Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн
хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулж байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт 411 420 өрхийн 1 466 125 хүн оршин сууж байна. Нийслэлийн хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон байна.
Нийслэл хотын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 32.5 хувь, 15-64 насны хүн ам 63.2 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.3 хувийг эзэлж байна. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 28.7 болсон нь хүн амын тэн хагас нь 28.7-оос доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна.
Арав, түүнээс дээш насны хүн амын 95.9 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 99.5 хувь нь бичиг үсэг тайлагджээ. Нийслэл хотын 6 ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 91.2 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 76.0 хувь нь интернэт хэрэглэгчид байна.
Нийслэлийн хэмжээнд 36.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 2.5 хувийг эзэлж байна.
Нийт хүн амын 5.9 хувь нь буюу 91.2 мянган хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.