Монгол Улс иргэдээ санхүүгийн сахилга бат хэр сахиж байгаагаас нь шалтгаалан онооны системээр үнэлдэг олон улсын схемийг хэрэгжүүлэн, хилээр гарах эсэхийг нь ч шийддэг болж мэдэх нь ээ.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.10.17/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр дээрх асуудал хөндөгдлөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбараар бол УИХ-аас 2012 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль баталсан нь хэрэгжээд явж буй. Энэхүү хуулийн хүрээнд Сайн скор, Бүрэн скор гэдэг хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоодог эрх аваад үйл ажиллагаа явуулж буй. Сайн скор гэдэг компани нь АНУ -д ашигладаг Файко гэдэг аргачлалыг Монголд нэвтрүүлж байгаа. Уг аргыг нэвтрүүлж эхлээд сар болж буй. АНУ –д иргэн нь регистрийн дугаар, төрсөн он сар, Файкогийн оноог цээжлээд явж байхад бүх л бүтээгдэхүүн үйлчилгээн дээр нөлөөтэй байдаг бөгөөд дэлхийд туршлага болжээ. Файкогийн системээр зээлдэгчид 600 хүртэлх оноог өгч эхэлнэ.
Одоо бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд иргэний банкны зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, үүрэн телефоны төлбөр, ус, дулаан, цахилгааны төлбөр төлөгдсөн эсэх талаарх бүхий л мэдээлэл цугладаг бөгөөд хар жагсаалт гэх хэллэгтэй болсон. Харин дээрх онооны системд шилжсэнээр хувь хүн болгонд оноо өгөөд явна.
Хамгийн өндөр оноо буюу 600 оноотой зээлдэгч нь хөнгөлөлттэй буюу сайн нөхцөлтэй зээл авна. Харин муу оноотой бол бусад улсын жишгээр хил давах хүртэл нь хилийн байцаан өнгөрүүлэх дээр хүртэл энэ оноо нь үйлчилдэг байх зохицуулалт үйлчилнэ.
Монголбанкны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд ирэх онд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барих юм байна. Иймээс энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орж, онооны систем бүрэн утгаараа хэрэгжээд эхлэхээр санхүүгийн сахилга бат сахидаггүй иргэдийг хилээр гарахыг нь хязгаарлах хүртэл зохицуулалт үйлчилж мэдэх ажээ.
Зээлийн нөхцөл байдлыг авч үзвэл, Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны наймдугаар сарын байдлаар банкны салбар дахь зээл 34.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр өссөн байна.
Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувийг иргэд, 38.3 хувийг хувийн байгууллага, 0.7 хувийг төрийн, нэг хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх эзэлж буй. Нийт зээлийн үлдэгдлийн 90.5 хувь нь хэвийн бол 3.8 хувийг анхаарал хандуулах зээл, 5.7 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.
Санхүүгийн зохиуулах хорооны мэдээлснээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 549 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт зээлийн багц 4.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнээс 90.8 хувийг хэвийн зээл, 3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 6.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл, банк болон банк бус санхүүгийн байгууллага дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад буурсан байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд аппликэйшний зээлтэй иргэдийн тоо өндөр хувь эзлэх болсон. Оноолтын системд эл зээлийг багтаах уу гэдгээс эхлээд олон зүйлийг тодорхой болгох шаардлага тулгарч буй юм.
Уг нь оноолтын энэхүү систем нь олон улсад хэрэгжээд удаж буй бөгөөд санхүүгийн сахилга бат сайн сахидаг иргэдийн хувьд хүү багатай зээл авах, мөн богино хугацаанд зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлж авах зэрэг давуу тал олон байдаг аж. Харин Монголд энэхүү систем нэвтрээгүйгээс муу зээлдэгч, хариуцлагатай зээлдэгч хоёрт ижил төрлийн хүүтэй зээлийг банкууд санал болгодог. Хэрвээ энэ систем сонгодог утгаараа хэрэгжээд эхэлбэл авсан зээлээ цаг хугацаандаа төлдөг иргэн бага хүүтэй зээл авах нөхцөл бүрдэх төдийгүй зээлийн хүү буруулахад ч ач холбогдол өгнө гэж зарим УИХ-ын гишүүн үзэж байна.
Гэхдээ Монголд эл систем хэрэгжихэд амаргүй, эсэргүүцэлтэй тулж мэдэх аж. Жишээ татвал, СӨХ-ийн төлбөрөөс эхлээд гар утасны төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй иргэд хэдэн мянгаараа бий. Дээр нь аж ахуй нэгжүүд нь татвар, НДШ-ийн олон тэрбум төгрөгийн өртэй байх нь элбэг. Тэр бүгдийн хилээр гарахыг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт үйлчлэх болбол хүлээн зөвшөөрөх нь хэд бол гэдэг асуудал ч хөндөгдөж буй юм. Нөгөөтэйгүүр, иргэн СӨХ-ийн төлбөрөө цаг хугацаандаа төлдөг ч СӨХ-ийн дарга нь дунд нь зувчуулснаас хохирч буй иргэд олон. Гэтэл дунд нь цавчаа үүсгэж байгаа хариуцлаггүй иргэнээс болж бусад иргэн хилээр гарах эрхгүй болох эрсдэл тулах вий гэдэг болгоомжлол ч дагуулж байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2758845/