Автобусны тендер, худалдан авалттай холбоотой хууль бус асуудлууд хөдөө орон нутагт ч гарсаар байна.
Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард Дундговь аймгийн төсвөөс 240 сая төгрөгөөр хоёр автобус худалдан авчээ. Уг автобусуудыг тухайн үеийн засаг даргын тамгын газрын долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авчээ.
Гэвч өнөөдөр тус хоёр автобус үйлчилгээнд яваагүй хэвээр байна. Учир нь шинээр худалдан авсан дээрх автобусууд нь ашиглалтын шаардлага хангахгүй, хуучин, эд ангийн гэмтэлтэй автобус байжээ.
Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас 240 сая төгрөгийн тендер зарлаж, урлаг соёлын үйл ажиллагаанд ашиглахаар худалан авсан уг автобусыг анх Сайнцагаан суманд өгч байсан ч өдгөө нэг нь биеийн тамир спортын газрын хашаанд, нөгөөх нь айлын хашаанд үйлчилгээнд явах боломжгүй зогсож байна.
Аймгийн одоогийн удирдлагуудын зүгээс автобус худалдан авах ажиллагаанд ямар шаардлага тавьсан мөн автобусны эд ангийн үзлэг оношилгоонд оруулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэх мэдээллийг өгч байна. Тиймээс автобус худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар болжээ.