УИХ-ын гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хууль олон нийтийн эсрэгүүцэлтэй тулж эхлээд буй. Учир нь УИХ-ын гишүүний сарын цалин 4 сая орчим төгрөг бөгөөд өнөөдрийн ханшаар тооцоход жилийн 48 сая төгрөгийн тэтгэмж авах болж буй.
Хэдийгээр энэхүү хуулийн зохицуулалт нь өмнөх парламентын гишүүдэд үйлчлэхгүй ч шинээр бүрдсэн өнөөгийн 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусгавар болоход үйлчлэх болж буй.
Тэгвэл энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд санаачлан, өмнөх УИХ-аар баталж байжээ.
Тодруулбал, Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар санаачлан боловсруулснаа 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж байжээ.
Экс гишүүнд 12 сарын хугацаатай тэтгэмж олгох тухай зохицуулалтыг хуульд ийн суулгаж өгчээ.
Монгол Улсын Их хурлын тухай хууль:
ДОЛДУГААР БҮЛЭГ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГАА, ТӨСӨВ, ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БОЛОХ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХОРИГЛОХ ЗҮЙЛ
41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заасан байгаа юм.
Сануулахад, экс гишүүнд тэтгэмж олгох заалтыг анх 1997 онд баталсан Монгол Улсын их хурлын тухай хуульд оруулж байсан аж. Ингэхдээ зургаан сарын хугацаанд тэтгэмж олгоно гэж хуульчилсан. Улмаар 2006 онд дээрх хуульд өөрчлөлт оруулахдаа 12 сар болгон өөрчилсөн байна. Гэвч өнгөрсөн онд Монгол Улсын Их хурлын тухай хуулийг шинэчлэн боловсруулахдаа дээрх заалтыг хэвээр суулгасан төдийгүй нэмэлт заалтууд ч оруулж өгсөн нь энэ аж.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2774437/