Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Одончимэг: Бэлчээр доройтсоныг илэрхийлэх ургамал Хонгор сумд 35 хувиар ихэссэн


Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэл­чээрийн төлөв байдлыг нарийвчлан судал­сан, “Байгаль судлалын төв” ТББ-ын захирал Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэр­бээр “Бэл­чээрийн төлөв байдал, түүний шил­жил­тийг экологийн чадавхын зарчимд суурилан үнэ­лэх” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт бай­­галь орчны менежмент, нөхөн сэргээлт, мо­ни­торинг зэрэг чиглэлээр 21 жил багшилсан аж.
-Дархан-Уул аймгийн Хонгор сумыг сонгон бэлчээрийн судалгаа хийх шалтгаан, үндэслэл нь юу байв? 
-Дархан-Уул аймгийн Хонгор сум нь газар тариалангийн төв бүсэд оршдог. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт хээр, хээрт хамаардаг онцлогтой. Нийт га­зар нутгийнх нь 70 гаруй хувь нь ойт хээрийн бүс­лүүрт багтдаг. Харин газар нутгийнх нь 30 хувь хээ­рийн бүсэд оршдог. Далайн түвшнээс харь­цангуй нам доор буюу 700-1000 метр өргөгдсөн байдаг. Уур амьсгалын хувьд эрс тэс. Үүнийгээ дагаад экосистемийн хувьд эмзэг гэж хэлж болно. Тухайлбал, хөрсний үржил шимт өнгөн хэсэг салхиар хийсэх, усанд угаагдаж, бүтэц нь ал­даг­дах эрсдэл өндөртэй. 
Нэмж хэлэхэд, байгалийн нөөцийн ашиг­лал­тын олон хэлбэр тэнд нэг доор байдаг л даа. Бид­ний мэдэхээр мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, уул уурхай, ойн нөхөрлөл зэргийг дурдаж болно. Энэ утгаараа ч тус сумын нутаг нь судалгааны чухал объект. Дархан-Уул аймаг нь Дархан, Хонгор, Шарын гол, Орхон гэсэн дөрвөн сумтай. Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь Хонгор сумд харьяалагдана. Мөн тус аймгийн мал сүргийн 80 гаруй хувь нь Хонгор сумынх. Иймд тус сумын бэлчээрийн судалгааг чухалчилж үзсэн.
-Бэлчээрийн төлөв байдал, түүний өөрч­лөлтийг экологийн чадавхаар нь дамжуулан тодруулжээ. Судалгаагаа хэдий хугацаанд явуулсан бэ? 
-Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг­­варт суурилан Дархан-Уул аймгийн Хонгор су­мын бэлчээрийн экологийн чадавхыг тодор­­хойлж, төлөв байдал, доройтлын зэрэг, сэр­гэх ча­дав­хын одоогийн түвшин, түүний цааш­дын өөрч­­­лөлтийг үнэлсэн юм. Бэл­чээрийн ланд­шаф­тын тогтоц, хөрсний ме­ханик бү­рэлдэхүүн, ус зүй, цаг уур, ургамлын бүл­гэмд­лийн онцлог нь бэл­чээрийн экологийн чадавхыг илэр­­хийлэгч суурь  болдог. Энэхүү судалгааг 2014-2022 онд хийсэн. Ингэхдээ Дар­хан-Уул аймгийн Хонгор сумд бэлчээрийн эко­ло­гийн чадавхын зонхилох таван бүлгийг су­дал­лаа. 
Экологийн чадавхад суурилсан судалгаа нь тухайн бэлчээрийн хамгийн соргог хэсэгтээ ямар ургамлын бүлгэмдэлтэй байх, ашиглах яв­цад доройтсон бэлчээр хэр хугацааны дараа сэргэх вэ зэрэг асуултад хариулдгаараа онц­лог­той. Үүнийг бэлчээрийн бай­галийнх нь өгөгдөлд суу­рилан тодорхойлдог.  
-Найман жил судалгаа хийхдээ урт хугацаанд ямар өөрчлөлт гарч буйг ажигласан байх?  
-Бэлчээрийн экологийн чадавхын зонхилох таван бүлгийг доройтлын зэрэглэл, сэргэх ча­дав­хын түвшнээр нь үнэлсэн. Бэлчээрийг сор­гог, бага, дунд зэрэг, их, бас хүчтэй доройт­сон гэж ангилж үзсэн. Мөн сэргэх чадавхын хувьд бэлчээрийг соргог төлөвөөс малд шим тэжээл муутай ургамал түрж ургасан, хөрсний элэгдэл, эвдрэл илэрсэн, бүтээмж муутай, доройтсон төлөвт шилжих зэрэг өөрчлөлтөд үндэслэн I-V түвшнээр үнэлсэн. Хонгор сумд 2014 онд бэлчээрийн 44 хувь нь соргог, 36 хувь нь сул, 20 хувь нь дунд зэрэг доройтсон байсан. Харин 2022 онд 20 хувь нь соргог, 16 хувь нь сул, 56 хувь нь дунд зэрэг, дөрвөн хувь нь хүчтэй доройтсон гэсэн судалгааны дүн гарсан юм. Эндээс үзвэл соргог бэл­чээ­рийн хэмжээ буурч, дунд зэрэг болон хүчтэй до­ройтсон бэлчээрийн хэмжээ өссөн байна.
2014 оны судалгааныхаа дүнг 2022 оныхтой харьцуулахад Хонгор сумын бэлчээрт сэргэх ча­давхын I түвшний соргог бэлчээр 24 хувь, II түвш­ний сийрэгжсэн үетэнт бэлчээр 20 ху­виар буурсныг тогтоосон. Зонхилогч зүйл бу­юу бэлчээрийн соргог төлөвийг илэрхийлдэг урга­мал нь өөрчлөгдсөн III түвшний бэлчээр 36 хувиар, мөн доройтсон IV түвшний бэлчээр дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр нь бэлчээр дэх соргог төлөвийг илэрхийлэгч ургамлууд цөөрч, доройтлыг илэрхийлэгч зүйл олширч, төлөв байдал өөрчлөгдөж буйг ха­­руулна. Тухайлбал, бэлчээрийн доройтлыг илэр­хийлэгч түнгэ, шарилжийн зүйлийн болон ширэг улалжийн бүрхэц 11.6-35 хувиар өссөн. Энэ нь бэлчээр доройтож, чанар муудаж байгааг илэрхийлж буй үзүүлэлт юм.
-Уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгой зэрэг бусад хүчин зүйл бэлчээрийн соргог байдал алдагдахад нөлөөлж буй, эсэхийг энэхүү судалгаагаар тодруулсан уу? 
-Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт нь голч­лон ашиглалттай холбоотой. Голдуу мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа шүү дээ. Мөн үүнд уур амьс­галын өөрч­лөл­тийн нөлөө ч их. Дэл­хийн уур амьсгалын өөрч­лөлтийн нөлөөгөөр ма­най орны хувьд агаарын температур 2.4 ху­виар нэмэгдсэн гэх тооцоо бий. Уур амьс­галын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээгээр дэлхийн 174 орноос манай улс наймдугаар байрт жагссан. Үүний нөлөөгөөр агаа­рын дундаж температур өсөж, хур тунадасны ху­­ваарилалт өөрчлөгдсөн. Хуу­рай­шилт улам их­сэх­тэй зэрэгцэн малын тоо толгой ч өссөөр буй нь бэлчээрийн доройтол эрчим­жихэд хүр­гэж байгаа. 
-ЦУОШГ-аас өнгөрсөн онд мэдээлснээр  тус сумд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэр­сэн гэжээ. Та бүхний судал­гааны дүн уг мэдээлэлтэй нийцсэн үү?  
-ЦУОШГ-аас бэлчээрийн төлөв байдлын су­далгааг жил бүрийн наймдугаар сард улсын хэмжээнд хийдэг. Цаашлаад бэлчээрийн төлөв байдлын судалгаанд үндэслэж, сум, баг бүрээр өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлдог. Хонгор сумын бэлчээрийн 51 орчим хувьд даац 1-3 дахин хэтэрсэн хэмээн дүгнэсэн байсан. Тус байгууллага судалгаагаа  орон даяар бүх сум, багийн бэлчээрт хийдэг. Даац хэтэрсэн газарт өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүсдэг тул тэжээлийн нөөцийг зохих түвшинд бэлтгэхийг зөвлөдөг. Бидний судал­гаагаар Хонгор сумын бэлчээрийн ургац, тэжээ­лийн нөөцийг, малын тоо толгойд харьцуулан тоо­цоход 2014 онд даац хэтрэлт 38 хувь байсан. Ха­рин 2022 онд 70 хувьд хүрсэн.   
-Бэлчээрийн доройтлын зэрэглэл, сэргэх чадавхын шилжилтийг судлах нь ямар үр дүнтэй вэ? 
-Бид судалгаагаараа бэлчээр доройтож, сэр­гэх чадавхын түвшин буурч буйг тодор­хойллоо. Судал­гаандаа баримталсан, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загвар, сэргэх чадавхын концепц нь бэлчээрийн экологийн чадавх ялгаатайг, бас сэргэх чадавхын хувьд харилцан адилгүй түвшинд, доройтлын зэрэглэлээрээ өөр өөр байгааг үнэлж, тодорхойлж буй юм. Энэ үнэлгээнд тулгуурлан доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх, сайж­руулах, ямар арга хэмжээ авч, үр дүнд хэдий хугацаанд хүрч болохыг нь ч тодорхойлж чадна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн доройтол, сэргэх чадавхын түвшнээс хамааран ашиг­лалтын го­римыг тохируулах замаар сэр­гээх, сайж­руулах боломж­той. Тухайлбал, сэр­гэх ча­давхын II түвш­­ний үнэлгээтэй  бэлчээрт ачаал­лыг буу­руу­лах, ургамал ургах хугацаанд түр чөлөөлөх, бэл­чээрийн ургамалд сэргэх, гүй­цэд өсөж хөгжих, үр­лэх боломж олгох, үүний тулд бага хэмжээгээр ашиг­лахыг зөвлөж байгаа юм. 
Ташрамд дурдахад, энэ концепцийн дагуу манай улсын бэлчээрийн сэргэх чадавхын су­далгааг гүйцэтгэсэн үр дүнгээр 2022 онд Исланд улсад, мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард ХААИС-д докторын зэрэг хамгаалсан хоёр судлаач бий. 
-Судалгаа хийсэн хугацаанд хур туна­дас­ны хэмжээнд өөрчлөлт гарсан уу? 
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын ойн нугын бэлчээр нь сэргэх чадавхын I буюу соргог түвшинд багтана гэж 2014 онд тодор­хойлж байлаа. Харин 2022 оны судал­гаагаар сэргэх ча­давхын II буюу хуурайшсан төлөвт шилжжээ. Цаг уурын нөхцөл нь 2014-2022 онд хур ту­надас­ны хэмжээ харь­цангуй тогтмол, харин ч бага зэрэг өссөн үзүүлэлттэй байсан. Цаг уурын байгууллагын  мэдээллээр нийлбэр хур туна­дасны хэмжээ 2014 онд 270 мм байсан бол 2020 онд 290 мм орчим болжээ. Гэхдээ ургамал  ургах эхэн үе буюу 4-5 дугаар сард хур тунадас нэн шаард­лагатай. Гэтэл энэ хугацаанд хур тунадас бага байлаа. 8-9 дүгээр сарын сүүлчээр хур тунадасны хэмжээ нэмэгдэн хуваарилалт нь өөрчлөгдсөн. Бас судалгаа хийх хугацаанд Хонгор сумын малын тоо нэмэгдсэн. 2014 онд сумын малын тоо толгой 128 мянга орчим байв. Тэгвэл 2022 онд 161.5 мянга болж өссөн. Бэл­чээрт үзүүлэх ачаалал энэ хэмжээгээр нэ­мэг­дэж байгаа юм. 
-Үр дүнд нь орон нутгийн удирд­­лагууд, малчид хамтран ажилласнаар бэл­чээ­рийн төлөв байдалд эерэг нөлөө авч­рах боломжтой гэж зөвлөжээ. Тэд хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? 
-Бэлчээрийн доройтол нь малын тарга тэвээрэг, сүү, сүүн, мах, махан бүтээгдэхүүний ча­нар, гарцаар дамжиж өрхийн орлогод нөлөөл­нө. Цаашилбал, энэ нь орон нутгийн нийгэм, эдийн засагтай холбоотой. Тиймээс бэлчээрээ соргог байлгах нь ирээдүйн орлогынх нь хувьд чухал гэдгийг малчдад ойлгуулах хэрэгтэй. Юуны өмнө орон нутгийн удирдлагууд ч энэ асуудлыг ойлгож, судалгаанд суурилсан шийд­вэр гаргахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн малчид, судалгааны байгууллага, удирдлагууд нь хамтрах шаардлагатай. 
Бэлчээрийн судалгааг орон нутгийн засаг захиргааны хилээр хийж тодорхойлсон нь энэ чиглэлд сумын удирдлагууд анхаарах, асуудлыг шийд­вэрлэх, нөхцөл байдлыг сайжруулах, тогт­вор­жуулахад дөхөм болно гэж үзэж байна. Нө­­гөө­­тээгүүр, “Бэлчээр доройтсон бай­на”, “Бэл­чээрийг амраах, өнжөөх хэрэгтэй” гэсэн зөв­лөгөөг малчид нөгөө жижүүрийн үг гэдэг шиг хүлээн авч, сонссоор залхаж. Тэгэхээр энэ асууд­­лыг малчдад арай өөр өнцгөөс ойлгуулж, тэдэнтэй хамтран арга хэмжээ хэрэгжүүлэх хө­шүүрэг чухал байна л даа. 
-Бэлчээрийн төлөв байдлын талаар ярихаар даац хэтэрсэн талаар ярь­даг шүү дээ. Малын тоо толгой бэл­чээр дорой­туу­лагч гол хүчин зүйл гэдгийг өч­нөөн олон жил ярилаа. Гэвч хэрэг­жүү­лэхэд, үр дүн­тэй арга хэмжээ авахад ер анхаар­сан­гүй. 
-Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь жи­лийн дөрвөн улиралд нутаг сэлгэж нүү­дэл­лэдэг байснаараа онцлог. Ургамал ургах хугацаанд нутаг сэлгэж, хөнгөн ашиглах нь бэл­чээрийн ча­нарыг тодорхой барих гол арга. Учир нь бэл­чээрийг хөнгөн ашиг­ласнаар ургамлын сэр­­гэн ургах, цэцэглэх, үрлэх нөхцөлийг бүр­дүүлнэ. Малаа өсгөх замаар өрхийн хэрэгцээг хан­гахыг эрмэлзэж байгаа малчдын хичээл зүтгэлийг үгүйсгэх аргагүй. Гэвч нөгөө талд үүнийг дагаж малын тоо толгой эрчимтэй өсөж байна. Тиймээс бэлчээрийг чөлөөлөх, амраах зэрэг нийтлэг арга хэмжээнээс илүү доройтлын онцлог, сэргэх боломж болон бол­зошгүй эрс­дэлийг тооцож, тэд­гээрт тохи­руулан ашиглах зайлш­гүй шаард­лага­тай. 
Бэлчээрийг зохистой ашиглах нь олон эерэг нө­лөөтэй. Жишээ нь, үндэсний болон олон ул­сын зах зээлд нийлүүлэх бүтэгдээхүүний гарал үүс­лийг тодорхойлохдоо соргог бэл­чээ­рээс га­­рал­­­тай, органик, эрүүл гэдгийг нь батал­гаа­­­­жуулс­наар өндөр үнээр борлуулах, улмаар өр­хийн орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэж бай­гаа юм. 
-Үүний тулд эрх зүйн ямар зохицуулалт хийвэл үр дүн гарах бол? 
-Бэлчээр улсын өмч байдаг. Харин мал нь ир­­гэний өмч. Улсын буюу нийтийн эзэмш­лийн бэл­­чээрт малчид хувийнхаа малыг бэлчээр­лүүлэх замаар ашигладаг. Гэсэн ч малынхаа ашиг шимийг хувьдаа хүртдэг. Тэгэхээр хэн олон малтай нь ашиг өндөр хүртэж таарна. Тий­­мээс эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Ийм зохицуулалтыг бэлчээрийн төлөв байд­лыг сайжруулахад ашиглаж байгаа нэг жишээ нь, бэлчээр ашиглалтын гэрээ. Малчид ма­лын­­хаа бэлчээр нутгаар нэгдэж бүлэг бай­гуу­лах замаар хамтарч гэрээний нэг тал болж байна. Энэхүү гэрээг байгуулснаар малч­дыг ха­риуцлагажуулж, тэд ч эцэг, эхээс өвлөгд­сөн бэлчээр нутгаа ашиглах эрхээ батал­гаа­жуулах боломжтой юм. Гэрээг орон нут­гийн засаг захиргаатай байгуулахдаа мал­чид  бэл­чээрээ “хоёр жилийн хугацаанд сэр­гэх ча­дав­хын III түвшнээс II түвшинд хүргэх зохис­той ашиг­лал­тыг нэвтрүүлэх” үүрэг хүлээх гэх мэ­тээр тусгаж болно. Харин энэ үүргээ бие­лүү­лэхэд орон нутгийн засаг захиргаа хэрхэн дэмжихийг гэрээнд тодорхой тусгах гэх мэт зохицуулалт, шийдэл бий.
А.Тэмүүлэн

https://www.unuudur.mn/a/273159
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ