Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халиа тошин дээр амьдрах “сонирхол”


Жил жилийн өвөл халиа, тошин дээр, зун нь үерийн аманд амьдрах “сонирхол” бүхий тодорхой тооны өрх ялангуяа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршилд бий. Дүүрэг, хорооноос нь анхааруулга, шаардлага өгөөд ч нэмэргүй, суурьших бүс зааж өгөөд ч явдаггүй, сонгуулийн үеэр нэр дэвшигчид санал авахын тулд иргэдэд саймширч газар эзэмших зөвшөөрөл олгуулж дайран дээр давс нэмнэ. Уг нь өвөл зунгүй усны гуталтай, байнгын чийгтэй, хүйтний улиралд шалан дороос нь мөс түрж, дулаан цагт ус ундарч байдаг газарт наад зах нь үр хүүхдийнх нь эрүүл мэнд авах юмгүй болж байгаа. Хөгшид, хүүхдээ зутрааж, өөрсдөө биеэ гарзанд гарган ингэж суухыг гаж дон гэмээр ч юм уу. Энэ тухай тайлбарлахдаа “Газрын зөвшөөрөлтэй. Эндээс нүүвэл сургууль соёл, ажил төрлөөсөө холдоно. Хаана амьдрах нь бидний дур, хүний эрх” хэмээн ам таглана. Тэгсэн атлаа үер бууж, халиа тошинд эзлэгдээд ирэхээрээ “Авраарай, туслаарай” хэмээн бачимдаж татвар төлөгчдийн мөнгөөр аврах, нүүлгэх ажил хийлгэнэ.
Хүүхэд, хөгшдөө онцгой, цагдаагийнхнаар үүрүүлж голомтоос гаргуулна. Ийм тийм эд хөрөнгөө уснаас, мөснөөс гаргаж авмаар байна гэж тусламж нэхнэ.  2023 оны зун их үерт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг л гэхэд дийлэнхэд нь өвөлдөө халиа тошин үүссэн байдаг. Зун үерт автахад нь суурьшлын бүс зааж өгсөн ч ихэнх айл хөдлөөгүйгээр барахгүй тэдний хохирлыг барагдуулах, гэр оронтой болгох, ариутгал хийх гэж татвар төлөгчдийн баахан мөнгө сүйтгэсэн.
Энэ өвөл ч байдал дээрдсэнгүй. Нийслэл хавьд харьцангуй дулаахан өнтэй өвөлжиж буй ч халиа тошингийн дуудлага тасраагүй л байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ  орж чадахгүй болсон учир хэд хэдэн айлыг нүүлгэжээ. Зарим айл гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа хэдий ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрсний ус их хэмжээгээр нэмэгдсээр байгаа төлөвтэй. Аргагүй юм л даа. Манайхан “Буухаасаа өмнө бууриа шинж” гэсэн өвгөдийн сургаалийг мартчихсан. Онгорхой газар харагдвал хашаа татаад гэр, байшин бариад төвхнөдөг болчихсон. Хавар, намартаа аятайхан харагдаж буй газар өвөл, зундаа ямар араншин үзүүлэхийг мэддэггүй. Эргэн тойрны газар орноо шинжих гэдэг ойлголт ор тас байхгүй. Яагаад есдүгээр хорооны тэр хэсэг тийм гээч. 1990 оноос өмнө Баянхошуу хайрханы Зүүн салаа, хайрханы өвөр хэсэгт хойноосоо гол урсдаг байв. Нарийхан боловч бороо хур ихтэй үед сүрхий үерлэдэг. Үер буухаараа ганц нэг хүний амь ч авчихдаг. Хүн амьтан нутагладаггүй эзгүй газар байлаа. Түүнээс урагш, Хилчин хотхон байгаагийн өмнүүр Намаг гэдэг нэртэй дөрвөн улиралдаа эзгүй цэлгэр газар байсан. Зундаа намагтай, өвөлдөө халиатай. Тэдгээр газарт өдгөө битүү айл болж, зуныг үертэй, өвлийг тошинтой үзэлцэж амьдардаг бүлэг хүмүүстэй болсон. Зун балчиг шалбааг туулж гэрийн бараа харна. Өвөл мөсөн тошин зуух, пийшин дороос нь өргөж түрээд шалыг нь хөндийрүүлчихнэ. Ямар сайндаа гэртээ орж чадахгүйдээ тулж байх вэ.
Албаны хүмүүс ч аргаа барж буйгаа ярьжээ. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “2024 оны зун бороо их орсноос Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна., Шар хад, Амгалан, Ногоон нуур, Баянзүрх дүүргийн “Натур” хэсгийг нэрлэж болно. Хоёрдугаар сар гараад халиа тошингийн хэмжээ улам нэмэгдэж хавар шар усны үер буудаг. Манай байгууллагын зүгээс үерийн хамгаалалтын далан бүхий 14 байршилд 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нээс зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Энэ жил дулаан өвөлжиж байгаа учраас далан, суваг татах ажил хийгээд ч халиа тошингийн хэмжээ улам ихсэж, усны ундарга айлын гэрийн буурь, байшингийн сууриас гарч, айл өрхүүд гэртээ амьдрах аргагүй болоод байна” гэсэн бол Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж “Манай хорооны нутаг дэвсгэрт Зүүнсалааны замаас Баянхошуу хайрханы энгэр хүртэлх хэсэгт л гэхэд 500 орчим айл өрх амьдарч байна. Үүнээс 16 айл халиа тошинд автсан хүнд нөхцөлтэй. Ус нэвчиж, гэр байшин нь мөстөж, зарим айлын гэрийн хаалга ч онгойхооргүй болсон. Бидний зүгээс үлдсэн айлуудыг халиа тошинд автах, цаашид хаврын шар усны үерээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэхдээ одоогийн байдалд айлуудыг нүүлгэх нь л хамгийн зөв зохицуулалт болж байгаа. Цаашид байдал улам л хүндрэхээр байна” гэжээ.
Удахгүй цаг уярна. Халиа тошин хайлж шар усны үер залгана. Хур ихтэй зусваас үер бууна. Мөнөөх айлууд тэндээ суусаар, тусламж эрсээр, хохирол барагдуулах хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс сорсоор, гэрээс гарч чадахгүй хөгшид хүүхдийг онцгой, цагдаагийнхан үүрч дүүрч шавар мөснөөс холдуулсаар, заасан газар руу нь нүүхгүй гэж мөнөөх айлууд зөрүүдэлсээр хэдий жилийн нүүр үзэж хэр хэмжээний хөрөнгө төсвөөс үрэх юм бол доо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ