Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутгийн сонгуулийн дараа намууд хэнийгээ Хотын дарга болгох талаар ингэж ярьж байна



Орон нутгийн сонгуулийн санал хураалт болоход ердөө сар хагасын хугацаа үлдлээ. Хэдхэн хоногийн дараа намуудаас нэр дэвшигчид тодорч, сонгуулийн ажил албан ёсоор эхэлчихнэ.
Томоохон намуудын сонгуульд бэлдэж, оролцож байгаа байдлаас харвал АН-ынхан харьцангуй хөдөлгөөнтэй ажиллаж байна. МАХН, бусад намуудтай хамтарсан акц зохион байгуулж, үндэсний эрх ашгийн төлөөх томоохон “сэдэв”-ийг барьж авч дуугарсан.
Аль ч намын хувьд хамгийн гол анхаарлаа хаядаг жишгээр АН ч хотод төвлөрчээ. Нийслэлийн АН-ын даргаар Баянзүрх дүүргийн АН-ын дарга асан Д.Пүрэвдавааг сонгож томилов.
Д.Пүрэвдаваагийн хувьд “...Баянзүрхийн” гэдэг овогтой шахам болчихсон. 2012 оноос хойш энэ дүүрэгт удирдлагын үүргийг гүйцэтгэж ирсэн. 2016 онд МАН улс даяар ялахад нийслэлд дүүргээ авч үлдсэн дарга нарын нэг нь Д.Пүрэвдавааг гэдэг. Дүүргийнх нь ИТХ дахь МАН, АН-ын харьцаа харьцангуй ойрхон байсан учраас өнгөрсөн дөрвөн жилд тасралтгүй “цагийн манаа”-нд зогсож байж өнөөдрийг хүрч байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг нааш нь цааш нь болгосон шүүхийн шийдвэр байнга гарч, дүүргийн байр руугаа МАн дайрч, АН хамгаалсан явдал олон болсон.
Ерөнхийдөө энэ дүүргийнхэн тэмцэж чаддаг гэдгээ өнгөрсөн жилүүдэд харуулсан. Тэр ч байтугай Баянзүрхийн АН-ынхан АН-ын дарга С.Эрдэнийгээ эсэргүүцэж Ардчиллын ордныхоо өмнө жагсаж, суулт хийж байлаа.
Тэгэхээр УИХ-ын сонгуулиас хойш нэлээд урвагар байсан АН-ынхан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын дарга болсноос хойш лав хотод хөөрхөн сэргэчихээд байна. Хийж буй улс төр, акцуудаас нь та бүхэн харж байгаа биз.
Өөрөөр хэлбэл, АН-ынхан нийслэлд Д.Пүрэвдавааг “туг”-аа болгож байх шиг байна. Мөн “...АН хотод ялсан нөхцөлд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг Хотын дарга болгоно” гэх аман сурталчилгааг явуулсан байна. Байж болох л сонголт юм.
АН-ынхан хэнийгээ ямар түвшинд үнэлэх нь энэ долоо хоногийн сүүлчээр улам тодорхой болно.
Харин МАН-ынхан ерөнхийдөө унтаа байдалтай байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар намаа авч гарсан гэж магтуулаад байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд одоо найдах хэрэггүй болж байх шиг байна. Учир нь У.Хүрэлсүхийн өндөр нэр хүнд “МЭК” ХХК-ийн 2020 оны наймдугаар сарын 19-24-ний хооронд хийсэн судалгааны дүнгээр огцом уналттай байгаа гэсэн дүнтэй гарчээ.
Энэ нь COVID-19 цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дагавар тааруухан байгаа, ЖДҮ-гийн зээл авсан улстөрчдийг Засгийн газартаа томилгоонд хамруулсан зэрэг дөрвөн шалтгаанаас үүдэлтэй гэжээ. Энэ ч аргагүй биз. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь ЖДҮ-д холбогдож хариуцлага хүлээн ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилсон нь олны шүүмжлэлийг дагуулаад байв.
Нөгөөтэйгүүр, НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн “сонирхохгүй” байгаа нь анхаарал тататж байгаа юм. Тэрээр хэдийгээр МАН-ын генсек боловч хотын ажилд хуруу дүрсээр ирсэн. Харин энэ удаад тэгэхгүй бололтой байна.
Тиймээс Орон нутгийн сонгуулийн үеэр хотоо Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар мэдэж таарах нээ гэсэн үг. Нийслэлийн МАН энэ сонгуульд боловсон хүчний ямар бодлого барих вэ, стратеги юу байх вэ гэдгийг Д.Сумьяабазар шийднэ.
Гэхдээ Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн хүн. Тэгэхээр МАН ялахад Хотын дарга болох боломж одоохондоо хуулиар хориглогдоно. Иймээс хэнийг Хотын дарга болгох вэ гэдгээ бусад намын адил зарлах хэрэгтэй болж байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр МАН-ын дээд удирдлагын түвшинд “...Хэрвээ МАН Орон нутгийн сонгуульд ялалтаа баталгаажуулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар одоогийн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун байж болох юм” гэсэн яриа хөөрөө хийж эхэлсэн байна.
 
 
Б.ГарьдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ