Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өчигдөр 758 зам тээврийн осол гарч, Хэнтийд нэг иргэн амиа алдлаа


Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа үүссэнтэй холбоотой зам тээврийн осол гарч иргэдийн амь нас эд хөрөнгө эрсэдлээ. Бид үүссэн нөхцөл байдлыг тодруулан дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
-Хэнтий аймагт хоёр машин мөргөлдөж 88 настай эрэгтэйн амь эрсэдэж, гурван зорчигчийг эмнэлэгт хүргэсэн-
Онцгой байдлын албанд Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт замын гулгаатай холбоотой осол бүртгэгдсэн байна. Тодруулбал,
ОБЕГ: Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэх газар хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид 18 км замыг туулан 15.48 цагт очсон.
Ингэхэд Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Premio” загварын дөрвөн зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 88 настай, эрэгтэй Б автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн. Мөн “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан гурван иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн “Өндөр толгой” гэх газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 19.09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Alphard” загварын найман зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Хархорин сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Lexus RX400h” загварын зургаан зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Alphard” загварын суудлын автомашины жолооч 34 настай, эрэгтэй С автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 35 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн “Лүнгийн-Овоо” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан 42 зорчигчтой автобус автозамын хажуу руу унасан, иргэдийг эмнэлгийн байгууллага руу тээвэрлэж өгнө үү гэсэн дуудлагыг аравдугаар сарын 21-ний өдрийн 02.45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Hyundai Universe” загварын зорчигч тээврийн автобус автозамын хажуу руу унасан байсан тул зорчиж явсан 35 хүнийг ослын газраас тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
-Өчигдөр 758 зам тээврийн осол ТЦА-нд бүртгэгдлээ. Ихэнх нь зуны дугуй солиогүйтэй холбоотой осол -
Их хэмжээний нойтон цас орсонтой холбоотойгоор зам тээврийн осол гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болон 10 аймагт их хэмжээний нойтон цас орсон. Үүнтэй холбоотойгоор нийт 758 зам тээврийн осол ТЦА-нд бүртгэгдлээ. Хамгийн их осол Улаанбаатарт бүртгэгдсэн юм. Осолтой холбоотой нийт хохирлын хэмжээ одоогоор гараагүй байгаа юм.
Зам тээврийн ослын дийлэнх хувийг зуны дугуйгаа солиогүйгээс үүдсэн болох нь тогтоогдоод байна. Тиймээс зуны дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна" хэмээсэн юм.
-Автобуснууд өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн хэвийн горимоор явж эхэлсэн-
Мөн орон нутгийн зарим автобусны хөдөлгөөнийг АТҮТ-өөс түр хязгаарласан. Хөдөлгөөнийг эргэн сэргээсэн эсэх асуудлаар тодруулахад "Нийт нутгаар их хэмжээний цас орсонтой холбоотойгоор замын гадаргуу дээр цас, мөсөн бүрхүүл тогтсонтой холбоотойгоор зарим чиглэлийн автобусны зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах арга хэмжээ авсан билээ. Тодруулбал, Завхан аймгийн Загастайн даваа, Солонготын даваа, Архангай аймгийн Цагаан даваа, Хэнтий аймгийн Хамар даваа, Дуутын даваа чиглэлд цас их орсны улмаас гулгаа үүсэж тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд удаашралтай байсан.
Иймд Улаанбаатараас Увс, Завхан, Архангай аймгийн чиглэлийн бүх цагийн автобус, Эрдэнэт, Дархан чиглэлийн оройн автобуснуудад түр хязгаарлалт хийсэн. Тухайн автобуснууд өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн хэвийн горимоор явж эхэлсэн юм.
Хэдийгээр автобус тээвэр хэвийн явж эхэлсэн ч орон нутгийн зам халтиргаа, гулгаа ихтэй хэвээр. Тиймээс орон нутгийн замд гарах гэж буй нийт жолооч нар тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдал, өвлийн дугуй солих болон шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг анхааруулж байна" гэв.
-Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна-
2024 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
ЦУОШГ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
  • Улаанбаатар орчмоор: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -1...-3 градус хүйтэн байна.
  • Багануур орчмоор: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -2...-4 градус хүйтэн байна.
  • Тэрэлж орчмоор: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3...-5 градус хүйтэн байна.
https://eguur.mn/540928/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ