
Өгий нуурыг сэргээн, хамгаалах ажил үргэлжилж байна. Уг цогц арга хэмжээний нэг нь нуурын ёроолыг цэвэрлэх байв. Тэгвэл БОУАӨЯ, Усны газрынхан Өгий нуурыг олон жилийн хур хогноос нь салгаж, цэвэрлэсэн талаараа өчигдөр мэдээллээ. Хэдийгээр олон хүний хөдөлмөр, техник хэрэгслийн хүчин чадлаар хогноос нь ангижруулсан ч долоон метрийн гүн тус нуур гар дүрэх төдийд харагдахгүй болтлоо бохирдсон хэвээр байгааг тэд хэлсэн. Иймд Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу нуурын бүх талын эргийг дахин шинээр төлөвлөж, сэргээж буй гэв.
Нуурын эргийг дахин төлөвлөхдөө гурван бүс болгон хуваажээ. Нэгдүгээр бүсэд барилга, байгууламж огт “босгохгүй”, нэгдсэн байдлаар завины зогсоол, гурван байршилд шувуу харах цамхаг байгуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл хоёрдугаар бүсэд явган хүний зам, ногоон байгууламж, орчин үеийн шийдэл бүхий ариун цэврийн байгууламж төлөвлөжээ. Гуравдугаар бүсэд аялал жуулчлал, отоглох цэг, бие засах байгууламж, хогийн цэгүүдийг хөрс, ус бохирдуулахгүй байдлаар шийдэх гэнэ. Ингэснээр нуурын ус, эргийн ашиглалт, хамгаалалт улам сайжрах аж.





