Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

 
Эрх баригчдын эргэж буцсан, бодлого төлөвлөгөөгүй шийдвэрийн горыг энэ жил хоёр настнууд хамгийн их хүртэж байна. Учир нь анх тэднийг халдварт өртөх эрсдэл өндөртэй гэж үзсэн учраас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь бодож  цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Дараахан нь хэсэг эмэгтэй гишүүд “Хоёр настай хүүхдээ хараад эцэг эхийн орлого тасалдлаа. Тиймээс хүүхэд харах үйлчилгээг нээж өрхийн орлогыг дэмжье” хэмээн хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон. Ингэснээр 3000 хоёр настан энэ сарын 15-наас хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн. Гэхдээ дээрх хоёр тэрбум төгрөг бол зөвхөн 2020 оны арванхоёрдугаар сарыг дуустал ажиллаж хүрэх мөнгө гэдгийг “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос мэдэгдсэн.
 
Гэтэл яг үүнтэй зэрэгцэн Засгийн газар хоёр настнуудыг энэ сарын 21-нээс цэцэрлэгт хамруулах болсноо ээлжит бус хуралдаанаараа зарлаж, бүртгэл нь эхлээд байна. Нэг ёсондоо хоёр настнууд Засгийн газрын тоглоом болчихлоо. БШУЯ мэдэгдэл гаргаад цэцэрлэгүүдээ нээхээр хоёр настнууд өвчинд өртөөд, хүүхэд харах үйлчилгээний төв эсвэл Засгийн газрын шийдвэрээр нээсэн цэцэрлэгт хамрагдахаар өвчин тусахгүйгээр хөгжөөд, мэдлэг олж аваад байх аж.
Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг нээх сургаар тус төвүүдийн орчин нөхцлийн тухай асуудал сөхөгдөх ёстой. Энэ талаар “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн С.Шүрэн-Эрдэнээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 160  орчим хүүхэд харах үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шаардлага хангахгүй төв ганц ч байхгүй. Бүгд хүүхэд харах үйлчилгээний төвийн стандартыг хангасан” хэмээн мэдээлж байв.  Гэтэл БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар лхагва гаригт “БШУЯ-наас  хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн хүүхэд харах үйлчилгээнд хоёр настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж байна. Өмнө нь бид хүүхэд харах үйлчилгээг энэ сарын дундуур эхлүүлнэ гэж мэдээлж байсан. Гэвч хүүхэд харах үйлчилгээний төвүүд ариутгалаа хийлгэж, хүүхдүүдээ хүлээж авах орчноо бүрдүүлээд энэ сарын 21-нээс эхлэн жигд ажиллах боломжтой гэсэн шийдвэр гарсан. Үндсэндээ хүүхэд харах үйлчилгээ, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил зэрэг эхэлнэ. Зөвхөн хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хоёр настай хүүхдийг харах эрхийг өгнө. Тоон мэдээлэл баасан гаригт /өнөөдөр/ гарна” гэсэн юм. Энд өмнө нь дурдаж байсан өнөөх зөрчилтэй шийдвэр цухуйж байна. Учир нь хүүхэд харах үйлчилгээний төвүүд нь “160 орчим төв 3000 хүүхэд хүлээж авахад бэлэн” гэсэн бол БШУЯ “Шалгалт хийсний дараа хэдэн төвд хэчнээн хүүхэд хамруулахаа шийднэ” гэсэн хариу өглөө. Гэхдээ хүүхэд нь цэцэрлэггүй үлдчихээд ажлаа ч хийж чадахгүй байгаа эсвэл хүүхдээ гэртээ үлдээчихээд тайван ажиллаж чадахгүй, яаран сандран гэр рүүгээ гүйж байгаа эцэг эхчүүд Засгийн газрын энэ шийдвэрт найдаж, санаа амрах хэрэггүй л болов уу.
 
Цэцэрлэг хэвийн горимд шилжиж нэг ангид 20-25 хүүхэд суралцах ёстой гэсэн журам цуцлагдсан ч цэцэрлэггүй үлдсэн таван настнаа хамгийн эхэнд бүртгэж, элсүүлнэ гэж БШУЯ мэдээллээ. Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Өнөөдөр улсын хэмжээнд 79 мянга гаруй таван настай хүүхэд байгаагаас 13 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдсэн. Цэцэрлэгт орж чадаагүй таван настнуудыг дахин хамруулах ажлыг зохион байгуулж байна” гэсэн юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ сарын 1-нд сургалт эхлэхэд таван настнуудаа 100 хувь хамруулсан гэж мэдээлж байсан билээ. Гэтэл одоо болохоор 13 мянган таван настан нь цэцэрлэггүй үлдсэн гэлээ.
Хэдийгээр хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар боллоо гэсэн ч цэцэрлэггүй үлдсэн 3-5 насныхан давуу эрхтэйгээр эхэнд нь элсэж, үлдсэн багахан зай талбай, анги танхимд нь цөөн тооны хоёр настан элсэх нь тодорхой боллоо. Хэрэв цар тахлын үеийн журмаа хэдхэн хоноод цуцлах байсан бол энэ сарын 1-нээс бүртгэлээ явуулаад бүх таван настнаа авсан бол эцэг эх, хүүхдүүд аль алинд нь амар байх байлаа. Ажил, сургууль, цэцэрлэг эхэлчихсэн байхад дахин цэцэрлэгийн бүртгэл гээд бужигнах нь. Хоёр настнууд байтугай 3-5 настнуудаа бүрэн гүйцэд цэцэрлэгт хамруулах бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй л аравдугаар сартай золгох нь. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 1439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний 910 нь төрийн өмчит, 529 нь хувийн цэцэрлэг байна.  Энэ жил төрийн 21 цэцэрлэг шинээр нэмэгдсэн ч хувийн 17 цэцэрлэг хаалгаа барьснаар улсын хэмжээнд дөрвөн цэцэрлэг нэмэгдсэн байгаа юм. 
 
Жил бүр олон мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг. Өнөөдрийн байдлаар 8122 бүлэгт 263333 хүүхэд суралцаж байна. Энэ нь 3-5 насны нийт хүүхдүүдийн 85.7 хувь гэж БШУЯ мэдээлсэн. Гэвч энэ тоо зөрүүтэй болохыг дээрх мэдэгдэл баталж байгаа юм.  ХОЁР НАСТНУУДЫН ХӨСӨРТ ХАЯГДСАН ХӨГЖИЛ
 
Эргэж буцсан энэ шийдвэрийн улмаас хүүхдүүд хохирч үлдлээ. Цэцэрлэг ханиад томуутай эсвэл халуурсан шинж тэмдэгтэй хүүхдийг авахгүй байхаар зохицуулжээ. Гэтэл аравдугаар сар гарав уу, үгүй юу томуу хэмээх “тахал” хүүхдүүдийг угтана. Улсын хэмжээнд ханиад томуугаар өвчилсөн нийт хүний 70 хувийг 0-4 насныхан эзэлдэг. Жил бүр томуугаар олон хүүхэд нас бардаг ч үүнд анхаарлаа хандуулж, санаа зовнидог хүн нэгээхэн ч үгүй. Ярьдаг атлаа юу ч хийдэггүй, байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг болчихсон энэ нийгэмд бугшсан асуудлын нэг нь томуу. Тэгэхээр хоёр настнууд энэ жил цэцэрлэгт хамрагдана гэж найдах хэрэггүй. БШУЯ “Хоёр настнууд өвчинд хамгийн өртөмтгий, амархан хүндэрдэг. Өнгөрсөн жил зарим цэцэрлэгт томуу туссанаас нэг хоёр настан ирээгүй байсан. Тиймээс хоёр настнаа гэрээр харах нь тэдний эрүүл мэндэд тустай” гэж мэдэгдээд байна. Энэ нь хоёр настнуудыг авахгүй гэсэн санаагаа илтгэж байгаа юм.
 
Монгол Улс өвчинд өр­төмтгий, цэцэрлэг хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар хоёр настнуудаа жийж, гэрт нь цоожилж байхад олон улсад хоёр настнуудынхаа хөгжилд илүү анхаарч байна. Учир нь хүний төлөвшлийн эх суурь бага насанд тавигдахын сацуу нас бага байх тусмаа аливаа зүйлийг сурах нь хурдан байдаг гэж үздэг байна. Ялангуяа гурваас доош насныхны ой тогтоолт сайн байдаг тул энэ үед нь тоо, үсэг, өнгө, ямарваа эд зүйлсийн дүрсийг нь цээжлүүлэхэд анхаардаг аж. Багаас нь уншиж, тоо бодо­хыг сургаснаар хүүхдийн тархийг хөгжүүлж ирээ­дүйд ямар ч сургуульд төвөг­гүй амжилттай сурах боломжийг нээж өгч байгаа юм. Хүний хамгийн юм сурах чадамжтай нас таван наснаас өмнө байдаг.  Тэр  үе нь өнгөрчихөөр бага шигээ аливаа зүйлийг хурдан тог­тоож цээжилж чадахгүй ачаа­лал даахгүй болчихдог аж.
1-3 насанд хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоо хурдан хөгжиж хөдөлгөөний идэвх сайжирдаг. Тэр дундаа хоёр нас хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе байдаг.  Энэ үедээ хүүхэд бусдыг даган дуурайж, хөдөлж, гүйж, нийгмийн харилцаанд орж байж орчинтойгоо танилцаж, тархи, сэтгэлгээ нь тэлж, хөгжлийн сууриа тавьж байдаг.  Хоёр настай хүүхдийн тархины үйл ажиллагаа нарийсч танин мэдэх үйл ажиллагаа нь сайжирч том хүний хэл яриаг ойлгохдоо сайн болно. Хоёр насанд 200 орчим үгийн нөөцтэй болж өөрийн эрхтэнүүдээ зааж чаддаг болдог юм. Эрт суралцаж эхэлсэн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд ангидаа шилдэг нь байж их сургуулиа амжилттай төгсөж цаашдын ажил, мэргэжил амьдралд нь ч эерэгээр нөлөөлдөг талтай. Тиймээс олон улсад сургуулийн өмнөх боловсролоо хамгийн чу­халд тавьдаг. Гэтэл манай боловсролын системд цэцэр­лэгийн хөгжил орхигд­чихсон байдаг нь харамсалтай. Мөн дэлхий нийт хүүхдэд зурагт үзүү­лэх­дээ нэг удаад 15-30 минутаас илүүгүй хугацаагаар ялангуяа, гар утас, компюьтерээр тоглуулахдаа 10 минутаас хэтрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэтэл манай улсад ид хөгжиж, олон зүйл сурч мэдэх насан дээрээ хоёр настнууд гэртээ өглөө­нөөс орой хүртэл зурагт үзэж эсвэл ухаалаг ут­саар тоглож өдрийг өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрэв. Монгол Улсын ир­гэн болж төрснийхөө төлөө боловсрол, хөгжил нь орхиг­дох тавилан таны, бидний хүүхдийг хүлээж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ