
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн, гурван аж ахуйн нэгжийнхэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сарын 8-ны даваа гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. Үүнээс өмнө шүүгдэгч 42 хүнээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр гэм буруутайд тооцсон 19 хүн, гурван аж ахуйн нэгжид ял оноосноо уншиж сонсгосон юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан шүүгдэгч Н.Батбаяр, Т.Мөнхтулга болон “Ганхүдэр орд” ХХК-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцла¬гаас чөлөөлөв. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Тус банканд болон ТУЗ-д ажиллаж байсан Б.Даажамба, Б.Баярмагнай, Ц.Билгүүн, Н.Сүхболд нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 7-11.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, “Мондулаан трейд” ХХК-ийн Ш.Бүтэд, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардорж, “Сэлэнгийн герефорд”-ын Г.Батдорж, “Алтай групп”- ийн Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Б.Батбаатар, Ч.Өлзий нарын төрийн албанд ажиллах эрхийг 2-3 жил хасан, нэг жил зургаан сараас хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлахаар шийтгэлээ. НВЦ ХХК-ийн Ц.Баатарбилэгийн зорчих эрхийг дөрвөн жил хасахаар болов. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй Г.Байгалмаад 10 сая төгрөгөөр торгох, зургаан сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оноов. “Бэрэн групп” ХХК-ийн Б.Мөнхтөрд нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, таван жил хорих ял шийтгэлээ. Мөн НВЦ ХХК-ийг 250 сая, “Инжир”-т 245 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1-2 жилээр хаслаа.