Диск хэлбэртэй шүрийн зарим төрөл нь далайн гүнд сэлэхдээ далайн залхгийн ашигладаг аргатай адилхан биеэ агшаах, тэлэх замаар далайн ёроолд “үсрэх” чадвартай байдгийг Австрали болон Саудын Арабын судлаачид илрүүлсэн тухай Австралийн Квинслендын Технологийн их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
“Циклосерис циклолайтс төрөл зүйлийн шүрнүүд биеэ огцом тэлэх болон агшаах аргаар зөвхөн далайн шуурганы дараа эргэж хөрвөөх төдийгүй мөн зорилготой хөдөлгөөн хийх чадвартайг бид илрүүлсэн. Эдгээр шүр гэрлийн эх сурвалж руу хөдлөх чадвартай нь тэднийг далайн залхагтай адилхан болгоод зогсохгүй мөн өндөр хөгжсөн мэдрэлийн тогтолцоотой болохыг нь харуулж байна” гэж Квинслендын Технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Бретт Льюис мэдэгджээ.
Эрдэмтэд Австралийн эрэг орчимд, Номхон далай болон Энэтхэгийн далайн халуун уур амьсгалтай бүсүүдэд өргөн тархсан циклосерис циклолайтс төрөл зүйлийн шүрнүүд ердийн өдрийн гэрэл хийгээд далайн гүний орчныг санагдуулах цэнхэр гэрэлтүүлэгт ямар хариу үйлдэл үзүүлэхийг ажиглаж байхдаа энэхүү нээлтийг хийсэн байна. Эдгээр шүр нь далайн шуурганы үед их тохиолддог элс, шаварт дарагдах байдлаас эргэж хөрвөөж, өөрийгөө “ухаж гаргах” чадвартай байдаг нь их сонирхолтой юм гэж судлаачид тэмдэглэжээ. Ингэхийн тулд эдгээр шүр нь үе үе бүх биеэ огцом агшааж, тэлснээр хурдасны давхаргын гадаргуу дээр хөвөн гарч ирдэг бөгөөд тэнгийн ёроолын сайн гэрэлтэй бүс нүүдэллэн хөдлөх чадвартай юм байна.
Судлаачид энэ чадварыг ажиглах зорилгоор хэд хэдэн шүрийг аквариумд байршуулаад, хоёр хэсгийг нь нарны хурц гэрэл болон гүн усан дахь цэнхэр гэрлийг санагдуулах гэрэлтүүлэг тусгасан байна. Шүрнүүдийн 86 % нь агших, тэлэх хөдөлгөөн хийж, гэрлийн эх сурвалж руу шилжин хөдөлж байжээ.