгаа уялдуулахаас өөр аргагүй.Ингэхдээ малчин өрхийн хүүхдийн насыг найм хэмээн тогтоож, насны зөрүүг арилгахын тулд хоёр жил тасралтгүй сургах хувилбарыг ч хийхэд болохгүй зүйлгүйг эцэг эхчүүд хэлж байгаа юм. Энэ хэвээр цааш үргэлжилбэл өнөөгийн асар их золиосоор боловсрол эзэмшиж буй гэх зургаан настнуудын 15-20 жилийн дараах дүр зураг, улс орны хувь заяа ямар байхыг таахад бэрх...
Тэд үнэхээр бие даасан, ёс суртахуунтай, мэдлэг чадвартай, дэлхийн хүн болж чадах болов уу? Учир нь боловсролын салбарын бодлого шийдвэр, санхүүжилт бүхэн 10-20 жилийн дараах улс орны хувь заяаг тодорхойлно. Тэрхүү үр дүнг харах хооронд эдийн засгийн голлох эх үүсвэр болсон МАА-н салбарт хүчин зүтгэж буй малчин гэр бүлүүд дайны байдалд шилжээд бүрэн сүйрэхэд бэлэн болчихоод байгааг ч тодоос тод анзаарах учиртай санагдана. Эрх мэдэлтнүүд эрх биш нэгийг бодоосой. Боловсролын одоогийн тогтолцоо. Ялангуяа малчин өрхийн амьдралд зургаан настай хүүхдийн асуудал бараг л дайн зарлаад байна гэхэд хилсдэхгүй бизээ...
Төр засаг нэгийг бодож, түмэн олон зургаан настны талаар үгээ хэлэх цаг болжээ...
Сэтгүүлч П.Санаадагва
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ