БНХАУ-д өгөх 30 мянган хонийг хэсэгчлэн хилээр нэвтрүүлэхээр болсон байна. Эхний ээлжинд 15 мянган хонийг ирэх сарын 15-нд хилээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ эдгээр хонийг Дорноговь аймагт худалдан авч, вакцин, угаалгад хамрагдсан зэргээр эрүүл ахуйн шалгуур тавьж төвлөрүүлэх юм байна.
Дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар анх тархсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн юм. Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан бөгөөд Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар 30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар хэлэлцэн, ийнхүү 30 мянган хонийг хоёр хэсэгт хувааж, амьдаар нь хил гаргахаар болжээ.