Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮГИЙН ААВ А.БАВУУДОРЖ: ОХИНЫХОО БАРИЛДААНЫГ ТОГТОЖ СУУЖ ЧАДАХГҮЙ ДОГДОЛЖ, БАЯРЫН НУЛИМСТАЙ ҮЗЛЭЭ


Бавуудоржийн Баасанхүү гэх “шагай” шиг биетэй охин бөмбөрцгийг шуугиулж, Монголын ард түмнийг омогшууллаа. Ганган юм аа Баасанхүү, бахархахгүй байхын аргагүй юм. 2024 он түүний он цаг байлаа. 2024 оны Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, Душанбе их дуулга тэмцээний аварга, "Абу Даби-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, "Парис 2024" олимпын мөнгөн медалийг хүртлээ, тэр.

          Б.Баасанхүү хоёрхон сарын өмнө "Абу Даби 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээ Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас долоон секундийн өмнө базари үнэлгээгээр ялж, дэлхийн аварга болж байлаа. Харин хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл "Парис-2024" олимпын C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялсан. Харин олимпын наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Нацуми Цунадотой өрсөлдөж ялагдсанаар эх орондоо энэ жилийн олимпын анхны медалийг авчирч чадлаа. Ийнхүү Б.Баасанхүү олимпоос жүдогоор мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд тав дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болж түүхэнд нэрээ мөнхөллөө. Хэдхэн жилийн өмнө спорт сонирхогчид л түүнийг мэддэг байлаа. Харин өнөөдөр тэр дэлхийн шилдгүүдийг өмнөө “сөхрүүлж” байна. Барилдааны мэдрэмж, хурд, мэх нь дэлхийд гайхагдаж, тэр дэлхийн жүдогийн шинэ “од” болон гялалзаж байна.
            ОУХМ Б.Баасанхүү Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1999 онд төрсөн. Айлын том нь, гурван дүүтэй. Түүний аав, ээж нутагтаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бий. Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү бөхийн замналаа 13 настайдаа анх төрөлх сургуулийнхаа ахмад багш А.Даваадоржийн удирдлага дор самбо бөхөөр эхлүүлсэн байдаг. Үүний дараа “Идэр” дээд сургуульд цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байх үедээ жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Б.Баасанхүүгийн аав сумын начин цолтой. Мөн түүний удамд Даншигийн их арслан Дампил гэж олонд алдаршсан бөх байсан гэдэг.
 Энэ талаар Б.Баасанхүү Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан "Парис 2022" их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Надаас таван үе дээш Даншигийн их арслан Дампил гэж барилддаг бөх байсан тухай гэрийнхэн маань ярьдаг.  1888 оны Даншигийн их наадамд 1064 бөх барилдахад ес давж, 10-ын даваанд алдарт аварга Дугарт өвдөг шороодож, дараа жил нь мөн л тунасан юм билээ. Тухайн үед хошууны ноён хурдан морь, бөхөө бэлтгээд, түшмэдээ дагуулаад наадамд явах болсон байгаа юм. Тэр үед Дампил гэж хүн адуу хариулдаг байж л дээ. Тэгээд ноёндоо “Намайг наадамд аваад яваач, барилдъя” гэж хэлсэн гэдэг.  Гэтэл ноён нь “Даншиг наадамд олон аймаг, хошууны алдартай хүчтэнүүд барилдаж, тэнхээгээ үздэг юм. Огт барилдаж үзээгүй чам шиг хүний ноцолдох газар биш. Адуугаа сайн харж, тарагныхаа савтай байж бай” гээд орхисон гэдэг. Гэсэн ч Дампил араас нь очиж, наадмыг захирч, тэргүүлж суусан Манжийн амбанд барилдах хүсэлт тавьж, шийтгүүлэх дээрээ хүрсэн гэдэг. Тэгэхээр нь “Намайг түрүүлэхгүй бол толгойг минь аваарай” гэж амбанд амлаж барилдахаар болсон.  Барилдаанд нэртэй, цолтой, цуутай бөхчүүдийг дараалан давж, наадмын түрүүг авч, Манжийн амбанаас бай шагнал, аварга цол хүртсэн гэдэг юм билээ. Мөн яагаад “Годон” гэж дуудуулах болсон бэ гэхээр үхрийн ширний “Год”-ыг тас мушгидаг хүчтэй байсан учраас ийм нэртэй болсон гэдэг” хэмээсэн.
        

А.БАВУУДОРЖ: ОХИНЫХОО БАРИЛДААНЫГ ТОГТОЖ СУУЖ ЧАДАХГҮЙ ДОГДОЛЖ, БАЯРЫН НУЛИМСТАЙ ҮЗЛЭЭ-

           Бид түүний аав А.Бавуудоржтой цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Сайн байна уу. Таны охин “Парис-2024” олимпоос мөнгөн медаль хүртэж, ард түмнээ баярлууллаа. Та баярын сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Сайхан байна аа, үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Охиныг минь дэмжиж, бидэнтэй хамт захыг нь мушгиж суусан Монголын ард түмэн, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Гэр бүл, хамаатан саднаараа цуглаж, омогшил бахдал дүүрэн охиныхоо барилдааныг үзлээ. Суудал дээрээ тогтож сууж чадахгүй догдолж, баярын нулимстай үзсэн дээ. Охиныг медалийн төлөө өрсөлдөх болсон үеэс хойш бидэнд баяр хүргэж буй хүмүүсийн цуваа тасрахгүй л байна даа.
-Барилдааны турш танд юу бодогдож байв. Сэтгэлдээ “хамт” дэвжээн дээр гарсан байх?
-Эхний барилдаан их хүнд санагдаж байлаа. Үүнээс хойш миний жаахан охин янзын сайхан барилдааныг үзүүллээ. Мэх бүртэй нь “хамт” байж, уухайлж үзлээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн олимпоос мөнгөн медаль хүртэнэ гэдэг хүн болгоны хийдэг зүйл биш. Үүнийг чамлах эрх ч бидэнд үгүй.  Финалын төлөө Цунадо Нацумитай гараад ирэхэд өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс бөмбөрөөд л урсчихсан. Энэ онд охин минь олон ч сайхан медаль хүртлээ. Охиноороо дахин дахин бахархаж, өөрийгөө ямар азтай хүн бэ гэж бодож сууна даа, ах нь.
-Охиныгоо олимпт явахаас нь өмнө уулзав уу?
-"Абу Даби-2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд ирэхэд нь уулзсан. Гэхдээ үргэлж цахимаар холбогдож байгаа. Хамгийн сүүлд өнөөдөр /өчигдөр/ фэйсбүүкээр холбогдож, охиндоо баяр хүргэсэн.
-Охиныхоо талаар ярихгүй юү. Ямархуу хүүхэд байсан бэ?
-Охин минь төрөлхийн даруу төлөв зантай хүүхэд байсан, одоо ч хэвээрээ. Сурагч байхдаа нийгмийн идэвхтэй, уралдаан тэмцээн болгонд л оролцдог байлаа. Шилдэг төгсөгч болохдоо “Бөмбөрцөгийн хүн болно. Дэлхийн тамирчин болно” гэж ярилцлага өгсөн байдаг. 
-Б.Баасанхүү дүүтэйгээ хамт барилддаг байсан гэдэг. Дүү нь одоо барилдаж байна уу?
-Хоёр охин минь самбо бөхөөр хамт хичээллэдэг байсан юм. Тэр үед нь эхнэр бид хоёр "Эмэгтэй хүүхдүүд байж бөхөөр хичээллээ" хэмээн дургүйцдэг байлаа. Тэгээд нэг гэрт нэг л бөх байя гээд дүүг нь барилдуулахаа больж байсан. Тухайн үед охин хүүхэд гар, хөл нь “эвдэрлээ”, муухай боллоо гэж боддог байлаа. Эмэгтэй хүүхэд эмэгтэйлэг байвал зүгээр гэж хэлдэг ч сонирхлоор нь явуулсан. Тухайн үед охиноо ийм мундаг тамирчин болно гэж төсөөлөө ч үгүй.
-Баярын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа.
-Баярлалаа. Монгол Улсын тамирчдын минь олимпын медалийн буухиа урт үргэлжлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

https://ergelt.mn/news/21/single/46219
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ