Засгийн газрын тогтворгүй байдал хөгжлийг гацааж, том төслүүдийг хөдөлгөхөд тээг, тушаа болж байна гэсэн гомдол дээр дооргүй хөвөрдөг байсан цаг саяхан. Хөгждөггүй, томоохон төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Өнөөдөр хүртэл урд, хойд хөршүүдээсээ цахилгаан, шатахуун, эдийн засгийн хараат байсаар.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд манай Засгийн газрын дундаж наслалт 1.7 жил байж. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай ажилладаг Засгийн газар өнгөрсөн хугацаанд ганцхан Н.Энхбаярын үед буюу 2000-2004 онд л хугацаагаа дуустал ажилласан байдаг.
Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 20 жил хамгийн удаан буюу тогтвортой ажилласан Засгийн газар болж түүхэнд үлдэж байна. Гэхдээ Ерөнхий сайд энэ хугацаанд ярихаас өөрөөр яг юу хийсэн бэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн автороор түүхэнд үлдэх ямар төсөл хөтөлбөр, ажил байна вэ.
УИХ-ын сонгуулийн хоёр цикл буюу найман жил засгийн эрх барьсан МАН энэ хугацаанд гурван Засгийн газар байгуулжээ. 2016 оны Их хурлын сонгуулиар парламентад 65 суудал авсан МАН долдугаар сард Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж, 2017 оны есдүгээр сард огцруулж байв. 65 суудалтай эрх баригч нам өөрсдийн томилсон Ерөнхий сайдаа жил хоёр сарын дараа огцруулсан нь энэ байв. Ингээд мөн оныхоо аравдугаар сард У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон. Тэрээр 2020 оны сонгууль хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж, сонгуулиар МАН 62 суудал авч У.Хүрэлсүхийг дахин Ерөнхий сайдаар томилсон юм. Ингээд тэрээр 2021 оны нэгдүгээр сарын сүүл хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд ковидын үеэр төрсөн эмэгтэйг таавчигтай нүцгэн гаргасан асуудалд танхимаараа хариуцлага хүлээж огцрох шийдвэр гаргаснаа олон нийтэд хэлж байсан билээ. Гэхдээ энэ нь шүүмжлэлийг эргүүлэн овжиноор нэр хүндээ өсгөх шилдэг үзүүлбэр болгосон. Үнэн хэрэгтээ, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд л нийгэмд болсон үйл явдлыг далимдуулан Засгийн газраа өөрөө огцруулсан юм.
Ингээд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилсон. Л.Оюун-Эрдэнэ мөн оныхоо арванхоёрдугаар сард МАН-ын дарга болсон. Ингэснээр тэрээр Ерөнхий сайдын дээлийг давхар өмссөн МАН-ын зургаа дахь дарга болсон юм. Түүний өмнө Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албыг давхар хашиж байв. Өөрөөр хэлбэл, намын ч, төр засгийн ч эрх мэдэл түүнд ирсэн гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч түүхэнд хамгийн их эрх мэдэлтэй, танхимын сайд нараа өөрөө томилж, огцруулах эрхтэй анхны Ерөнхий сайд болсон юм. Хууль, албан тушаалын хувьд ч хамгийн эрх мэдэлтэй Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд тэгвэл ямар ажил хийсэн бэ.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа "авлигатай тэмцэнэ" гэж мэдэгдэж байсан юм. Түүний амнаас хамгийн их гарсан үг бол авлига. Ерөнхий сайд авлигатай тэмцэж, Хөгжлийн банк, БЗС, нүүрсний хэргийг ил болгосон ч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй. Харин ч Монгол Улс авлигын индексээрээ 10 гаруй байр ухарсан үзүүлэлттэй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Улстөрчдийн холбогдсон Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг нийгэмд шуугиан төдий болж үлдсэнээс биш хариуцлага хүлээсэн, дээшилж, шинэчлэгдсэн зүйл үлдсэнгүй.
Мөн энэ Засгийн газар гурав дахь хөрштэй уул уурхайн томоохон төсөл болох ураны төслийг эхлүүлнэ гэж байсан ч ажил хэрэг болгож чадсангүй. Хоёр орны Ерөнхийлөгч нар санамж бичигт гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулсан ч ажлын хэсгүүд зөвшилцөлд хүрч чадалгүй сонгуультай золголоо. Анх ажлын хэсгийг ахалж байсан Х.Нямбаатар Монгол Улсад маш ашигтай хэлэлцээр хийсэн хэмээн мэдэгдэж байсан ч энэ яриа үлгэр болж үлдэв. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхим лав ураны гэрээг байгуулж чадахааргүй боллоо.
2024 онд ашиглалтад оруулна хэмээн шавыг нь тавьж байсан Газрын тос боловсруулах үйлдвэр ч ор сураггүй болов. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 2018 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тавьж байв. Энэ нь ч 2020 он МАН олонх болоход нөлөөлсөн төсөл. Харамсалтай нь, ковид гарч ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсан гэж байсан ч хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар нэмэгдсэн. Тиймээс монголчуудын хоног тоолон хүлээж байсан газрын тосны үйлдвэр ойрын хэдэн жил ашиглалтад орно гэдэг худлаа бололтой. Мөн МАН-ын засаглалын үед эхэлсэн, санхүүжилт нь бэлэн Дарханы замын бүтээн байгуулалтыг ч дуусгаж чадсангүй.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр долоон жилийн өмнөөс шинэчилж эхэлсэн ч мөн л өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байна. Нөгөө л ковидын гайгаар ажил хэрэг удааширсан гэсэн тайлбарыг эрх баригчид өгч байгаа. Авсан зээлээ төлж эхлэх тоолуур гүйж эхлээд байхад эхлүүлсэн төсөл нь дуусаагүй л.
Харин Л.Оюун-Эрдэнийн засагласан хугацаанд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, ачаа тээврийн гол боомтууд болох Замын-Үүд, Алтанбулаг, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад олон улсын стандартад нийцэхүйц өргөтгөл шинэчлэл хийж буй. Гэхдээ урд хөршийн дэмжлэгтэй, санхүүжилтэй хийгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн өнгөрсөн өвөл улсаараа тог цахилгаанаа тасдуулж, гал алдах дөхсөн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил, сараар бус өдрөөр нэмэгдэж байхад Засгийн газар эх үүсвэрээ нэмэгдүүлж чадахгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Улстөрчид сонгуулиар өрөм амлаад, засаглахаараа хусам амсуулдаг учраас л ард түмэн сонголтоо өөрчилдөг юм.
https://itoim.mn/a/2024/04/10/politic/xfw