Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална


Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм. “Хурд”, “Билиг”  компани сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль журмыг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ. Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм. Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг.  Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад  барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.
 
 
 
Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа.
 
 
 
Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.
 
 
 
Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын  даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.
 
 
 
“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.
 
 
С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ