
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өчигдөр “Аудитын хүрээнд Ч.Номин сайдын үеийн Соёлын яамны үйл ажиллагаанаас 16 их наядын зөрчил илрүүлсэн тул ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарсан” гэж мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийг нь цахим сайтууд мэдээлж, сошиалд орчинд Соёлын экс сайдыг шүүмжилсэн коммент, жиргээ өдөржин цацагдсаны эцэст С.Бямбацогт X-т алдаатай мэдэгдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн утга бүхий үгс  жиргэсэн юм.
УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номин ч сошиал хаягаараа дамжуулан уг асуудлаар тодорхой тайлбар бүхий мэдэгдэл гаргажээ. Ч.Номингийн “ЭЭЛЖИТ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ, ЭЭЛЖИТ ГҮТГЭЛЭГ”  хэмээн гарчиглаж байгаад бичсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Тэрээр мэдэгдэлдээ “Аудитаас Соёлын яамны үйл ажиллагаанаас 16 их наядын зөрчил илрүүлсэн” гэх ор үндэсгүй, худал мэдээллийг нэр бүхий сайт, сошиал сувгуудаар тарааж эхэллээ. Энэ худал мэдээлэлд С.Бямбацогт сайд X хаягаараа дамжуулан залруулга хийсэн болно. 
С.Бямбацогт “Нийт төсвийн ерөнхийлөн захирагч нарын 24 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийгээд гарсан зөрчлийг ганцхан Соёлын яаманд аудит хийгээд гарсан зөрчил мэт ойлгогдохоор бичлэг таслагджээ. Ингэж арай болохгүй” гэснийг онцолъё.
Нэг яам дангаараа 16 их наяд төгрөг зарцуулах ямар ч боломжгүй. Энэ бол одоо хэлэлцэж буй төсвийн тал хувь шүү дээ. Ийм энгийн логикгүй мэдээлэл түгээж байгаа нь санаатай үйлдэл гэж харагдаж байна. Төрийн Аудитын байгууллага хуулийн дагуу жил бүр яамдын төсөв, санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, нийтэд ил тод мэдээлдэг. Соёлын яамны өнгөрсөн онуудын Аудитын тайлангууд ч мөн ил тод тайлагнагдаж явсан. 
Удаа дараа, санаатайгаар хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг түгээж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдэж байна. Та бүхнийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг уриалж байна” хэмээжээ.
                     
                                            





 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            