МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай "Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хүргэлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх" удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ