Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газын зурваст хүүхдүүд шалбаагаар ундаалж байна


Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах дахь усан сангийн хоолой руу санаатайгаар тэсрэх бодис хийж, бохирдуулсан нь долдугаар сард бичлэгээр ил болсон. Уг усан сан нь гурван сая литрийн багтаамжтай бөгөөд Рафах мужийн усыг цэвэршүүлэх, түгээхэд гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын мэдээлснээр мөргөлдөөнөөс өмнө тус усан сан нь 150 мянган хүнийг усаар хангадаг байсан.
Газын зурваст 10 сар үргэлжилсэн дайралтаас болж олон усны байгууламж эвдэрч, сүйдсэн нь энгийн ард иргэдийн зовлон зүдгүүрийг нэмэгдүүлж, өвчин тархах шалтгаан болж буй. Тиймээс усан хангамжийг зэвсэг болгон ашигласан гэж хүний эрхийн мэргэжилтнүүд Израилийг буруутгаж байна. Рафах дахь усан санг устгасан нь гарцаагүй олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Гэхдээ дээрх дэлбэрэлтээс өмнө Рафах хэдийнэ усны хомсдолд орсон байжээ. Хотын дарга Ахмед Аль Софийн тодорхойлсноор “Рафах бол сүйрэл, өлсгөлөн, усны хомсдол нүүрлэсэн хот”.
Газад байгаа усны хэмжээг тооцоод үзвэл нэг хүнд өдөрт 4.74 литр ус ногдож байгааг “Оксфам” судалгааны байгууллага долдугаар сард мэдээлж байв. Энэ нь онцгой байдлын үед санал болгодог усны доод хэмжээнээс даруй 30 хувиар бага үзүүлэлт юм. Газын зурвас дахь палестинчууд юм угаах, хоол хийх, цэвэрлэх нь бүү хэл уух ус ч үгүй байгаа гэсэн үг.
Зуны хэт халалт нь усны хомсдолыг улам дордуулж байна. Израилийн цаг уурын албаны мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард урьд өмнө байгаагүйгээр халжээ. Газаас хойш хэдхэн км зайд орших Негба хотод л гэхэд агаарын хэм 39.4 хүрсэн байна.
Дайны улмаас түлш, хлор, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт буурч, ус цэвэршүүлэх, бохир ус шахах үйл ажиллагаа зогссоныг НҮБ мэдэгдсэн. Газын бүх ус, ариун цэврийн байгууламжийн 70 орчим хувь нь эвдэрч, сүйрснийг долдугаар сарын 24-нд авсан хиймэл дагуулын зургаар тодорхой болгожээ.
Хомс нөөцийн төлөөх тэмцлийн хажуугаар ус түгээх цэгүүдэд бие махбодийн хүчирхийлэл, тэр бүү хэл аллага ч гардаг аж.
Цаашилбал, халдварт өвчний тохиолдол нэмэгдэж буй нь нэг эмзэг сэдэв юм. Түр хуаранд орогнож буй нүүлгэн шилжүүлсэн хүмүүс, хүүхдүүд шалбаагны ус ууж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Ундны усны аюулгүй байдал алдагдсан тул Газад халдварт өвчний 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ өнгөрсөн долдугаар сард Газын бохир усны дээжнээс вирус илрүүлсэн нь олон мянган палестинчуудыг саа өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулсан.
Одоо үргэлжилж буй дайныг эс тооцвол Газын усны хямрал хэдэн 10 жил үргэлжилж байна. Хэт олборлолт, далайн ус нэвчилт, бохирдол зэргээс болоод Газын цорын ганц уст давхаргын усны 95 хувь нь хүний хэрэглээнд тохиромжгүй болсныг НҮБ 2017 онд тогтоожээ. 2021 оны байдлаар Газын усны 90 орчим хувийг уг уст давхаргаас, үлдсэн 10 хувийг нь давсгүйжүүлэх үйлдвэрүүд болон Израилийн үндэсний усны компани болох Мекоротоос татаж байжээ. Гэвч одоогийн байдлаар Газын худгууд болон давсгүйжүүлэх үйлдвэрүүд тус тус 15, 22 хувийн хүчин чадалтай ажиллаж байна. Хүмүүст олдож байгаа уч нь ихэвчлэн давслаг юм уу метал амтагдсан байгаа аж.
“Газын усны системд учирсан хохирлын хэмжээ нь сүүлийн 10 жилд болсон аливаа мөргөлдөөнүүдээс илүү ноцтой, магадгүй хамгийн ноцтойд тооцогдоно” гэж Нидерландын энх тайвны байгууллагын судлаач Вим Цвижненбург хэлжээ.
Газын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотод мөн л усны хямрал нүүрлэсэн. Тэнд эмэгтэйчүүд хэдэн сарын турш сарын тэмдэгийн бохирдолоо угаалгүйгээр тэвчдэг тухай НҮБ мэдээлжээ. Цаашилбал, усны хомсдол, дайны стресс хосолсноор жирэмсэн эхчүүд амьгүй ураг төрүүлэх, дутуу төрөх эрсдэлтэй болсон.
Газын зурваст үзүүлэх тусламжийг харуицдаг “COGAT” агентлаг усан хангамжийг тасалдуулахгүй байх боломжоор хангаж байгаа гэж мэдэгдсэн. Дайн эхэлснээс хойш тус агентлаг худаг, давсгүйжүүлэх байгууламж, ус дамжуулах шугам хоолойг засварлах, өргөтгөх ажлыг урагшлуулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргажээ. Тус байгууллага энэ хугацаанд Газын зурвас руу 48670 тонн усны тусламж оруулахад тус дөхөм үзүүлсэн байна. Гэвч тусламжийг байнга хязгаарладаг, тусламжийн цуваа руу дайрдаг, зам хаадаг зэрэг шалтгаанаас болоод хямрал улам даамжирч байна.
Хомсдолоос болоод усны үнэ байж боломжгүй дээд хэмжээнд хүрсэн. Тусгайлсан зохицуулалт байхгүй тул тусламжийн байгууллагуудын нийлүүлдэг ус хар зах дээр хэт өндөр үнээр зарагддаг аж. Зарим бүс нутагт 1000 литр ус 45-50 ам.доллар хүрэх болжээ.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ