Баянхонгор /МОНЦАМЭ/. "Наран мандал энтерпрайзес" ХХК-ийн уурхайд тэсэлгээний ажил хариуцан гүйцэтгэдэг компанийн таван ажилтан үйлдвэрийн осолд өртөж, бэртэж гэмтсэн талаар бид мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр уурхайг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа бөгөөд тус компанийн ажилчдын төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзжээ.
Ажилчид, "Биднээс үл хамаарах шалтгаанаас үүдэж уурхайн үйл ажиллагаа зогсоод байна. Энэ нь ар гэрийн амьдралаа нуруун дээрээ үүрч явдаг бидний хувьд хүнд нөхцөл байдал. Үүнээс шалтгаалан банкинд өр зээлтэй бидний хувьд ар гэрийн нөхцөл байдал хүндрэх талдаа байгааг харгалзан үзэж, уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулж өгнө үү" гэх хүсэлтийг тавьж, 300 гаруй ажилтны гарын үсэгтэй өргөх бичгийг Засаг дарга Г.Батжаргалд өргөн барьсан байна.Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, "Баянхонгор аймгийн 200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж буй тус ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, гацаах бодол надад байхгүй. Танай компанийн зүгээс тэр тэсэлгээний туслан гүйцэтгэгч ААН-тэй хариуцлагаа сайтар тооцох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд тавих, мөн гэмтэж бэртсэн иргэдийн эрүүл мэндэд дорвитой анхаарах ёстой. Цаашдаа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, хяналт шалгалтын байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулж болно гэж үзсэн нөхцөлд миний бие татгалзах зүйлгүй" хэмээн мэдэгджээ.