Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарангуйллын үнэр


Хоёр жилийн өмнө ердөө нэгхэн хувийн илүүгээр өрсөлдөгчөө өвдөг шороодуулж Солонгосын бүгд найрамдах улсын 13 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлийг авлигачдыг чичрүүлдэг нугаршгүй хуульчийн сүрээр улс орноо ардчиллын чигт зөв зална гэж найдах хүн олон байв.
Гэвч сөрөг хүчинтэйгээ үзэлцдэг ээлжит толхилцооноо онц байдал тогтоох хэмжээнд аваачиж, Солонгосын улс төрд эх адаггүй хямрал өдөөх юм чинээ хэн ч санаагүй. Ерөнхийлөгчийн яаруу хуумгай шийдвэр дөчөөд жилийн тэртээ эгэл олны цусаа урсган тэмцэж нураасан цэргийн дарангуйлал эргэн сэргэх вий гэсэн айдас дагуулав. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн цаана нуугдсан дарангуйллын цуст он жилүүдийн гашуун дурсамж өнөө хэр бөхөөгүй учраас “Онц байдал” хэмээх ганцхан үгэнд цочирдсон иргэд ардчилсан засаглалаа авахаар парламентын гишүүдээ хашаа давуулан дэмнэж буй дүр зургийг бид харсан. Иргэд нь эрх чөлөө, үзэл бодлынхоо төлөө амиа ч өргөж чадах ёс суртахуун төлөвшсөн нийгэмд дарангуйллын салхи тийм ч амархан эргэх боломжгүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт Сөүлд болсон үйл явдал харууллаа.
Галаар наадсан шөнө
Өнгөрсөн хаврын сонгуулиар Үндэсний ассамблейд олонх болсон Ардчилсан нам ирэх оны төсвийг тодотгон, зардлыг дөрвөн тэрбумаар танаж, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор тэргүүтэй голлох албан тушаалтнуудыг огцруулах санал оруулж ирсэн нь Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн уур цухлыг баржээ. Прокурорын суудлаас улс төрд шилжсэн ганцхан жилийн дотор Ерөнхийлөгчөөр сонгогдсон цочмог хурц араншинтай түүнийг нутаг нэгтнүүд нь “К-Трамп” хэмээн шоглон нэрлэдэг нь оргүй ч үг биш бололтой.
Түүнд ялагдсан И Жэ Мёныг нэгэн цагийн хамтран зүтгэгч прокурор, шүүгчид нь байнга элдэв асуудлаар ноолж, ялангуяа Ардчилсан нам парламентад хяналтаа тогтоосны дараа хяналт шалгалтын ажил илүү эрчимжжээ. Сөрөг хүчин ч зүгээр суухгүй нь мэдээж. Засгийн газрын оруулж ирсэн шийдвэрүүдийг унагах, гол гол албан тушаалтнуудыг нь шалгах сонсгол зохион байгуулах зэргээр сөрсөн базаа хийж эхэлсэн нь улс төрд байдаг л үзэгдэл. Харин Ерөнхийлөгч Юн Сок Ёль маргаан зөрчилдөөнийг улс төрийн яриа хэлцлийн аргаар шийдэхийн оронд шууд цэргийн хүч ашиглахыг санаархсан нь иргэдийн хувьд уучилж болшгүй алдаа болсон юм. Тэр тусмаа Умард Солонгосын талыг баримтлагч хүчнүүдийг устгана хэмээн сүржин мэдэгдэл хийсэн нь хөндөж болохгүй сэдвээр хил шугам давсан үйлдэл болсон гэж ажиглагчид дүгнэж буй. Онц байдал зарлахаа ойрын хүрээллийн улстөрчид, Засгийн газрын сайд нартаа ч дуулгалгүй түргэн түүхий хөдөлсөн нь засаглалын хямралд хөтөлж төрийн тэргүүнд итгэл үзүүлэх эсэх урт маргаан мэтгэлцээний эхийг тавилаа.
Цэргийн дэглэм тогтоох онц байдлын хууль бол холын дурсамж биш. Энэ бол ардчилалд ямар амархан аюул занал учирч болохыг сануулсан сургамж.
Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаалд оролцож буй энгийн иргэн
 Итгэл алдсан хоёр жил
Уг нь 27 жил прокуророор ажиллахдаа Юн Сок Ёл өмнөх хоёр ч Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Samsung болон Hyundai корпорацын удирдлагууд зэрэг 100 гаруй өндөр албан тушаалтныг авлигын хэргээр торны цаана суулгаж чадсан зартай хуульч. Гэтэл ажлаа аваад хоёрхон жилийн хугацаанд түүний дэмжлэг 17 хувь дээр дөнгөн данган тогтох болжээ.
Өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулахад Умард Солонгостой илт дайсагнасан бодлого явуулж Япон, АНУ-ыг хэлбэрлэлтгүй даган дуурайх түүний гадаад бодлого эхнээсээ л иргэдэд таалагдаагүй. Үүн дээр 2022 оны аравдугаар сард Хэллоуины баяраар олон хүний амь үрэгдэхэд Юны засаг захиргаа шийдвэртэй арга хэмжээ аваагүйн дээр өнгөрсөн хавраас эхэлсэн эрүүл мэндийн салбарын хямрал ч нэрмээс болж буй.
Дарангуйллын үнэрСөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли
"Өмнөд Солонгосын ардчилал нь манлайлал, хариуцлагын аль алинд нь өндөр эрсдэлтэй ханддаг. Улс төрийн намууд үзэл суртал, бодлогод суурилсан институцийн залгамж чанарыг хадгалахаас илүүтэй харизматик улстөрчидтэйгөө хамт урагшилж, хамт урууддаг."
Гэхдээ улс төрийн зөрчил гэхээс илүүтэй тэргүүн хатагтайн холбогдсон элдэв дуулиан Юн Сок Ёлийн нэр хүнд уруудах гол шалтгаан болжээ. Залуу насандаа тансаг зэрэглэлийн бааранд ажилладаг байсан гэх цуу ярианаас эхлээд нэр, намтраа сольсон гэх дуулианд холбогддог тэргүүн хатагтай Ким Кун Хи хуурамч дипломтой гэдгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан удаатай. Хувьцааны бизнесээс хууль бусаар ашиг олсон, нөхрийн нэр сүрээр хувийн бизнесээ тэтгэдэг, зарим албан тушаалын томилгоонд оролцож дураар дургидаг гэх тэргүүн хатагтай тансаг бэлгэнд хамгийн сүүлд брендийн авсан цүнх хэргээр прокурорт байцаагдаж нэр хүндээ нэгмөсөн шороотой хутгав. Хамгийн гол нь сөрөг хүчнийхэнтэй холбоотой хэрэг дээр шаргуу ажилладаг прокурор, шүүхийнхэн тэргүүн хатагтайн авлигын асуудалд нүдээ аниад өнгөрсөн нь Хөх ордны нөлөө байж болох хардлага дагуулсан юм. Үүн дээр Ерөнхийлөгч Юн архи хэтрүүлэн хэрэглэдэг нь нэгэнт олон нийтэд ил болсон мэдээлэл.
Ерөнхийдөө Юн Сок Ёлийн эрх барьсан хоёр жилд Өмнөд Солонгосын ардчилал хэдэн алхмаар ухарч, авторитар дэглэм дахин сэргэх хандлага ажиглагдсан гэж иргэд олон нийт дүгнэх болжээ.
Дарангуйллын үнэр
Цэц өршөөсөн ч иргэд мартахгүй
Парламентын тавьсан хоригийг хүлээж авч нэг шөнийн онц байдлын дэглэмээ цуцалсан Ерөнхийлөгч Юн Сок Ёльд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хуулийн төслийг сөрөг хүчний зургаан нам Үндэсний ассамблейд өргөн барьсан. Харин Солонгосын иргэд Ерөнхийлөгч болоод дайны онц байдал зарлахыг зөвлөсөн, оролцсон бүх албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг эх орноос урвасан, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр яллахыг шаардан жагсаал өрнүүлж буй.Сөрөг хүчний 191 хууль тогтоогчийн өргөн барьсан Ерөнхийлөгчид импичмент эхлүүлэх тухай хуулийн төслийг явуулахад 300 гишүүнтэй парламентын гуравны хоёрын санал шаардлагатай. Эрх баригч Ард түмний хүч намаас сонгогдсон төлөөлөгчид ирцээр бойкотлож уг хуулийг унагаж дөнгөсөн ч сөрөг хүчнийхэн Юн Сок Ёлийг огцортол долоо хоног бүр санал хураалт явуулахыг оролдоно гэдгээ мэдэгдсэн. Хэрэвзээ парламент огцруулах шийдвэр гаргавал асуудал есөн гишүүнтэй Үндсэн хуулийн цэцэд очих юм. 
Энэ долоо хоногийн эхээр БНСУ-ын Прокурорын газраас Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж эхлэн хилийн хориг тавьсан бол ням гарагт Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр баривчлан саатуулаад байгаа юм.  Ард түмний хүч намын зүгээс ч Ерөнхийлөгч хугацаанаас өмнө албан тушаалаас бууснаар онц байдал зарлах тухай түүний шийдвэрээс үүдэлтэй үр дагаврыг аль болох бага байлгахыг хичээж байгаа гэж  мэдэгдлээ. Тэгэхээр нөхцөл байдал тогтсон дэг журмаас илүү хурдан өрнөх магадлалтай. 
Харин БНСУ-ын 10 иргэн тутмын долоо нь онц байдал зарласных нь төлөө Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжиж байгааг “Realmeter” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн харууллаа. Түүний үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх үү гэсэн асуултад оролцогчдын 70 хувь нь тийм гэж хариулжээ.
Юн Сок Ёлийн хувь заяа яаж ч эргэсэн байлаа ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хана хэрэм мэт зогссон арванхоёрдугаар сарын 04-ны шөнийг Солонгосын иргэд хэзээ ч мартахгүй биз ээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ