
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр/2025.06.09/ Токио хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, албан ёсоор сүмогийн холбооноос гарч буйгаа мэдэгдлээ. Түүний дэвжээнд гарсан танхай, ёс зүйгүй үйлдлийн улмаас дэвжээ нь хаагдсан билээ.
Хакүхо хэлсэн үгэндээ "Сүмог хайрлаж, сүмод хайрлагдсаар 25 жилийг үджээ" хэмээгээд сүмогийн холбоог орхиж буйгаа хэлжээ. Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, рекорд тогтоосон тэрбээр 2021 онд зодог тайлж, багш, дасгалжуулагч болох замналаа эхлүүлсэн билээ. Гэвч түүний дэвжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хаалгаа барьсан.
Шалтгаан нь түүний шавь Хокүсэйхо Э.Даваанинж доод зиндааны бөхчүүдээ дээрэлхэж, мөнгийг нь дээрэмддэг байсан гэх хэрэг гарсан. Үүний улмаас шавиа хүмүүжүүлж, анхаарч чадаагүй гэх шалтгаанаар Хакүхо мөн дэвжээгээ алдахад хүрсэн.
Хакүхогийн сүмогийн холбоог орхих өргөдлийг хүлээн авч, зөвшөөрчээ.
Хакүхо ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярихдаа "Сүмог дэлхийд түгээх төслүүдэд анхаарлаа хандуулах бодолтой байна" гэжээ.
М.Даваажаргал анх 15 насандаа Японд ирж, 2001 онд дебютээ хийж байв. Улмаар 2006 онд анхны дээд зиндааны түрүүгээ хүртэж, улмаар түүхэн дэх хамгийн агуу ёкозүна болон үлдсэн юм.