Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнжүүлийн хөх уулс дундаас...


Зоосрон цайрах Зоргол хайрхны хормойд “Боржигоны бор тал”-ыг урин дуудаад, “Алсын газрын зэрэглээ”-г асга хаданд нь цуурайтуулсаар ирлээ.  Улаанбаатараас 150 км-ийн алсад тийм сүрлэг хайрхан, дүнхгэр уулс Өнжүүлийн хөх уулс дундаас хараа булаан торолзоно гэж бодсонгүй. 
Угтаа бид Монгол Улсын алдарт уяач Данзангийн Санжмятав гэж нутаг усандаа төдийгүй улс түмэндээ нэр алдар нь домог мэт яригдах хэрнээ өөрөө төдийлөн олны өмнө тодорч гийгээд байдаггүй эгэл даруухан буурайг зорьж явсан нь энэ ээ. Аяны замд цайран цайран бороо асгаж, төд удалгүй хивс шиг зүлэгт ногоон талын үзэсгэлэнг улам тодруулах гэсэн шиг тэнгэрийн энгээр солонго татах юм. 
Балчирхан насандаа сан бол толгод давж амжилгүй, наран ээвэр энгэрт нь тогтон тохуурхах солонгын үзүүрээс барих гэж гүйх сэн. Даанч...Байгалийн үзэгдэл, хүний чанар хоёрт хэдийн дасал болчихсон, ой ухаант нэгэн болжээ. 
Агь таана, ганга, цээнэ үнэртсэн талаар бартаа саадгүй л бол давхиад л байхын сайхан нь энэ. Аялалын замд дөрөө харшуулж, ганзага нийлж яваа нөхдийн хошин яриа, ажил, амьдралын нэгээхэн хэмнэлээсээ алсарч аялсан дуу, уншсан шүлэг бүрийн уянгад автан явахын сайхныг хол ойрын хөдөөгийн замд гарах бүртээ мэдрэх яагаад ч юм сайхан. Гэвч хол замд жолоочоо төдийгүй хэн нэгнээ уйдаахгүй гэхдээ аль мэддэг дуу, шүлэг, онигоо, болсон явдлаа түүвэрлэн яривч хүн бүр дотоод “хүн”-ээ сонсох, бодол, ухаан санаагаа бясалгаж, өөрөө өөртэйгөө тэрхэн хоромд байгаа нь анзаарагдана. Тиймээс үе үе Өнжүүлийг зорьсон багийнхан чимээ алдан дүнсийж, гэнэ гэнэтхэн дуу орон цангиналдах нь баясалтай.
Орчин цагийн залуусын дунд хит болоод байгаа “Ганган цагаан”-аас эхлээд “Алсын газрын зэрэглээ”, “Цомбон туурайтай хүрэн”-г санагалзан шуранхайллаа. Дуу бүхний утга, аялгуу, төрсөн түүх, дуулж амилуулсан дуучин, дуучных нь намтар гавьяа, ахуй замналыг нь хөвөрдөн ярьсаар урт холын замыг барах нь таатай. Ийн явсаар нар жаргах үест нутаг олондоо “Миат” хэмээн алдраа авгайлуулсан Д.Санжмятав гуайн зуншиж буй хотонд ирлээ. Өвгөн уяачийнх гурван гэрээрээ зусаж байна. Үхэр, хонио хотлуулчихсан малчин айл саахалтын бараанаас андашгүй. Машины чимээнээр банхрын хуцах дуун сонсогдож, нүдний хараанд бөмбийн цайрах гурван гэрийн баруун айлаас гийчин тосохоор хүн нохой хорино. Хашир уяач бууриа сонгохдоо наран ээвэр газрын хэвгий барааджээ. Тэдний зусаж байгаа энэ дэнжээдийг даваад, замаасаа хазайхгүй давхивал их найрагчийн өлгий нутаг Төв аймгийн Баян-Өнжүүлд саатна.
Хэдий бидний зам Өнжүүлийн хөх уул Зоргол хайрхан ч гэлээ энэ жил 92 насны босго алхаж буй “Миат” гуайнх замд зусаж байгаа гэх сураг сонсогдсон тул ийн зорьж, саатсан хэрэг.  Гурван гэрийн зүүн талынх нь Д.Санжмятав гуайнх гэнэ. Гэрийн тооноор лааны гэрэл сүүтийнэ. Яваад орвол Мятав гуай хэдийн хажуулджээ. Унаган хүлгээ сумын наадмаас эхлээд аймаг, улсын наадамд хэдэн арван удаа түрүүлгэж, уяачдын дунд төрөлхийн морь таньдаг эрдэм чадлаараа гайхагдаж явсан энэ бууралтай хөөрөлдсөн яриагаа дараа багцлах тул энд хүргээд аяны тэмдэглэлээ дүүргэе. 
Алтайн хөх салхинд илбүүлж, ааш нь олдохгүй хорвоогийн салхинд хөх уулс шигээ хөхөрсөн хэдэн өвгөчүүд минь, үүлэн чөлөөний нар шиг халуун илчтэй. Ийм илч, өөрийг нь зорьсон биднийг хараад магнайгаа хагартал баярлан байх нь Мятав гуайгаас андашгүй. Бид буурал уяачтай хөөрөлдсөөр шөнө хагасалсан тул сэтгэлдээ нар мандаагаад, сумын төвийг зорилоо. 
Тас харанхуйд ч тунаран цайрах тэднийхээс Баян-Өнжүүл хүрэх зам торго шиг зөөлөн, дардан байв. Ай халаг, хэдэн зууны салхинд элэгдэх нь үгүй уулс шиг хөхрөн байх намхан бор толгодын альхан энгэрт нь ийм эгэл даруухан, уужмаас уужим сэтгэлтэй, мэдлэгийн охь болсон буурлууд минь сэтгэлээ онгойтол хойч үедээ хамаг залуу насныхаа гал дөл шиг он жилүүдийн алдаа, оноо бүхнийг уудлах сан гээд хүлээж байдаг юм бол доо гэх бодол эрхгүй төрнө. Сайн хүний сайхан наслахыг харах юутай сайхан бэ. 
Ийн бодоод, Өнжүүлийг зорихуйд их найрагчийн шад шүлэг аманд эрхгүй хэлхэгдэнэ. 
Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины нь үзүүрийг залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь... 
гээд л мөр, бадаг юуг нь мэдрэмжээ ханатал уншиж, сая нэг сэтгэлээ “цатгав”. Энэ л байж шүү дээ. Юутай амьд, халуун мэдэрч, “Боржигоны бор тал”-аа монголчууд, хүн төрөлхтний оюун санаанд үгээр зурж үлдээгээд, бидний дундаас явсан юм бэ, Бавуугийн Лхагвасүрэн гэж эрхэм, сод хүмүүн. Баян-Өнжүүлийг зорих сар асгарч, салхи сэвэлзэж, агь хоолойд аргасан ийм л хоромд  “Боржигоны бор тал”-ыг уншиж байж сэтгэл сая дүүрдэг ажээ. Ийм л уянга, нэхэн санасан дурсахуйгүй бол сэтгэл нэг л хоосон.
Бид өглөө эртлэн Өнжүүлийн баруун урдаас мэлтэсхийн тосох Зоргол хайрхан уулыг зорилоо. Нүд алдам сүрлэг, үзэсгэлэнт хайрхан гэж энэ л болов уу. Зоосрон цайрах Зоргол хайрхан сумын төвөөс 20 гаруй км-т дүнхийн үзэгддэг. Нутгийн олны шүтээн болсон энэ хайрхны зүг сэтгэлдээ сайныг урин дуудсаар бэлд нь буулаа. Өөрийн эрхгүй дуу алдаж, сэтгэлд тийм гэхийн эцэсгүй сүсэг төрснөө нуумааргүй. “Энэ хайрхныг дэргэдээс нь харж байж сайхныг нь биширнэ дээ” хэмээн газарчилсан сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Дэлгэрмаа гэх бүсгүйн хэлснээр энд том, жижиг гурван агуй бий бөгөөд хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэдгийг нь олж мэдэв. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай аж.
Зоргол хайрхны чанх урдаас хэцлэн үзэгдэх хадат толгойг “Морин цохио” гэх бөгөөд нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахиж, бэсрэг наадам хийдэг уламжлал тогтсон гэнэ. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “Хийморийг нь сэргээдэг” гэдгийг тэрбээр онцоллоо. Энд рашаантын ам гэж уул, ус мод, ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байх аж. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хад байдгийг Дэлгэрмаа бидэнд зааж, харууллаа. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг гэнэ. Үнэхээр ч санаа сэтгэл дагасан уу, хайрхны бэлээс жаахан алсхан зогсоод ажвал согооны дүрс үзэгдэх. Домог нь ч тун сонин. 
Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно илийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж, илээ чулуу болгон үлдээгээд, явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв. Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул юмсанжээ. Уул нь хүртэл домгийн шившлэгтэй ус нутаг, Монгол минь ээ. Таны альхан хэсэгт хүрсэн ч яндаж болшгүй баялаг, яруухан үзэсгэлэнг тань бишрээд ханамгүй юм аа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ