Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?


Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг. Баялгийг гартаа оруулах гэсэн компанийн захирлуудын хүсэл, түүнийг нь ёсоор болгож шан хүртэх гэсэн эрх мэдэлтний шунал хоёр нийлсэн байдаг.
Эсвэл хариуцлагаас зугтсан хулгайч мөн л эрх мэдлийн шуналтай нийлж аваад улс төрийн “түймэр” тавьж, олны анхаарлыг өөрийнхөө хэргээс холдуулдаг. Тэгээд санасандаа хүрдэг. Ойлгоход ийм энгийн л дээ. Гэвч олон нийт үүнийг анзаардаггүй. Шидсэн чулуу, тавьсан түймрийг нь л олж хараад байдаг. Монголд улс төрийн тогтворгүй байдал ийм шалтгаантай л үүсдэг. Шулуухан ингээд ойлгочих нь амар шүү. Тийм учраас эрх мэдэлд хүрсэн этгээд хамгийн түрүүнд хэдэн хүний хүсэл үү, олон нийтийн эрх ашиг уу гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Сонголт нь түүний сандал ширээний бат бөхийг тодорхойлно.
 
Сүүлийн 30 гаруй жилийг байг гэхэд улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөхөөр ярьж эхэлсэн 10 гаруй жилийг харахад л үүнийг ойлгоно. Тэгээд ч унасан дарга нар дандаа л ямар нэг том төслийг хэн нэгэн даргын нэртэй хамт “…Миний огцорсон шалтгаан” хэмээн зарладаг шүү дээ. Ийм л юм.
 
Сүүлд л гэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын төрд авахад, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, зээл нэрээр тоночихсон хүмүүсийг зарлахад юу юу боллоо доо. Нүүрсний хулгайч нар илрэх үеэр жагсаал хүртэл болж байв шүү. Тэгвэл сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны хил холболт, мөн Тавантолгой ордын ашиглалттай холбоотой төслүүдээс болоод улс төр бужигнаж гарлаа. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг Хятадын талаас хариуцах “Чайна энержи”-гээс “…Олборлолт, тээвэрлэлт, худалдаж борлуулах ажлыг гурван цогцоор нь гэрээлье” саналыг манайд тавиад байгаа юм.
 
Уг нь анх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам, Тавантолгой ордын ашиглалт хоёр тусдаа яригдаад явж байв. Тэгж байгаад нийлсэн. Нийлүүлсэн хүмүүстэй /ер нь хүнтэй ч гэж болно/ холбоотой өдгөө “Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд өгөх гэж байсан.
 
Ингэхдээ гаднын компанид 49 хувийг өгч, Монголын компаниуд 51 хувийг эзэмших нөхцөлтэй байсан. Монголын компаниудын энэ 51 хувийн 17-г нь нэгэн “экс” авахаар тохирсон. Мань эр түүнийгээ төрийн шийдвэр болгож гаргах ажлыг хариуцаж зүтгүүлсэн” гэсэн мэдээлэл үлдсэн. Ер нь төмөр зам, Тавантолгой хоёрын товч түүхийг харахад л энэ бүхэн тодорхой болно. 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг “Энержи ресурс”-д олгосон. Ингээд “Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон. 2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид “Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн. Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна.
 
Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.
 
Тэгсээр Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн. Түүнээс өмнө Тавантолгой ордын тухайд 2003 оны есдүгээр сард Монголын талаас “Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон. 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтооллор “Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордын 49 хувиас Ухаа худагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан байдаг юм. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү. Батболдтой “Шэньхуа” группын төлөөлөл уулзаж “Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, “Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн. 2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн. Ингэсээр 2014 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг “сав”-нд орсон. Ер нь бол оруулсан байдаг юм.
 
Тэгээд маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин “Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн.
 
Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн “Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон.
 
Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.
 
Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод явчихлаа. Гэвч Засгийн газар Хятадын талтай дундын зуучгүйгээр шууд яриа хэлэлцээр хийж байна. Чухам энэ нь Тавантолгойг 100 жилээр “зуучилж” байгаад ч болов 17 хувийг нь хүртэх хүсэлд хясал болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ талаарх гэрээг Шанхайд албажуулснаас хойш Монголын улс төр амаргүй болоод байна. Ер нь бол том төслүүд ингэж л гацаж ирсэн түүхтэй юм.
 
 
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ