Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнийн буруудсан нүүдэл-1: ₮22 саяын орлогоосоо 27 дахин их мөнгөтэй “сейфний эзэн“ Н.Хүрэлбаатар


Эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амнаас унаж буй таван үг тутмын гурав нь "авлигын эсрэг тэмцэнэ" гэх агуулгатай байгаа. Тиймээс ч УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа, авлига хээл хахуулийн асуудлаас ангид, үнэхээр нэр хийгээд үйлдэл цэвэр хүмүүсийг сорчилж авах болов уу гэх хүлээлт нийгэмд байв. Харамсалтай нь, хүлээлт талаар болж, нэр сүр тааруу хүмүүс нэр дэвшихээр тодроод буйн эхэнд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг нэр дурдаж болох юм.
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ өвөртөлсөн Н.Хүрэлбаатар нь нэгэн цагт сейфтэй валютын хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж, Буянт-Ухаа дээрээс хуулийнханд баривчлагдаж, хэвлэлүүдийн хуудаснаа бичигдэж явсан нэгэн л дээ. Тодруулбал, С.Батболдын Засгийн газрын үед 2012 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан тэрбээр авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж явсан билээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 оны тавдугаар сард Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат “Рапид харш” хотхоны 5А байрны … дугаар тоотот амьдарч байхдаа гэрээсээ их хэмжээний мөнгөтэй сейф хулгайд алдсан тухай мэдээлэл олны анхааралд орж ирсэн.
Тухайн үед хэвлэлүүдээр гарч байсан мэдээллээр, сейфэнд 2 сая 145 мянган юань, 6000 ам.доллар хадгалж байсан нь мөрдөн шалгах явцад ил болсон байдаг. Хулгайд алдагдсан сейфийг хулгайч онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэхийн хажуугийн хогийн цэгт орхисон байдаг. Гол нь тэр үед Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат нь сейфтэй мөнгөний үүсэл гарлыг аавтайгаа холбож тайлбарласан. Тодруулбал, “Миний аав Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд хананд нь сейф суурилуулсан” гэсэн мэдүүлэг өгсөн талаар нь хэвлэлүүд бичиж, нийтлэж байлаа. Төр түмний өмнөөс үүрэг хүлээн Засгийн газарт сайдын алба хашдаг, төсвөөс цалинждаг Н.Хүрэлбаатар харин сейфтэй мөнгийг өөрөөсөө холдуулан, мэдүүлгүүд өгснөөс нь дурдахад, буяны сүм барих гэж байсан, ядууст зориулсан эмнэлэг барих гэж байсан, "Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч баз Д.Батаатай хамтарч хийх бизнесийн мөнгө байсан гэх зэрэг хоорондоо авцалдаа муутай тайлбарууд өгч байжээ.
Тодотгоход, Н.Хүрэлбаатар нь 2011 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “50 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470” маркийн автомашинтай, жилдээ 22 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 7.2 сая төгрөг, хувьдаа компанигүй, бизнес эрхэлдэггүй, 180 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний нэг объекттой, Хандгайтын аманд зуслангийн нэг газартай, 24 сая 675 мянган төгрөгийн хадгаламжтай, “Голомт” банкнаас 66 сая төгрөгийн зээл авсан" гэхчлэн мэдүүлж байжээ. Тэгэхээр жилдээ 22 сая төгрөгийн орлоготой сайд хүүгийнхээ гэрт байршуулсан сейфэнд далд хийчихсэн байсан мөнгөний хэмжээ тухайн үеийн ханшаар 600 орчим сая төгрөгтэй тэнцэж байсан нь яах аргагүй анхаарал татдаг. Жилийнхээ орлогоос 27 дахин их дүнтэй валютыг хүүгийндээ хадгалах болсны учиг шалтгаан, уг мөнгөний эх үүсвэрийн талаарх мэдээлэл дулимаг ч энэ нь түүнийг улс төрд байх ёстой хүн биш юм байна гэх ойлголтыг хэдийнэ нийгэмд өгчихсөн. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн буруу нүүдлүүдийн эхэнд Н.Хүрэлбаатарыг онцолж байгаа юм. Ер нь Н.Хүрэлбаатарын хувьд сиймхий ашиглаж байгаад эрх мэдэлтэй зууралдах гээд байдаг барилтай. Ямартаа л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох гэж баахан пиараа хийсэн ч нийтийн зүгээс ихээхэн шүүмж дагуулсан учраас урагшилж чадаагүй. Гэвч мань эр гандан бууралгүй түшээ болохоор гүрийж яваа нь энэ юм.
Tumen.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ