Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баттүшиг: “Парис-2024” олимпын наадмын үеэр тамирчдаа дэмжих, улсаа сурталчлах зорилгоор “Монголиан хаус” эвент хотхон байгуулна

Энэ удаагийн дугаарын нэгэн сэдэв нь “Парис-2024 олимпын наадам. Бид Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшигийг зочноор урин ярилцлаа. 
Тэрбээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 2017, Ерөнхийлөгчөөр 2022 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Олон Улсын Олимпын хорооны гишүүнээр 2020 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.
зураг 
- Та бизнесийн салбарын төлөөлөл төдийгүй спорт-олимпизмыг Монголд Улсад түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй нийгмийн зүтгэлтэн болжээ. Энэ жил олимпын жил учраас асуухгүй, ярихгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бол Олимп. Монголын баг, тамирчдын олимпын амжилтыг хэрхэн төсөөлж байгаа вэ?
- Олимпын өмнө баг, тамирчдын амжилтыг урьдчилан хэлэхээс үнэндээ болгоомжилж байна. Бодит байдлыг дэвэргэх, эсвэл дэгстүүлэх, хүлээлт үүсгэх нь тамирчдад сэтгэлзүйн хувьд эерэг сөрөг, тал талын нөлөө үзүүлдэг. Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод анх оролцож эхэлснээс хойш зуны олимпын наадам бүрд амжилтаа ахиулж, олимпын наадамд оролцох тамирчдын тоо, өвлийн олимпын наадамд алгасахгүй оролцсоор ирсэн амжилт давтагдах нь эргэлзээгүй.
Цар тахлын үед ч бид хүнд нөхцөл байдлыг даван туулж, амжилтаа хадгалж “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд хоёр тамирчнаа оролцуулсан нь амжилт байсан. Монгол Улс 3,5 сая хүн амтай хэдий ч Олимпын 30 медальтай. Монголоос хамаагүй их хүн амтай зарим улс орны баг, тамирчдаас медалийн тоо, чанараар илүү амжилт үзүүлсэн байдаг. Үүнийг би дэлхийн амжилтын нэг гэж ойлгодог. Монголчууд цаанаасаа спортын авьяастай ард түмэн гэж боддог.
Франц улсад болох энэ удаагийн олимпын наадамд манай багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын тооны харьцаа бараг 50:50 хувьтай байгаа нь Олон Улсын Олимпын Хорооны дэвшүүлж буй жендерийн тэгш байдлын зарчим, НҮБ-ын баримтлалыг бид бодит байдалд хэрэгжүүлж чадаж байгаагийн нэг илрэл юм. Мөн “Парис-2024” олимпын наадмын үеэр Монгол Улсаа дэлхийд сурталчлах томоохон арга хэмжээ төлөвлөн Парис хотын “La Vilette” цэцэрлэгт хүрээлэнд “Монголиан хаус” байгуулж, монгол гэрээ барин тайз засаж, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа сурталчлах эвент зохион байгуулах юм.
Бид тэнд монгол гэртээ зочдыг хүлээн авч, Олимпын наадмын 16 хоногт улсаа сурталчилна. Уг эвентүүдийг МҮОХ-ны ажлын хэсэгтэй хамт Модерн Номадс ХХК-ийн М.Есөнмөнх захирал болон Тэнгэр ТВ тэдний баг хамт олон зохион байгуулахаар сүүлийн хэдэн сарын турш уйгагүй ажиллаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байна.
Мөн үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монголын багийн олимпын үеийн нислэгийн тийзэнд хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ “Парис-2024” Олимпын наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг Япон улсаас үнэ төлбөргүй тээвэрлэх асуудлыг шийдвэрлэлээ. Монголын Үндэсний Олимпын Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй дэлхий дахинд Монгол  Улсыг сурталчлах “Монголиан Хаус” төсөл болон Монголын баг тамирчдаа  дэмжин хамтран ажиллаж буй  байгууллага, компаниудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Монголиан Хаус” хотхондоо Олон Улсын Олимпын Хорооны зуу гаруй гишүүдээс урих төлөвлөгөөтэй байна. Тэдний дунд зарим улсын төрийн тэргүүнүүд, төр засгийн өндөр албан тушаалтнууд, бизнесмэнүүд цөөнгүй бий.
Бидний бас нэгэн том зорилго бол Олон Улсын Олимпын Хорооны 2027 оны чуулганыг, цаашлаад 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэх амбиц юм.
Залуучуудын олимпын наадам 2018 онд Аргентин улсад болсон. 2022 оных Африкийн Сенегалд болох байсан ч олимпын наадам зохион байгуулахад бэлэн биш байсан учраас 2026 онд зохион байгуулахаар болсон юм. Тун удахгүй 2030 онд зохион байгуулах улс орнуудын саналыг хүлээж авна. Тийм учраас Монголд залуучуудын олимпын наадам зохион байгуулах боломж, бололцоо байгаа гэж харж байна.
Олимпын наадмыг зохион байгуулахад  нь ямар ч өндөр хөгжилтэй улс оронд эдийн засаг, санхүүгийн ачаалал, дарамт ихтэй байдаг бол залуучуудын олимпын наадмын тамирчдын зардлаас эхлээд бүх зүйлийг зохион байгуулагч тал биш Олон Улсын Олимпын Хороо дэмжиж ажилладаг. Тийм учраас “Монголиан хаус”  төслийн нэг том зорилго нь улсаа сурталчлах, тамирчдаа дэмжих, мөн том арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх авах ажил дээр дэмжлэг авах юм. Тэгж чадвал Хүй долоон худагт ч юм уу улсаас дэмжиж санал болгох газарт нь шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах, ойролцоо нь тамирчдын хотхон байгуулах бололцоо гарна. Дараа нь тэдгээр хотхон, хорооллыг иргэдэд ипотекийн зээлээр өгөх, дэд бүтцийг тавьж өгөх гэх зэрэг бүтээн байгуулалтыг давхар шийдсэн бусад Олимп хийсэн орнуудын амжилтай жишээ бий. Олимпизм бол зөвхөн спортын хөгжлийг дэмжих бус спортоор дамжуулан тухайн улс орны нийгэм, эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ, төр засагт ямар дэмжлэг болох вэ, хүн амын эрүүл мэндийг яаж хамгаалах вэ гэдэгт бодлого, үйл ажиллагааны зорилгоо чиглүүлдэг.
- Та Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, мөн Олон Улсын Олимпын Хороонд гишүүнээр сонгогдсон. Монголд мэргэжлийн спортын болон олимпизмын үзэл санааны хөгжлийг хэрхэн үнэлж, цаашдын ирээдүйг нь хэрхэн төсөөлж байна вэ?
- Монгол Улс Олон Улсын Олимпын Хорооны гишүүнтэй Азийн цөөхөн улс орны нэг юм. Олон Улсын Олимпын Хорооны дүрэм, Харти, олимпын төрөлд ямар спортыг оруулах, олимп зохион байгуулах эрхийг аль улсад өгөх зэрэгт санал өгөх томоохон Олимпын бодлогын шийдвэр гаргалтад санал өгөх эрхтэй гэсэн үг юм.
Олон Улсын Олимпын Хороо Монгол Улсаас хоёр дахь удаагаа гишүүн сонгосон нь энэ юм. Өмнө нь Ш.Магван гуай 1977-2007 он хүртэл сонгогдон ажиллаж, түүнээс хойш хүндэт гишүүнээр байгааг монголчууд мэдэх байх. Миний бие 2007 оноос хойш 13 жилийн дараа буюу 2020 онд тус хорооны гишүүнээр сонгогдсон. Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 2017 оноос, өдгөө ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж буй нийт хугацаандаа нэлээн хэдэн олимпын ард гарчээ.
Монголд спорт нийгмийн том сэдэв болж хараахан чадаагүй л байна. Олимп болохоор л хэдэн тамирчнаа ярьдаг, бусад үед нийтийн биеийн тамир, спорт олон нийтэд хүрдэггүй байсан. Олон улсын тэмцээн зохион байгуулахад үзэгчид цөөн байгаа нь олон нийтийн дунд спорт төдийлөн дэлгэрээгүй байгаагийн нэг илрэл юм. БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс орнуудаар жишээлээд харахад тэнд олимпын спортын олон төрөл үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Ямар нэг тэмцээн боллоо гэхэд хүмүүс ажлаасаа чөлөө аваад ирж үздэг. Тэмцээний заал, талбай үзэгчдээр дүүрсэн байдаг. Гэтэл манайд олон улсын томоохон тэмцээн уралдаан болж байхад үзэгч байдаггүй. Хөдөө орон нутагт зарим спортын төрөл огт хөгжөөгүй, хоёр гурван төрөл арай илүү хөгжсөн байдаг.
Спортын төрлүүд нийтийг хамран биеийн тамир хэлбэрээр эхлээд хөгжиж байж тэр явц дундаас мэргэжлийн тамирчид төрдөг. Ямар гоц гойд авьяастай хүүхэд энэ байдлаас болоод авьяасаа нээж чадахгүй үлдэж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор бид энэ талд илүү анхаарч, Олон Улсын Олимпын Хорооноос хэрэгжүүлж буй олимпын үнэт зүйл болон боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой байгаа.
Олимпыг хөгжүүлэх боловсролын хөтөлбөр буюу яаж багаар хамтарч ажиллах вэ, яаж ёс зүйг төлөвшүүлэх вэ зэрэг агуулгыг нэвтрүүлнэ гэсэн үг.
Одоогоор орчуулгын шатанд явж байна. Өнөөдөр и-спорт эрчимтэй хөгжиж буйн зэрэгцээ бараг бүх хүүхэд электрон тоглоом, дэлгэцийн хамааралд орчихсон ийм үед тэднийг биеэр хийж гүйцэтгэдэг спортод татах, сурталчлах ёстой. Спорт, биеийн тамир, эрүүл мэндийг яаж уялдаатай авч үзэх вэ, ямар бодлогоор үүнийг бий болгох вэ гэдэг асуудал юм. Монголын Үндэсний Олимпын хороо яагаад өнөөдөр Эх нялхсын эрүүл мэндийн төвтэй, яагаад Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай түншлэх гээд байна вэ гэдэг нь учир шалтгаантай.
Олон Улсын Олимпын Хорооны зорилго, үйл ажиллагааны нэг чиглэл бол хүн төрөлхтөнд яаж эрүүл мэндээ хамгаалах вэ, хэрхэн бие бялдрын хувьд эрүүл чийрэг, яаж зөв хооллолтыг дадал хэвшил болгох вэ гэдгийг түгээн дэлгэрүүлэх, НҮБ-ын бодлогын хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх явдал юм. Энэ нь Olympic Agenda 2020+5 дээр дэлгэрэнгүй орсон байгаа. Ганцхан олимпод тамирчдаа бүртгүүлэх, эрх өгөх асуудал биш юм. Тийм учраас эх орондоо ч үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа.
- Парисын олимпын дараагаас дахиад шинэ чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэсэн үг үү?
- Төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, компаниудтай илүү уялдаатай ажиллана. Тухайлбал, нийслэлтэй хамтран цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг ярилцаж байна. Залуучуудын олимпын нээлтийг 20 мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд хийгээд зогсож баймаар байна. Магадгүй дараа нь дэлхийн хэмжээний дуучин, оддын тоглолтыг тэнд хийж болно. Монгол бол ийм боломжтой улс орон. Одоо Наадам ч болох гэж байна. Иймэрхүү томоохон спорт урлагийн сайхан стадионтой болох цаг нь болсон. Жил бүр олон мянган жуулчид ирэхэд Наадмын билет хайгаад явахгүй Монголчууд ч олноороо Наадмын нээлтээ үзэх боломжтой болно гэж бодож байна.
- Та цаашдын ажил карьераа хэрхэн харж байна вэ. Спортын хөгжил, бизнес хоёроо хослуулах уу, алийг нь түлхүү анхаарах вэ?
- Бизнесийн өсөлт, спортын хөгжлийг хамтад нь харж байна. Ямарваа холбоог удирдан авч явахад сайн бодлогоос гадна төлөвлөсөн, зорьсон ажлыг хийж гүйцэтгэхэд хөрөнгө, санхүүжилт тун чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө зүгээс бизнесээ сайн явуулж байж спортын холбоод, тэмцээн хийхэд ивээн тэтгэх байгууллагууд нэмэгдэж, Олимпын хорооны шинэ үйл ажиллагаа, Монголиа Хаус шиг төслүүд маань амжилттай явна. Үүнд үндэсний компаниудын өсөлт, хөгжил ч чухал нөлөөтэй. Бизнесүүд үр ашигтай, үндэсний компаниуд амжилттай хөгжиж байж тэдгээрийн түншлэл дээр спортын хөгжил урагшилдаг нь бүхий л улс орнуудын жишиг юм. Олон Улсын Олимпын Хороо бол ТОП түнш буюу “The Olympic Partner” гэж дэлхийн компаниудыг түнш болгож, Тоёота, Самсунг, Алибаба гэх мэт хувийн компаниудаас маркетинг түншлэлийн гэрээгээр том хөтөлбөрүүдээ явуулж байгаа.  
“Парис-2024” олимпын үеэр ажиллуулах “Монголиан хаус” хотхоны газрын түрээсийн төлбөрөөс эхлээд зардлууд гарч явсан. Түнш байгууллагууд орж байж энэ ажил маань явж байна. Дээр дурдсан төрийн байгууллагууд дээр нэмээд Хас банк, Скайтел, Моннис, Петровис зэрэг хувийн хэвшлүүд маань Монголиа Хаус төслийг анхнаас нь дэмжиж ажиллаж байна. “Olympic Council of Asia” буюу Азийн Олимпын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргад хүртэл танилцуулж дэмжлэг аваад байна. Мөн бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанаас спорт холбоод буюу тамирчдыг тогтмол дэмжиж байна. Бид үүгээрээ үлгэр дуурайлал болгон үндэсний компаниудаа спорт, олимпизмын хөгжилд уриалахыг хичээдэг. Тухайлбал, шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажилд ТОП компани, аж ахуйн нэгжүүдийг оролцохыг уриалж байгаа.
 Цаашид олон хувийн хэвшил нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид энэ удаа амжилттай зохион байгуулбал, “Харбин-2025” Азийн Өвлийн Наадам, “Милан Кортина-2026” Өвлийн Олимп, “Лос Анжелес-2028” Зуны Олимп дээр үргэлжлүүлэн “Mongolia House” төслөө хийж, Дэлхийн Экспо шиг Монгол улсаа сурталчлах том боломж гэж харж байгаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ