Дундговь /МОНЦАМЭ/Дундговь аймгийн Музей энэ онд бүх үзмэрийнхээ мэдээллийг цахимд оруулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тус музейд 5000 гаруй үзмэр хадгалагддаг бөгөөд эдгээр үзмэрүүд нь чанар чансаагаараа аймгууд дундаа дээгүүрт ордог. Тус аймгийн музейн хувьд бусад аймгаас ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейн сан хөмрөгт зэв, хутга, амьтны дүрстэй хүрэл, олон марал унжлага, ахуйн хэрэглээний гээд 800-гаадүзмэр хадгалагдаж байдаг.
Энэхүү цахим үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчид дээрх бүх үзмэртэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломж бүрдэх юм. Тухайлбал, хүрлийн үеийн олдворын хувьд хэзээ, ямар цаг үед хийсэн, дурсгалууд нь хаана байдаг гэх мэтчилэн үзмэр тус бүртэй холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн оруулах аж.
Мөн аймагтай холбоотой бүх түүх, намтар, алдартан гавьяатнууд, уяачид, бөхчүүд, харваачид, улс, аймгийн аварга малчид болон уламжлалт зан үйл, идээ цагаа, өв соёл гээд энэ л аймгийн түүх, соёл, өв уламжлал, бахархалтай холбоотой түүхэн баримтуудыг энэхүү цахим мэдээллийн санд оруулж байгаа юм байна.
Музейн дарга М.Бямбажав хэлэхдээ “Шинэ оронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед манай байгууллагын ажилчид бүгдээрээ мэдээллүүдээ нэгтгэн цэгцлэх ажилдаа шамдаж байна. Музейн мэдээллийн санг баяжуулахад байгууллага, аж ахуйн нэгж, соёлын биет болон биет бус өв тээгчид мэдээллээ ирүүлэх шаардлагатай. Байгууллага бүр түүхэн баримт, материалыг гэрэл зургийн хамт ирүүлж, хамтран ажиллаарай” гэлээ.