Дорноговь /МОНЦАМЭ/.Тухайн жилдээ хийсэн ажлаа хэрэглэгчдэд хүргэдэг тариаланч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн оролцдог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 17 дахь жилдээ боллоо.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн шилдэг бараа, бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээжийг хэрэглэгч олонд шууд хүргэх боломжийг олгодог үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ-аас төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-тэй хамтран явуулсан байна.
Үзэсгэлэн худалдаанд 12 сумын 70 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл оролцож хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, орон нутгийн онцлогийг илтгэсэн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулав.
Шилдэг төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчээр Эрдэнэ сумын тариаланч Х.Чулуунбаатар, шилдэг хоршоо, нөхөрлөлөөр Даланжаргалан сумын “Далантүрүү” нөхөрлөл, шилдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр Сайншанд сумын “Монда” урлан, шилдэг өрхийн үйлдвэр эрхлэгчээр Иххэт сумын иргэн О.Даваа, шилдэг сав баглаа боодол нэвтрүүлэгчээр Даланжаргалан сумын иргэн Д.Эрдэнэчимэг нар шалгарав.
Харин шилдэг тарвас үйлдвэрлэгчээр Сайншанд сумын иргэн П.Нарантуяа, шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгчээр Сайншанд сумын иргэн Г.Боль, шилдэг даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Сайншанд сумын иргэн Д.Мөнхжаргал тодорчээ.