Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дүүргүүдийг хэн удирдаж байна вэ?

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар тодорч, ажилдаа ороод байна.  Тэд ирэх дөрвөн жил дүүргүүдийн нүүр царай болж, ажиллах учиртай. Дүүргүүдийг хэн удирдаж байна вэ. Энэ талаар мэдээллийг тоймлоё.
 
М.Энхболдод туслаж,  Ё.Баатарбилэгт зөвлөж байжээ
Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар томилогдсон. Тэрээр улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайд асан М.Энхболдын шадар туслах, ЗГХЭГ-ын шинжээчээр ажилласан.  Улмаар 2014-2016 онд “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдон ажилласан.  Мөн 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирл болж дэвшсэн байна.  Мөн БСШУС-ын сайд асан  Ё.Баатарбилэгийн  зөвлөхөөр ажиллаж байжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялалт байгуулснаар Засаг даргын суудалд суусан нь энэ юм.

Эргүүлийн цагдаагаас-Засаг дарга
Баянзүрх дүүрэг өнгөрсөн дөрвөн жил нэлээд бужигнаантай байв. АН ялсан ч дүүргийн удирдлагыг авахын төлөө МАН-ынхан зүгээр суугаагүй.  Байсгээд л тамга тэмдгийн хэрүүл, жагсаал цуглаан болж байлаа.  МАН-ыг төлөөлж энэ үйл ажиллагааг Н.Баярмөнх голлон зохион байгуулсан.  Тэгвэл 2020 оны орон нутгийн сонгуулиар тус дүүрэг МАН олонх болсноор  Н.Баярмөнх Засаг даргаар томилогдоод байна.  Тэрээр “Газарчин” дээд сургуулийг хэл судлал мэргэжлээр, Удирдлагын академид төрийн удирдлагын магистр хамгаалсан. 1992 онд Дархан хотын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. 2008 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсноор улс төрийн карьераа эхлүүлжээ. Тэрээр 2011-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 онд “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажилласан.

Х.Болормаа нийслэлд сөрөг хүчин болж ажиллана
Ардчиллын туг болж, ирэх дөрвөн жилд ажиллах ганц дүүрэг бол Сүхбаатар. Тиймээс өнгөрсөн дөрвөн жил Засаг даргаар ажиллаж байсан Х.Болормааг улираан сонгоод байна. Тэрээр Техникийн их сургуулийг хүнсний технологич, Энэтхэг улсад Гадаад хэлний дээд сургууль,Удирдлагын академийг тус тус төгссөн. 2012-2016 онд тус дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад улиран сонгогдсон юм.
 
Н.Батсүмбэрэл албан ёсоор  Засаг дарга болов
Орон нутгийн сонгуулийн дараахан Чингэлтэй дүүргийн  Засаг даргад өөр хүний нэр яригдаж байв. Гэсэн ч Н.Батсүмбэрэлийг улираан томилох ажиллагаа амжилттай хэрэгжсэн байдаг.  Түүнийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хүн гэдгийг бүгд мэднэ. Өөрсдөө ч үүнийг илчилж өнгөрсөн хавар нийлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулж, өөрөө суудалд нь заларсан. Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй тэрээр 2007 онд ЕТГ-т референт, 2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан байна.
 
Давхар дээл олонтой Засаг дарга
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хамгийн ойрын хүн хэмээгддэг Н.Алтаншагай 320 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогджээ.  Тэрээр  “Улаанбаатар эрдэм” их сургууль, Удирдлагын академийг төрийн удирдлагаар, МУИС-ийг улс төр судлалаар суралцаж төгссөн.  2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч байсан түүнд нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болох хаалга нээгдэж улмаар 2020 онд НИТХ-ын сонгуульд өрсөлдөж, давхар, давхар дээл өмсөн Засаг даргын албан тушаалд томилогдоод байна.
 
Цахилгааны инженер Багануурыг удирдана
Багануурын МАН-аас Засаг даргаар С.Даваасүрэнг санал болгон томилуулсан юм. Тэрээр Багануур дүүргийг төлөөлөн НИТХ-д мөн төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Цахилгааны инженер мэргэжилтэй.  Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас ажлын гараагаа эхэлж байсан бол 2008 оноос Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон товч намтартай.
 
Ч.Раднаабазарыг улираан сонгов
Налайх дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар улиран сонгогдоод байна. Анх Соёлын коллежийг соёлын ажилтан мэргэжлээр төгсч, дараа нь төрийн захиргааны удирдлагын хэлтсийн институтийг бизнесийн удирдлагын менежер, Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистрт суралцан, төгсчээ. Ажлын гараагаа 1993 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагчаар эхлүүлж байсан бол 1996-2000 онд Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирал, 2000-2002 онд Английн Вродфорд хотын Согонг фермид борлуулалтын менежер, 2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч зэрэг ажлыг хийж байгаад 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргаар томилогджээ.
 
Багахангайд “дархлагдсан” С.Эрдэнэбаяр
Багахангай дүүргийн Засаг даргаар  С.Эрдэнэбаярыг улираан томилоод байна. Тэрээр Багахангайд “дархлагдсан” Засаг дарга гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй.  Учир нь 2012 оноос эхлэн ес дэх жилдээ дүүргийг удирдаж байна. С.Эрдэнэбаяр нь 1999-2003 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Худалдааны удирдлага, 2008-2009 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1992-1993 онд Гал унтраах 19 дүгээр ангид гал сөнөөгчөөр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 2001 онд МАН-д элссэнээр улс төрийн карьераа эхлүүлж, дүүргийн Засаг дарга хүртлээ дэвшин ажиллаж байна.
 
Ж.Алдаржавхлан Хан-Уулд долоо дахь жилдээ засаглана
Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэгт долоо дахь жилдээ засаглаж байна.  Мөн Хан-Уул дүүргийн МАН-ын даргын албыг давхар хашдаг. Тэрээр анх ОССК-ийн захирлаар томилогдсоноор  олны танил болсон. Мөн Шийдлийн Засгийн газрын үед Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэж байв. 2001-2006 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч, референт, 2006-2008 онд Сангийн яаманд  мөн зөвлөхөөр ажиллсан. Санхүүч мэргэжилтэй. Монгол Бизнес дээд сургууль, 1997-1998 онд Австрали улс, Сидней хотын англи хэлний институт 2003-2005  онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг төгсчээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ