Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийг чөдөрлөгч хөдөө


Хөгжлийн зүтгүүр, чирэгч байдаг бол хөгжлийг чөдөрлөгч, арагш чангаагч, ухраагч гэж бас байнаа. Манайд бол хөгжлийн чөдөр тушаа, чангаагч, хөгжлийг нураагч нь тэр чигтээ хөдөө юм байна. Яаж ч өршөөж бодоод би зөв дүгнэлт олохгүй байна.
Хотын бид Цагаан сараар ууц тавьж, Наадмаар хотын алдарт уячид морьдоо уралдуулж цэнгэж байхын тулд хөдөөгийн ард түмнийг харанхуй бүдүүлэг, малаас нь дор байлгаад байна гэдэг хүнлэг ёс талаасаа ерөөсөө өршөөж болмооргүй шиг санагдаад болдоггүй. “Нүүдлийн соёл иргэншил” гэх хуурамч баг өмсгөхийн тулд, “Нүүдлийн соёл иргэншил”-ийн сэдвээр хэдэн эрдэмтнийг эрдмийн зэрэгтэй, цол шагналтай байлгахын тулд, адаглаад хөдөөнөөс мах сүүгээ хотын хамаатнууд нь үнэ төлбөргүй авч хэрэглэхийн тулд малчдыг дорой буурай, арчаагүй байлгана гэдэг чинь харгис ёс бус уу?
Малчид чамд ямар гай тарив, чиний юуг булаав, чамаас юу гуйгаав гэж загнаж хараалгая. Би хотойхгүй. Бүр мах идэхээ хориулах, ална тална, зайлаач гэдгээрээ дуудуулсан ч би ийм дүгнэлттэй л хоцорлоо. Төв-Өвөрхангай-Архангай-Завхан-Увс аймгаар хагас сар аялан явж амарч ирчихээд яг ийм дүгнэлтээ нотлон бичиж байна.
Өмнө нь ч бичиж байсан даа. Малчид бол малынхаа барьцаа, малынхаа боол нь болчихжээ гэдгээ дахин бичиж байна. Мэргэжил талаасаа малчин гэж тусгай, онцгой, хосгүй сайхан мэргэжил хэмээн уран сайханддагийн эсрэгээр малчид бол мал адуулагч гэхээсээ мал манагч, мал сахигч, сүргийн сахиур, тэр сахиурын ажилдаа амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдээ хайр найргүй золиослоод сууж байдаг юм байна гэдгийг дахин харж мэдэрч ирчихээд бичиж байна. Хайран ч залуу нас, хайран ч хүүхэд нас, хайран ч хүн, хайран ч бүсгүй гэж харуусмаар, нүд хальтармаар амьдарч, бас тэр гаслангаа мэдэхгүй хэнэг ч үгүй сууж байгаад сэтгэл эмтрээд бичиж байна. Асар үнэтэй, алдаж болохгүй алтан цаг хугацааг алхайтлаа хэвтээд өнгөрүүлж байгааг нь ойлгохгүй болоод бичиж байна.
Дал, ная, ерэн жил хөгжчихсөн сумын төвүүд нь тоос шороо хогондоо дарагдсан, шалбааг тогтсон, золбин нохой бүчсэн, орчин цагийн ганц ч барилгагүй, ядаж боловсон гэж хэлүүлэх ганц ч жорлонгүй, хэдэн дэлгүүр, гуанзнаас өөр амьдралгүй үхмэл балгас болчихсон байхыг замын сумдаас харлаа.
Замын хүний бодол шүү! Гуанз дэлгүүрийг нь эс тооцвол ер нь орлого олдог ганц ч салбар суманд алга. Өөрийгөө өөд татаж тэтгэдэг ганц ч аж ахуй байхгүй. Ядаж гар нийлээд зам харгуйгаа засаад тохижуулаад аж төрж болдоггүй юм байх даа. Нэг загварын хашаа байшинтай бай гээд захирамж гаргачих овсгоотой дарга тэр суманд ганц ч ажиллаж байгаагүй бололтой. Социализмын үеийн коммунист субботник гэдгийг сумын төвд л сэргээмээр санагдлаа. Сум гэдэг нь тэр чигтээ орлогогүй, төрөөс мөнгө өгөхгүй бол ядуурч хоосроод нураад унахад яг бэлэн байна. Харин тэр гаслангаа сумын төвийн иргэд мэдэхгүй хэнэг ч үгүй, дор дороо хувиа хичээгээд сууж байгаад сэтгэл эмтэрлээ. Сумын төвийн алаг эрээн хашаа байшин, алсаас харагдах эрээн бараан олон дээвэр, хүн болгоных нь барьсан гар утас, ярайсан хоолны газрууд, хэдэн дэлгүүр, бензиний цонжууд чинь хөгжил биш шүү дээ.
Хөдөөнөөс буцаж ирээд үзгээ хурцлаад би бичиж байгаа хэрэг л дээ. Увсын Завхан суманд гурван малчин өрхтэй танилцлаа. Хяргас нуур бараадан отроор зусч байгаа гэнэ. Үндсэн ажил алба нь тэр хэдэн хонь. Тэр хэдээ л эсэн мэнд харж дурандаж, адуулж байхаас өөр энэ хорвоод жаргал үгүй бололтой. Амьдрал гэж даан ч олхиогүй, бүр дэндүү арчаагүй. Социализмын үед нэгдлийн мал хэл үгтэй, цалинтай харж манаж маллаж байсан бол одоо хувийн хэдэн малынхаа өмнө яг сөхөрч унажээ. Азаар давхиж ирээд дарамтлах нэгдлийн дарга, намын үүрийн дарга гэж алга болж дээ.
“Би өөрийгөө арчлуулах гээд байгаа юм биш, Та нарт хандаж ярьж байна. Та бүхэн минь тэгж тэгж амьдар, гурван айл нийлээд нөхөрлөл байгуул, зээл ав, худаг гаргуулаад худаг дээрээ гурван айлын тохилог сууц бариул, худгаа түшээд хүнсний ногоо, малын тэжээл тариалах талбай гарга, эргэн тойрон хашаа татуулаад торд, гурван айл ажлаа хуваарилаж ав, Та нар харьцангуй залуу улс байна, үлдэх амьдралаа ингэж өнгөрөөж болохгүй. Та нар сайхан амьдрах хэрэгтэй, Та нарын аз жаргал чинь Та нарын мэдэлд тун ойрхон байна. Хэнд ч захирагдахгүй байна гэдэг чинь аз жаргал биш. Сэтгэл тэнүүн, соёлтой, сонирхолтой, үр бүтээлтэй, элбэг дэлбэг, нээнтэггүй ажиллаж амьдрахыг аз жаргал гэнэ. Ингэж зуны халуунд Та нар хонио дурандчихаад зүв зүгээр хэвтэж байх хэрэггүй. Наад малаа үйлдвэрлэл, хөрөнгө, мөнгө болго. Наад цагаан идээгээ бүтээгдэхүүн болго. Бүх техник технологи нь Монголд ороод ирчихсэн, аймгийн төвийн зах дээр ч байгаа байх. Буриадууд гэж их ажилсаг хүмүүс бий, тэднээс суралц. Хөгжихөд чинь саад болох хэн ч байхгүй, бүтээн байгуулах эрх чөлөө гэж байдаг бол түүнийгээ одоо л эдэлдэг цаг. Барлаг амьдралаасаа сал!” хэмээн би ухуулж үзлээ. Чих тавин сонсох ба ер нь амьдралдаа тийм зөвлөлгөөг анх удаа авч байгаа бололтой. “Тань шиг ингээд хэлээд зөвлөөд өгдөг ч хүн байдаг болоосой”, “Ингээд хэлээд яриад өгдөг хүн байхгүй юм чинь” хэмээн уулга алдана. Тун энгийн, бүр бага сургуулийн хүүхдийн сэтгэдэг боддогийг асууна. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй, мөнгө байхгүй, мөнгө байхгүй, тэгээд бид яах юм гэх зовлонгоо тоочно. Сэтгэлгээ тун хариугүй, маш өчүүхэн, ердөө малынхаа хүрээнд сэтгэнэ.
Аав хүү хоёрт насны ялгаа байхаас мэдлэг, мэдээлэл, оюуны ялгаа гэж алга. Дөч гарсан эцэг нь эрх тэнэг хүүхэд шиг юм ярина. Яриа нь тэнэж төөрнө. Тогтвортой суугаад хэдэн үг солчихгүй. Эх нь өдөржингөө гал тогоотой зууралдана. Биднээс ичисхийгээд л. Та нар олхиогүй арчаагүй байна, малынхаа боол мэт болжээ гэдгийг зөвшөөрөөд ичсэн хэрэг байх. Эр нөхөр нь тоох шинжгүй, бүр хадуураад Америкт малчнаар явуулж аль, тэнд ямар ч мал дээр би ажиллаж чадна гэх нь тэр. Шалгуур гээч юм байна уу гэлээ. Англи хэлтэй, хөдөө аж ахуйн боловсролтой байх хэрэгтэй хэмээн хэлтэл “Өө, үхсэн баас” гэж хариуллаа. Мал маллахад англи хэлээр үхсэнээ хийдэг юм гэж байгаа бололтой.
Тэдний улс төржсөн яриа: МАН сонгуулийн өмнө 25 малчин өрхөд малжуул хэмээн тав таван сая төгрөг өгсөн, Чойжилсүрэн гишүүний жиипний арын хоёр яндангийн юу юу яадаг, Цогтгэрэл гишүүн УБ-аас компьютерээсээ Увсын малчдын малын бүтээгдэхүүнийг харчихаад худалдан аваад байх юм гэнэ лээ гэсгээд тэдний яриа өндөрлөнө. Ертөнцийн тухай анхны, наад захын ойлголт алга. Бичиг үсэгт тайлагдсан л байгаа даа.
Хоол хийж байнаа. Зуны халуунд умгар гэрийг халтал гал түлээд л. Бүхэл мах, бөөн гурил. Эрхбиш кечуп, цуу малчны гэрт нэвтрээд оччихож. Сумын төвийн гуанзнуудад нийтийн хоолны наад захын ойлголттой тогооч алга. Ердөө л бор зүрхээрээ. Өөрсдөө гэртээ иддэгээ л хийж байна. Тэрийгээ гайгүй үнэлчихсэн. Тэгсэн хэрнээ хийж гийгүүлж байгаа хоол хош гэж бараг байхгүй. Гурил мах л хутгаад бол оо. Мах нь хатуу. Тос амтагдсан, аргуу, гэдсэнд цөвтэй, хордлого өгч мэдэх хоол замын бид худалдан авахаас өөр яахав.
Ямар лам, үзмэрч нь лүндэг буулгасан юм? Мах гаргадаггүй өдөр гэх нэг өдөртэй. Худалдан аваад төхөөрүүлээд хөлдөөгчид нь хадгалуулчихсан махаа аваад хөдлөх гэтэл мах гаргадаггүй өдөр гээд тэнд нь чануулж идэв. Үмх мах үлдээгээд ардаа байгаа хоёр нөхөртөө өгнө гэтэл гаргадаггүй. Бүр үйлээ үзэн байж нөгөө их махаа идэж бараад мордоцгоов.
“Хуучин хүү” зохиолын хөмөрсөн тогоон доторхи хөдөөгийн байдал, шалдар булдар амьдрал лав бидний аялсан нутагт ийм л дүрслэлтэй байна. Гар утастай, гаднаа портер, 69-тэй, мотоциклтэйг нь эс тооцвол орос-зөвлөлтийн нэрт эрдэмтэн Иван Майскийн 1921 онд бичиж үлдээсэн зарчимлаг залхуу, лойж нурсан Монголын хөдөө 100 жилийн дараа яг хэвээрээ байж байх шиг. Майский бичсэн нь:–Ахуйгаасаа үүдсэн төрхийн назгайрал, ажил хийх чадвартай боловч зүгээр суух ясны залхуу чанар, ажил хийх дургүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үздэг, малаа харсан хариулсан болоод гэртээ хэвтэж өнгөрөөдөг, цагийн үнэ цэнийг ойшоодоггүй, хорвоогийн өдөр олон хэмээн аливааг хойш тавьдаг, цэвэрч бус, усанд ордоггүй, хувцсаа угаадаггүй, харанхуй бүдүүлэг, мухар сүсэгт баригдсан, чөтгөр байдаг гэдэгт итгэдэг гэхчлэн жагсаж өгнө.
Майский 100 жилийн тэртээ тэгж бичсэн гэдгийг би малчдад яриад, амьдрал ахуйгаа өөд нь тат хэмээн ятгаж байгаа нь тэр л дээ. Зуун солигдсон, хөгжил гэрлийн хурдаар яваа, дэлхий тэгсэн ингэсэн гээд ярьж үзэв. Энэ чинь XXI зуун мөн үү, биш үү гэх асуултыг өөрийн эрхгүй өөртөө тавьж байв. Өөрсдөөс нь ч асууж байв. Тэд гайхаад л.
Увсынхан Улаанбаатарт нутгархаад сүйд болдог, халхуудын дор орохгүй гэсэн атгаг бодлыг нь би хүндэтгэдэг. Харин Хяргас нуурын дэргэд очоод увсынхан халхуудаасаа ялгарах юмгүй арчаагүй аж төрж байгааг олж харав. Улаангом хотын хүнс барааны зах, нийтийн хоол, хот байгуулалт, гудамж зээлийг хараад халхуудаасаа дээрдэх юм ер алга гэж ойлголоо. Хөгжлийг өөрийнхөөрөө өөриймшүүлдэг ердийн л монголчууд, хэл ярианы аялгыг нь эс тооцвол. Өөриймшүүлнэ гэдэг нь хэл үггүй, хэрүүл дарамтгүй зоргоороо амьдрах. Хөл дүүжлэх унаатай, толгой хоргодох гэр байшинтай, гэдэс цатгалан байвал барав.
Гэх мэт бичээд байвал мөн ч их санаа сэдэл надад байнаа. Миний амьдралд садаа болоогүй, надаас юу ч гуйгаагүй, хар зөнгөөрөө амьдарч байгаа цайлган сэтгэгт малчид чинь тойруу утгаар, хэтдээ, ирээдүй хойч үедээ, Монгол эх орондоо маш том ачаа, хүнд чиргүүл, дарамт болж үлдэх юм байна гэдгийг Төр, засгийн сонорт хүргэх гэж би бичиж байна. Зуднаар, өвчнөөр тэр хэдэн мал нь сүйрчихвэл тэр айл хотлоороо дагаж сүйрээд ядуу өрхийн тоог нэмэхээр байна. Нөгөө 30%-ийн наана цаана бүртгэгддэг ядуучуудын эгнээг нөхөж тэлэх нөөц бөөн хүч бэлээхэн хөдөөд байна. Тэдэнд хэл үггүй хөгжиж дэвжих баталгаа алга.
Эдийн засагчдын ярьж байгаагаар бол хөдөө гэж яаж ч тордоод засал авдаггүй, жилийн жилд, үеийн үед бахь байдгаараа өдөр хоногийг аргацааж өнгөрөөсөн мөнгөний гарлагын уут байна. Мөртөө бэлчээрт гарч явчихаад орой ирээд хотлочихдог, өвс тэжээлээ байгалиас олоод хүртчихдэг, өсч үржихдээ арвин энэ хэдэн мал нь малчдыг ажилд сургадаггүй, сэтгэн бодуулдаггүй, ерөөсөө бэлэн хоолтой байлгаад сургачихсан. Тийм учраас хөгжих шаардлага ч байхгүй. XXI зуунд арай ингэж явмааргүйсэн.
Одоогийн малчид бол үнэндээ яг тэр цэвэр нүүдэлчид нь ч биш, орчин цагийн зөв боловсон иргэд ч биш, ерөөсөө хар зөнгөөрөө, зоргоороо, хэнд ч захирагдахгүй, тэнэж төөрч яваа харанхуй бүлэг ард юм байна. Малчдын зовлон дээр тоглоно, хуурна мэхлэнэ гэвэл тэд бүгдээрээ бэлээхэн цагаан цаас. Гэнэн цайлган, хэнэггүй нь дэндэнэ үү гэхээс дутахгүй. Би хулгайч залилагч нарт хэлж байгаа юм биш шүү. Төрдөө ховлож байна.
“Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй.
Сумын төвүүдийг яадаг шүү юм билээ дээ? Одоогийн байгаа нь лав найдвартай биш. Улаанбаатараас мөнгө, хүч (далдын хүч биш шүү, би соёлын довтолгоог хэлж байна) очихгүй бол санаачилгаараа сайн сайхан аж төрөх ухаан, соёл тэдэнд хэзээ ч сууж өгөхгүй юм байна. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ гэж арай ч арилчихсан дотортой хэдэн махан толгой сууж байдаггүй байх, Улаанбаатарт алдаршсан ганц нэг нөхрийнхөө хөшөө дурсгал, хүндэт самбараа гайхуулаад өнгөрөхгүй байгаасай. Гэгээрүүлэх, соёлжуулах, хамтран зөв аж төрөх ухаанд сургах, залхуурахгүй амьдрах тухай сургалт-ятгалгыг сумын төвд хэдэн жил шувтан хийх ёстой юм байна. Ядаж зөв хооллох, нийтийн хоолны наад захын хичээл сургууль явуулахгүй бол оройтох нь байна.
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт Тангараг гээч юмыг хэвшүүлье. Шинэ УИХ-ын нээлт дээр Сайд нараар хулгай хийхгүй гэсэн тангараг уншуулж гарын үсэг зуруулж байдагтай адилаар Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хулгай хийхгүй гэдгээс гадна төчнөөн өрх, төчнөөн иргэн, төчнөөн малчныг хоцрогдол, харанхуйгаас нь гэрэл гэгээнд гаргана гэсэн тангараг өргүүлэх хэрэгтэй. Ерөөсөө албадаж соёлжуулсан социализмын гэгээн туршлагыг эргэж сэргээе!
Хөдөөгийн иргэдийн тархинд ухаарал гэгээрлийн оч гялсхийлгэх хэрэгтэй. Ардчилсан Монголын эрх чөлөөт иргэн өөрийнхөө дуртай ажлыг хийж байна, хүний эрхэнд явахгүй, хэнд ч эрхшээгдэхгүй байна гээд амьдрал, үр хүүхдээ, ирээдүйгээ гаргуунд нь гаргачихсан гэдгийг тэдэнд ойлгуулж ухааруулахад Төрийн мэргэн бодлого чиглэгдэх болтугай!
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ