
Израиль, Хамас хоорондын гал зогсоох хэлэлцээ өнгөрсөн аравдугаар сард хүчин төгөлдөр болсон. Энэ хүрээнд гал зогсоох, тагнуул, хоригдлуудын солилцоо болон хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхлээд буй.
Тэгвэл гал зогсоох хэлэлцээ хэрэгжиж эхэлснээс хойш Газын зурваст өлсгөлөн байхгүй болсон гэдгийг НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага "IPC" Баасан гаригт /2025.12.19/ мэдэгдэв. Тус байгууллагын мэдэгдэлд "Мөргөлдөөн мэдэгдэхүйц багасч, энх тайвны төлөвлөгөөг санал болгон, хүмүүнлэгийн болон арилжааны хүнсний хүргэлтийн хүртээмж сайжирснаар Газын зурвас дахь хүнсний аюулгүй байдлын нөхцөл сайжирсан. Одоогоор өлсгөлөнгийн ангилалд аль ч бүс нутаг ороогүй байна" гэжээ.
Газын зурвасын зарим хэсэгт "хүний үйлдлээс улбаатай" өлсгөлөн нүүрлээд байгааг тус байгууллага өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв. Энэ нь хүнсний тусламжийн машинуудыг хилээр оруулахгүй байсантай холбоотой.
Нэг үеэ бодвол нөхцөл байдал харьцангуй дээрдсэн ч гэлээ санаа амрах болоогүйг "IPC" онцолж байна. Сайжруулалтаас үл хамааран Газын хүн амын ихэнх хэсэг хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд хэвээр байна. Одоогийн тусламжууд зөвхөн амьд үлдэх үндэн хэрэгцээг хангах төдий л байгаа аж. Мөн нөхцөл байдлыг илүү сайжруулахгүй бол дахин хурц өлсгөлөнд нэрвэгдэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг анхаарууллаа.
Хамгийн муу тохиолдлыг авч үзвэл, мөргөлдөөн дахин сэргэж, хүмүүнлэгийн болон худалдааны урсгал саатах магадлалтай. Энэ тохиолдолд Газын хойд хэсэг, Дейр аль-Бала, Хан Юнис гэх мэт хэсэг ирэх оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл өлсгөлөнгийн эрсдэлтэй тулгарна гэв.
"IPC" наймдугаар сард анхааруулга гаргаж байхад Израиль эсрэгээрээ Газад өлсгөлөн байгааг эрс няцааж байлаа. Израилийн тал бүс нутагт тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэж мэтгэж байв.
Тэгвэл Баасан гаригт гарсан хамгийн сүүлийн үеийн тайлангийн хариуд Израилийн НҮБ-д суугаа Элчин сайд Данни Данон "Баримтууд нь бэлээхэн байгаа учир НҮБ-ын дэмжлэгтэй өлсгөлөнгийн хяналтын байгууллага хүртэл хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Газад өлсгөлөн байхгүй. Өдөр бүр хэдэн зуун тусламжийн машин бүс нутагт нэвтэрч байна" гэж сайрхжээ.
Газын бүс нутаг дахь тусламжийн хуваарилалтыг хөнгөвчлөх үүрэгтэй ажилладаг Израилийн "COGAT" агентлагийн мэдээлснээр, өдөр бүр 600-800 орчим тусламжийн машин Газын зурваст нэвтэрч байна. Үүний 70 орчим хувь нь хоол хүнс тээвэрлэж байгаа аж.
Гэхдээ Хамас бүлэглэл өмнө нь "COGAT" агентлагийн тоо баримтыг няцааж байсан удаатай. Бүс нутагт хангалттай тусламж орж ирдэггүй хэвээр байгаа гэж Хамас мэдэгддэг.
Дэлхийн хэвлэлүүд Газын зурвас дахь өлсгөлөнгийн талаар өдөр бүр шахам дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Хоёр жил үргэлжилсэн дайны ихэнх хугацаанд Изралийн тал тусламжийн урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах, эсвэл бүр хааж байсан.
Өлсгөлөнд нэрвэгдсэн хоёр жилийн хугацаанд зарим хүн өлссөндөө, зарим хүн хүнс түгээлтийн цэгээс тусламж авах гэж оролдож, уралдаж дайрч байж амиа алдсан.
"IPC" аливаа бүс нутагт хүнсний аюулгүй байдал аль түвшинд байгааг таван үе шатаар хэмждэг. Тухайн бүс нутаг дахь өлсгөлөн тодорхой босго үзүүлэлтийг давж байвал өлсгөлөнд нэрвэгдсэн гэж албан ёсоор зарладаг аж. Энэ дагуу "IPC" Ойрхи Дорнод дахь өлсгөлөнгийн түвшинг өнгөрсөн наймдугаар сард анх албан ёсоор баталгаажуулж байсан ажээ.
Бүх өрхийн дор хаяж 20 хувь нь хүнсний хомсдолд орсон, хүүхдүүдийн 30 ба түүнээс дээш хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсон, хүүхдүүдийн 15 хувь нь цочмог хоол тэжээлийн дутагдалд орсон болохыг биеийн хэмжилтээр тогтоосон, өдөрт 10 мянган хүн тутмын хоёр нь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, үүнээс улбаатай өвчнөөс болж нас барж байгаа бол тухайн бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж тодорхойлдог ажээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN




