Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийнМанхан сумын харьяат эх орны эрэлхэг дайчин ах дүү гурвын тухайдурсамж, түүхээс зарим эх сурвалжууд хуваалцжээ.
1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, түүхэн гавьяа байгуулсан ахмад дайчин олон бий. Тэдгээрийн төлөөлөл бол Ховд аймгийн Манхан сумын иргэн Ө.Найдан, Ө.Бугалжаа, Ө.Ламсан нар юм.
Манхан сумын харьяат, бэлтгэл хурандаа Жамбын Нямдаваа тус сумаас Халх голын байлдаан болон Чөлөөлөх дайнд оролцож явсан ах, дүү гурвын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэрхүү ярианд тулгуурлан Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, ахмад дайчны өөрийн болон төрөл садны дурсамж шингэсэн Ө.Найдан, Ө.Бугалжаа, Ө.Ламсан нарын тухай сонирхолтой нийтлэлийг “Соёмбо” сонинд хэвлэжээ.
Алдар нь дурсагдах ах дүү гурав
“Монголчуудын түүх бол монгол цэргийн түүх” хэмээсэн онч үгийг бид байнга хэрэглэх болжээ. Үнэхээр ч олон зууны түүхтэй Монгол орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө үеийн үед баатарлагаар тэмцэж, бахдам гавьяа байгуулсан цэрэг эрсээрээ бахархаж буй нэгэн баталгаа нь дээрх үг биз ээ. Түүхийн шаргал хуудаснаа нэр нь мөнхөрсөн мянга мянган эх орончид, цэрэг эрс байдгийн дотор гэр бүлээрээ, ах дүүсээрээ цэргийн албыг нэр төртэй хааж, дайны талбарт ч, даян дэлхийн энхийн үйлст ч, энх цагийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ч өөрийн нэр алдраа цуурайтуулсан эх орны хүү, эгэл цэргийн гавьяаг хойч үеийнхэн мартах учиргүй.
Саяхан сонины редакцид Ховд аймгийн Манхан сумын харьяат, бэлтгэл хурандаа Жамбын Нямдаваа зочилж, сонин, сэтгүүлийн нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцох зуураа өөрийнх нь төрсөн сумаас Халхын голын байлдаанд болон Чөлөөлөх дайнд оролцож явсан ах, дүү гурвын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэрхүү ярианд тулгуурлан Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, ахмад дайчны өөрийн болон төрөл садны дурсамжид тулгуурлан Ө.Найдан, Ө.Бугалжаа, Ө.Ламсан нарын тухай нийтлэл бичиж уншигч танд хүргэхийг зорьсон минь энэ.
“Байшинтын дивиз”-ээр овоглосон дайчин
“Байшинтын” хэмээн алдаршсан 7 дугаар морьт дивизээс амьдралын гараагаа эхлэн цэргийн холбоочин болж 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон байлдааны үүргээ нэр төртэй биелүүлсэн бөгөөд алдар түүхийн дайчин замналтай Зэвсэгт хүчний 013 дугаар анги болон Улаанбаатар төмөр замын байгууллагад залуу халуун насаа амжилт дүүрэн өнгөрүүлсэн Ховд аймгийн уугуул, чөлөөнд байсан ахмад Өлзийн Найдангийн талаарх архивын баримт, ахмад дайчдын дуртгалаас үзэхэд түүний амьдрал энгийн агаад ихэд сонирхолтой ажээ. Тэрбээр Засагт хан аймгийн Баатархайрхан уулын Захчин гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Манхан сумын “Цагаан гол” хэмээх газар 1914 оны хөх бар жил ард Өлзийгийн ууган хүү болж мэндэлжээ. Энэхүү нутгийн уугуул Өлзий нь Найдан, Бугалжаа, Ламсан нарын хүү, Тож, Цэнд нарыг төрүүлж өсгөсөн гавьяатай нэгэн ажээ.
Ө.Найдан нь бага балчир наснаасаа мал маллан өртөөний галч, улаач, зарлага зэрэг албыг залгуулж байгаад 1935 оны 10 дугаар сард цэргийн албанд мордож Хэнтий аймагт байрлах 7 дугаар морьт дивизийн 20 дугаар морьт хороонд жагсаалын цэргээр алба хааж эхэлсэн. Тэрбээр бие даан бичиг үсэгт суралцаж, улмаар 1936 оны хавар 20 дугаар морьт хорооны бага даргаар дэвшин ажиллаж байгаад 1937-1939 онд Зөвлөлт Холбоот Улсын Киев хотноо И.М.Калининийн нэрэмжит Холбооны дунд сургуульд Г.Сугар, Д.Лхамсүрэн, Д.Пунцаг, Г.Дамдинсүрэн, В.Бат, Ү.Пэрэнлэйлхүндэв, Д.Шархүү, Ц.Ванчинсүрэн, Н.Удвал, Л.Нямжав, Ж.Гомбосүрэн, Д.Цогт, Б.Дамбадаржаа, Б.Тунсаг нарын 14 сурагчийн хамт суралцаж төгссөн байна. Ө.Найдан нь Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн 1939 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 226 дугаар тоот тушаалаар Холбооны тусгай хороо (өнөөгийн Зэвсэгт хүчний 013 дугаар анги)-ны Шугам барилгын суманд дэслэгч цолтой, салааны даргаар томилогджээ.
Тухайн үед Улсын батлан хамгаалах комиссын 1936 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Дорнод хязгаарыг Чита хоттой байнгын радио холбоогоор хангах үүрэгтэйгээр Цахилгаан мэдээний ба Агаарын байнгын шугам болох телефон холбооны тусгай дивизионыг 1942 онд байгуулсан ба 1944 оноос Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас дайчилгааг төлөвлөх, улсын нөөцийг бий болгох ажлыг эрхлүүлсэн. Улс орныг дайнд бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Байшинт дахь Армийн ханган нийлүүлэх бааз, хээрийн госпиталиуд, Өндөрхаан-Сайншанд, Байшинт-Сайншанд, Байшинт-Чойр, Сайншанд-Замын-Үүд, Сайншанд-Сулинхээрийн чиглэлд усны эх ундаргыг сэргээн засах, шинээр хайж олох, Сайншанд, Байшинтын районы гол чиглэлүүдэд хээрийн хориглолтын заагууд мөн Сайншандад Армийн холбооны зангилгаа байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн түүхтэй. Үүнд: Замын-Үүд, Өлгий хийд, Байшинтын нэгтгэл, ангиуд, зүүн Чойрын хоорондох холбооны шугамыг байнгын ажиллагаатай байлгах, гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах ажлыг дэслэгч Ө.Найдан даргатай холбоо салааны бие бүрэлдэхүүн гүйцэтгэсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тэрээр 1945 оны 5 дугаар сараас Байшинтын 7 дугаар морьт дивизэд холбоо сумангийн даргаар томилогдон ажиллах болсон бөгөөд дивизийн даргаар хурандаа Г.Дорж (1942.6.5-1945.12.7), штабын даргаар дэд хурандаа Д.Самданлхүндэв (1942.8-1945.10.25), улс төрийн хэлтсийн дарга бөгөөд улс төрийн орлогчоор дэд хурандаа Г.Вандан (1945-8.2-1946.2.8) нар ажиллаж байв.
Тэр хугацаанд Ази тивд түрэмгийлэл үйлдэж байсан Японы цэргийн ноёрхлыг няцааж, Өвөр Монголын ард түмнийг чөлөөлөх, тэрхүү дайнд бэлтгэх ажил Монгол ардын хувьсгалт цэргийн хувьд 1945 оны 5 дугаар сарын дунд үеэс өрнөсөн ажээ. Монгол-Зөвлөлтийн Морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд Монгол ардын хувьсгалт цэргийн дөрвөн морьт дивиз, нисэх дивиз болон моторжуулсан хуягт бригад, танк, артиллери, холбооны хороо, байлдааны хангалтын салбарууд багтсан бөгөөд эдгээр анги, нэгтгэлүүдийг Замын-Үүд, Байшинт гэсэн хоёр чиглэлд хүч хуралдуулах ажлыг зохион байгуулсан.
Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз нь цэргийн дээд удирдлагаас өгсөн байлдааны тушаалын дагуу 8 дугаар сарын 7-ны өдөр Байшинтын районоос Долоннуур (Долоон нуур), Жэхэ (Чэндэ) гэсэн маршрутаар 950 километр давших байлдааны үүргийг хүлээж 8 дугаар сарын 8-ны өдөр Овоотоос марш үйлдэн хилийн районд хүчээ хуралдуулан 9-ний өдрийн 04.00 цагт улсын хилийг давсан ба дайсныг гэнэдүүлэх зорилгоор артиллери, авиацын бэлтгэлийг хийлгүйгээр давшин байлдаж, дээд удирдлагаас өгсөн байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм.
Чөлөөлөх дайны үед цэргийн нэгтгэл, (11АК-1, 5АК-6 нийт 7 радиостанц) анги, хороод гол төлөв радио болон хөдөлгөөнт утсан холбоог өргөн ашиглаж байсан ба цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан радио станцуудын хэвийн ажиллагаа алдагдаж байсан учир холбоочид шөнийн цагаар жижүүрлэх, 11 АК, 5 АК радиостанц (буудал), онгоц, хөнгөн хуягт, суудлын авто машин, мотоцикл зэрэг техник хэрэгслээр холбооны бэлэн байдлыг ханган ажиллаж байв. Энэхүү нэн хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлэхэд цэргийн холбоочид, түүний дотор Ө.Найдангийн хувь нэмэр ихээхэн байсныг онцлох нь зүйн хэрэг.
Дайн дууссаны дараа салааны дарга, дэслэгч Ө.Найдан нь Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогчийн тушаалаар 1946 оны хавраас 6 дугаар морьт сумангийн жагсаал ангийн орлогчоор, 1948-1949 онд 6 дугаар морьт дивизэд их бууны холбооны даргаар, 1949-1951 онд Цэргийн ерөнхий сургуулийн холбооны багшаар томилогдон цэрэг, армитай 16 жилийн амьдралаа холбосон ахмад дайчдын нэг юм.
Энх цагийн бүтээн байгуулалтын үед тэрээр 1951-1952 онд Улаанбаатар хотын Төв бараа баазад ачигч, 1952-1961 онд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дохиолол холбооны албанд аккумуляторчин, холбооны жижүүрийн механикч, 1961 оноос Төмөр замын нийгэмлэгийн Дохиолол холбооны албаны харьяа Төв аймгийн Баян сум дахь Мааньт өртөөнд холбооны ахлах техникчээр тус тус ажиллажээ.
Чөлөөнд байсан ахмад Ө.Найданг 1945 оны Чөлөөлөх дайнд үүргээ нэр төртэй биелүүлсэн, энх цагийн бүтээн байгуулалтад залуу төмөр замчин болон холбоочдыг бэлтгэх, сурган дадлагажуулах ажилд онц идэвх зүтгэл гаргасныг нь төр, засгаас өндрөөр үнэлэн 1945 онд Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” медаль, 1951 онд “Алтан гадас” одон, 1946 онд Байлдааны хүндэт медаль, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль, 1956 онд “Алтан гадас” одон, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль, 1981 онд Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар тус тус шагнажээ. Мөн дайнд оролцож явсныг нь өндрөөр үнэлэн тухайн үед Батлан хамгаалах яамны сайд асан хурандаа генерал Ж.Ёндон Байлдаанд оролцогчийн үнэмлэх, тэмдгийг нь өөрийн биеэр гардуулан өгчээ.
Ө.Найдан төмөр замын салбарт 24 жил тасралтгүй ажиллаад 1975 онд гавьяаныхаа амралтад гарсан ажээ. Тэрбээр Дундговь аймгийн харьяат Балдангийн Лхамсүрэнтэй 1948 онд гэр бүл болж хувь заяагаа холбосон бөгөөд өнөөдөр тэдний охин Н.Зина, хүү Н.Даваасүрэн, охин Н.Бийширмаа нар нь мэргэжил эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар яваад нь талархал илэрхийлье.
Халхын голд хатуужсан хатан зоригтны нэг сэн
Ховд аймгийн Манхан сумын харьяат Өлзийн удаах хүү Бугалжаа нь тус сумын Баянгол хэмээх газар 1916 оны гал луу жил мэндэлжээ. Тэр бээр нутагтаа мал маллаж амьдарч байгаад 23 насандаа цэрэгт татагдан 1939 оны Халхын голын байлдаанд оролцон өөрийн эх орноо харийн дайснаас батлан хамгаалах ариун үүргээ шударгаар биелүүлсэн зоригт дайчдын нэг юм.
Энэхүү Халхын голын байлдаанд тэр бээр их бууны наводчик, тагнуулын ахлагч албан тушаалтайгаар гарамгай байлдагчдын жагсаалтын 49-д бичигдсэн ба нэн тэргүүний дайчин гэгдэж байсан дурсамж түүний намтарт мөнхрөн үлджээ. Тодруулбал, сум шунгинан исгэрч, бөмбөг дэлбэрч байсан ч байлдааны цагийн тушаалыг ямар ч үед сайн гүйцэтгэж, амьд хэл олныг барьсан тул дайны фронт дээр Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан цөөхөн цэргийн алба хаагчдын нэг нь Ө.Бугалжаа байсан юм.
Түүний байгуулсан гавьяа удах тусам үнэлэгдэн Халхын голын ялалтын 30, 40, 50 жилийн ойн баярт зориулсан ёслолын ажиллагаанд уригдан оролцсон аж. Дайны талбарт амь үрэгдсэн дайчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцгийн мандлаар харууслаа илэрхийлэхдээ “Дайн гэдэг хэчнээн аймшигтай, дарийн утаа дахин бүү үнэртээсэй” хэмээн харуусан толгой гудайн зогссон тухайгаа хуучлан дурсамжаа үлдээжээ.
Дайн дуусаж, дарийн утаа эх орны минь хөх тэнгэрээс замхрах даруй өөрийн төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ээж, дүү нартаа эргэн очиж, өнөр гэр бүлтэй болсон ба энх цагийн хөдөлмөрт хүчин зүтгэжээ. Ө.Бугалжаа нь сум, багийн дарга, сумын нарийн бичгийн дарга, сургуулийн комендант, “Баясгалант амьдрал" нэгдлийн тариа бригадын даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, үлгэр жишээчээр хөдөлмөрлөсөн тухай Манхан сумын ойд зориулсан дурсамжийн номд бичжээ. Түүний ажилласан жилүүдэд Хар усны тарианы талбайгаас га тутмаас нь 14-16 центнер ургацыг хурааж нэгдлийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, нэгдлийн гишүүдийн аж амьдралыг дээшлүүлэхэд ихээхэн үүргийг гүйцэтгэсэн ажээ. Тэр бээр удирдан зохион байгуулах ажлын арвин туршлагатай, алиа хошин, угийн дуу цөөтэй ч дайн гэж юу болох, үхэл хагацал, өнчрөл харуусал гэж юу байдгийг Халхын голын байлдааны үеэр мэдэрсэн бөгөөд үр хойч, залуустаа сургаал, сургамжаа хайрлан тэдэнд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нь бахдалтай.
Дайны талбарт ч, энхийн хөдөлмөрт ч түүний байгуулсан эрхэм гавьяаг төр, засгаас өндрөөр үнэлэн Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол хүртээж, Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” медаль, Улс, Хувьсгалын болон Халхын голын байлдааны ойн медалиудаар шагнаж байжээ.
Дайны талбарт ахтайгаа уулзсан дайчин түүхтэй…
Нутгийн ард олон Майдар эргэх гээд явчихсан үед ээж нь ганцаараа байхад гэнэт өвдөж Ардын хувьсгалтай эн чацуу Ө.Ламсан төрсөн аж. Тухайн үед хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хоёр орос түүнийг эх барин авчээ. Ингээд орос хүн эх барьж авсан болохоор нь Оросоо гэдэг нэр өгсөн боловч айлгаад болохгүй болохоор нь нутгийн нэгэн номтой лам дээр очиход “Нэр нь таараагүй” гэснээр Ламсан хэмээх нэрийг хайрласан тухай түүний бага охин Л.Дашмаа дурссан.
Ө.Ламсанг балчир байхад түүний эцэг Өлзий нь 37 насандаа өвчний учир хорвоог орхисноор хар нялхаараа өнчирч хоцорсон ч эхийн хайр, ах, эгчийнхээ ивээлээр хүний зэрэгт өсөж торнин 18 насандаа цэргийн албанд татагдсан юм. Тэр Ховдын хороонд цэргийн албаа хааж Ховдоос Улаанбаатар хот руу мориор явсан гэх ба улмаар Матадын 8 дугаар дивизийн их бууны ангид хуваарилагджээ. Ийнхүү цэргийн алба хаах хугацаандаа Чөлөөлөх дайнд оролцон Жанчхүүгийн даваа, Жэхэ хот, Долоннуур хүртэл дайтаж явсан ахмад дайчин байжээ.
Ө.Ламсан дурсамждаа “Дайсан ч гэлээ, хүний өөдөөс буу шагайх ч бас эвгүй. Нэг хоёрыг цааш нь харуулсны дараа л зориг ордог юм билээ ... “ хэмээн бичиж, дайны хүнд хэцүү үеийн тухай нутгийн хүүхэд, залууст байнга харамсан ярьдаг байжээ. Түүний эх орныхоо төлөө тэмцэж, энхийн цагт хөдөлмөрлөж явсныг нь үнэлж Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” медаль, Халхын голын байлдааны ялалтын болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан бөгөөд тэрээр сумын аварга малчин, аймгийн хошой аварга малчин, аймгийн алдарт уяач цолыг хүртсэн эрхэм юм.
Хожим Ө.Ламсан багийн агент, хэсгийн ахлагч, “Баясгалант амьдрал” нэгдэлд хоньчин, тэмээчнээр тасралтгүй 34 жил ажиллажээ. Тэрээр хурдан жороо морь уяж, уралдуулах авьяастай, шатар их тоглодог, найраг уртын дууг сайхан дуулдаг, эр хүний бүхий л сайхан шинжийг өөртөө агуулсан эрхмийн дээд эгэл хүмүүн байжээ. Мөн хурдан морийг шинжихдээ нутаг усандаа гаргууд нэгэн бөгөөд түүний уясан хүлгүүд нь сум, аймгийн наадамд олон ч түрүү, айраг авсан. Тэрчлэн түүний заавраар хурдан морь уях эрдэмд суралцсан олон уяачид бий шүү хэмээсэн охидынх нь дурсамжийг дэлгэн суугаа минь энэ билээ.
Энд нэгэн түүх сөхөхөд, Ө.Ламсан Чөлөөлөх дайнд оролцож явахдаа өөрийн том ах Ө.Найдантайгаа уулзах хувь тохиолдсон боловч ах нь: “Өөрийнхөө суманд өртүүзэй, сахилга хариуцлагатай байдаг юм шүү” гэж хэлээд явахад нь ихэд гомдож байсан тухай хуучилжээ.
Ийнхүү өөрийн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулан дайн, байлдааны талбарт исгэрэх сум, тэсрэх бөмбөгийг сөрж, эрэлхэг зоригтой байлдсан Ө.Найдан, Ө.Булгажаа, Ө.Ламсан нарын ахан дүүс шиг нэр нь тодроогүй дайчин эрс олон бий. Тэдний эх орон, элгэн садан, хайртай бүхнийхээ төлөө амиа ч үл хайрлан тэмцэж явсан баатарлаг үйлсийн түүхийг бид хэзээ ч мартахгүй бөгөөд тэднийгээ өнө мөнх дурсаж, үүрд мөнхжүүлэх учиртай.
Тус нийтлэлийн эх сурвалж нь "Соёмбо" сонин,Хурандаа Б.Отгонбаяр юм.