
Засгийн газрын хуралдаанаас Ахмад настны тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр тогтоолоо. Мөн хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тогтоов.
Түүнчлэн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832 мянган төгрөгөөр тогтоов.
Засгийн газрын хуралдаанаар бас нэг асуудлыг шийдвэрлэсэн нь Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт оруулсан явдал юм. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.
Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэж байна.