
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өчигдөр/2025.08.27/ мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкин дээр 1.3 их наяд төгрөгийн өр авлага үүсээд байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл авсан ч төлөлгүй луу унжиж яваа улстөрчийн нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар аж. Учир нь тэрбээр багийн найз Х.Энхсайхантайгаа нийлж “Мон лаа” ХХК-аар дамжуулан 2014 онд Хөгжлийн банкнаас 7.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэхүү зээлийг 2017 оны арванхоёрдугаар сард бүрэн төлж дуусгахаар гэрээнд заасан байсан аж. Гэвч зээл төлөгдөлгүй явсаар эцэстээ чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй зээлдэгч нарын асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж, гэрч нарыг оролцуулахад одоогийн Шадар сайд Т.Доржханд оролцож, ямар үндэслэлээр “Мон лаа” ХХК-д зээл олгосон талаар тайлбар хийсэн. Шадар сайд Т.Доржханд “ УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чи Сангийн яаманд ажиллаж байсан хүн, Хөгжлийн банкнаас “Монлаа” ХХК-д зээл гаргуулахад туслаач. Багийн найзын маань компани байгаа юм” гэж гуйсан. Тухайн үед ХҮН намын шугамаар С.Ганбаатар бид хоёр ойр харилцаатай байсан. Би С.Ганбаатарын гуйлтаар Сүхбаатарын талбайн баруун талын МҮЭХ-ны барилгад байрлах “Монлаа” ХХК-ийн оффист Х.Энхсайхантай уулзсан. Тэр үед Х.Энхсайхан “Уг нь бид хоёр Хөгжлийн банкнаас зээл авахаар зохицуулчихсан байсан юм. Гэтэл удаад байна. Энэ мөнгийг л авчихвал бид хоёр гоё болох гээд байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Гэхдээ би тэр хоёрт туслаагүй. Энэ тайлбараа би хууль хяналтын байгууллагад нотлоход бэлэн” гэж тайлбар өгч байв.
“Мон лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайхан нь Баянхонгор аймгийнх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ойр нөхөрлөж ирсэн нэгэн аж. Бизнесийн ажлаа УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулан явуулдаг гэх мэдээлэл бий. Гол нь тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүйн зэрэгцээ зориулалтын дагуу ашигласан эсэх нь ч эргэлзээтэй ноцтой зүйлүүд дуулдах болсон тул энэ чиглэлээр хуулийн байгууллага ч шалгалт хийж байгаа аж.
Улстөрчдөөс хамгийн шударга нь гэж өөрийгөө рекламдан үнэн нүүрээ нууж ирсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар та “Мон лаа” ХХК-аар дамжуулан авсан 7.5 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн төлж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно уу.
https://news.mn/r/2819318/