Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх нутгийнхаа алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэн, Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаагаар ажлаа эхлүүлсэн юм.
Тус үйл ажиллагаа аймгийн Тэмүжин театрт болсон бөгөөд авьяаслаг хүүхдүүд уран бүтээлийнхээ дээжээс толилуулан Ерөнхийлөгчийг угтсан. Ийнхүү Баянхонгор аймгийн 337 ээж "Алдарт эх"-ийн одон хүртсэнийг гардуулж, баяр хүргэв.
Мөн үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ, “Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг юм. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэдгээ онцолж байлаа.