БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан тус эмнэлгийг тусгаарлалтад аваад буй. Харин "Эмч сувилагчдын шинжилгээний хариу гараагүй гэсэн шалтгаанаар өвчтөнүүдийнхээ өрөөгөөр нэг нь ч шагайхаа больжээ. 24 цаг хэдийнээ өнгөрчихөөд байхад өвчтөнүүд нь тусламж хүсч, цус алдаж , нэг өвчтөн бөөр нь татаж байхад нь хүртэл ойшоохгүй байна гэх гомдол мэдээллийг 01 цагт залгаж хүргүүлж байна" гэсэн мэдээлэл цахим орчимд цацагдаад буй.
ЭМЯ-наас "Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тусламж үйлчилгээг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-наас зохицуулсан.
Ингэхдээ амбулаторийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн төвүүдээр хэвийн явагдана. Харин зөвхөн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг зохицуулсан.
Баянзүрх дүүргийн иргэд Баянзүрх дүүргийн 100 ортой эмнэлэгт үзүүлнэ. Насанд хүрэгчдийн 80 ор, хүүхдийн 20 ор бэлэн бий. Хэрэв тоо нь ихэсвэл Энэрэл эмнэлэг болон АШУҮИС-ийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн гемодиализын тусламж үйлчилгээ авдаг найман иргэн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг байсан. Энэ найман иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн БЗД-ийн иргэд яаралтай тусламж шаардлагатай, түргэн тусламжийн үйлчилгээ авах бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандана" гэлээ.