Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2024 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дөрвөн сая 650 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, хуучин орон сууцных дөрвөн сая 270 мянган төгрөг байгаа нь 16 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өсжээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн өндөр буюу таван сая төгрөгөөс дээш байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.9-3 сая гаруй төгрөгийн үнэтэй байна.
Хотын захад орон сууц худалдан авсан иргэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалан төвийн бүс рүү орон сууц түрээслэх хандлага нэмэгдэж байгаа нь төвийн дүүргүүдэд орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгааг “Актив зууч” мэдээлж байв.
Өрхийн орлогын гуравны нэгийг орон сууц худалдан авах, түрээслэхэд зарцуулж байгаа тохиолдолд орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадварт нийцэж байна гэж олон улсад үздэг байна.
Харин Монгол Улсад орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадвартай харьцуулахад 2-2.5 дахин үнэтэй байгааг СЭЗИС-ийн судалгаанд танилцуулж байсан юм.
П.Тунгалаг