Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парисын олимп ба монголчуудын боломж


Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам Францын Парис хотноо хөшгөө нээхэд 125 хоногийн хугацаа үлджээ. Эл наадамд 32 спортын төрөлд 10500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна.
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын анхдагч тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Бид Парисын олимпод 40-50 эрх авч оролцох төлөвлөгөөтэй байна. Тийм боломж ч бий. Парист төрийн дууллаа эгшиглүүлж, эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулахын төлөө багагүй хүчин чармайлт гаргаж байгаа. Манай тамирчид өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой” хэмээсэн билээ.
Парисын олимп ба монголчуудын боломж
Мөн тэрээр Олимпын тосгонд “Монголиа хаус” барьж эх орноо төдийгүй Монголын олимпизмыг сурталчлах боломжтой болсныг онцолсон. Олимпын тосгонд хаус барих эрхийг 30 орчим улсад өгсний нэг нь Монгол юм. Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны үеэр Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид энэ жилийн олимпод 55 эрх авах зорилготой. Олимпын нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна. Одоогоор манай улс олимпын 11, паралимпын төрөлд дөрвөн тамирчин эрхээ авсан” хэмээн бататгасан юм.
Парисын олимп ба монголчуудын боломж
Буудлага
Өнөөдрийн байдлаар буудлагын шигшээ багийнхан хамгийн олон эрх аваад байна. Мэргэн буучдаас олимпын эрхийн салхийг олон улсын хэмжээний мастер О.Есүгэн хагалсан. Тэгвэл Индонезийн Жакартад болсон Азийн аваргад эрэгтэйчүүд давхар цохилт хийж хоёр эрх өвөртөлж чадсан юм. Гар бууны төрөлд Э.Даваахүү, урт бууны дасгалд Н.Баяраа нар Парисыг зорих тийзээ захиалж чадсан. Э.Даваахүү, О.Есүгэн нар хоёр олимп дараалан оролцохоор эрх авсан бол Н.Баяраа 12 жилийн дараа олимпын наадамд дахин өрсөлдөх гэж байгаа нь энэ. Харин буудлагынхны эрхээ нэмэгдүүлэх сүүлчийн тэмцээн ирэх сард Бразилын Рио де Жанейро хотод болно. Тус тэмцээнээс манай мэргэн буучид 1-2 эрх өвөртлөх боломжтой. Ялангуяа гар бууны эрхээ авах магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Урт бууны тамирчдаас олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар эрх авах магадлал арай илүү. Тэгвэл гар буугаар О.Гүндэгмаа, Т.Баярцэцэг нарт боломж бий. Буудлагынхан Токиогийн олимпод дөрвөн эрх авч оролцож байлаа. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Анударь, Э.Даваахүү, О.Есүгэн нар Токиогийн олимпын буудлагын төвийн галын шугамд цэц сорьж байсан юм. Тэднээс хамгийн өндөр амжилтыг олон улсын хэмжээний мастер Ц.Анударь үзүүлсэн бөгөөд тэрбээр хийн гар бууны 10 метрийн дасгалд IX байр эзэлсэн түүхтэй.
Парисын олимп ба монголчуудын боломж
Байт харваа
Монголын байт харвааны тамирчид 1964, 1968, 2000, 2004 оны олимпоос бусдад оролцсон түүхтэй. Харин энэ удаа Парист олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд эрхээ авчээ. Тэрбээр Азийн наадамд түрүүлснээр Парисыг зорих тийзээ захиалсан. Тэгвэл одоо байтынханд олимпын эрх авах ганцхан тэмцээн үлдсэн байна. Тэр нь Туркийн Анталия хотод ирэх зургадугаар сарын 14-17-нд болно. Уг тэмцээнээс дор хаяж нэг эрх авах зорилготой байт харвааны шигшээ багийн тамирчид ирэх сарын 2-нд БНХАУ-ын Хайнань мужийн зүг хүлгийн жолоо залах гэж байна. Тус мужид хоёр сар бэлтгэл хийсний дараа тэндээс шууд Туркийг зорих нь ээ. Улмаар зургадугаар сарын 24-нд эх орондоо ирэх юм байна. Байтынхан Токиогийн олимпод хоёр эрхтэй оролцож байлаа.
Парисын олимп ба монголчуудын боломж
Бокс
Монголын боксын шигшээ багийнхан барцадтай байгаа. Сүүлийн үеийн хамгийн шуугиантай, хэл аманд орооцолдож байгаа нь, боксынхон. Одоогийн байдлаар боксчид хоёр эрхтэй. Олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Гавьяат тамирчин Б.Чинзориг нар Парисыг зорих тийзээ эрт захиалсан. Гэвч Б.Чинзориг допингийн шалгалтад бүдэрсэн бөгөөд түүний асуудал өнөөдрийг хүртэл нам гүм байна. Хэрвээ олимпоос өмнө нааштай шийдэгдвэл тэрбээр 63.5 кг-ын жинд Парист тулалдах боломжтой болох юм. Харин Монголын боксын холбооны удирдлагууд эрсдэлээ тооцоолж, Б.Чинзоригийн маргааны шийдвэрийг хүлээхгүй байхаар шийджээ. Учир нь, тэд хэд хэдэн жинд олимпын эрхийн төлөөх тэмцээний сорил хийхээр болсны дунд 63.5 кг багтжээ. Тэгвэл энэ жинд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялсан Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эх орноо төлөөлөхийн тулд сорилго тэмцээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Харин Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хоёр хоногийн өмнө хуралдаж, Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авахаар болжээ. Түүний хувьд боксын сорилго тэмцээнд оролцохын тулд дөрөвдүгээр сарын 3-ны дотор эх орондоо ирсэн байх ёстой. Учир нь, Монголын боксын холбоо дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан сорилгоо хийх аж. Улмаар дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө Тайландын Бангкокт болох олимпын эрхийн тэмцээнд мэдүүлгээ явуулсан байх ёстой юм. Олимпын эрхийн сүүлчийн тэмцээний мэдүүлэг хаах эцсийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 11 гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Италийн тэмцээнээс Монголын боксчид 2-4 эрх авах боломжтой байлаа. Тэгвэл тэдэнд олдох хамгийн сүүлийн боломж нь Тайландын Бангкокт болох эрхийн тэмцээн юм. Эл тэмцээнээс боксчид хамгийн багадаа дөрвөн эрх авах зорилго тээжээ. Уг тэмцээнд медальт байрт шалгарахад л эрхээ өвөртөлнө. Алт, мөнгийн төлөөх тулаан болохгүй бөгөөд зөвхөн олимпын эрхийн болзол хангахад тэмцээн дуусна.
Парисын олимп ба монголчуудын боломж
Дугуй
Монголын дугуйчид 1964, 1980, 1992, 1996 оны олимпын замд уралдаж байсан түүхтэй. Тэгвэл 28 жилийн дараа дахин олимпын наадамд оролцох эрх авсан. Энэхүү эрхийн эзэн бол олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц юм. Тэрээр Монгол улс 2 зайд уралдах 2 эрх авсан. Харин 2 зайд 2 тусдаа тамирчин уралдуулах уу, 1 тамирчин уралдуулах уу гэдгийг тэмцээний өмнө Холбоо шийднэ.
С.Жамбалжамц одоогоор Испани улсад Volta Ciclista a Catalunya тэмцээнд уралдаж байгаа ажээ.
Парисын олимп ба монголчуудын боломж
Чөлөөт бөх
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхныг олимпын эрхийн хоёр тэмцээн хүлээж байна. Эхнийх нь нэг сарын дараа Киргизстаны Бишкек хотноо болох хуваарьтай. Харин хоёр дахь нь тавдугаар сард Туркийн Стамбул хотод эхэлнэ. Токиод есөн тамирчнаа илгээж байсан чөлөөтийнхөн одоогийн байдлаар хоёр эрхтэй байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар эрхээ авсан юм. Тэгвэл тэд Парист 10-аас дээш тамирчин илгээхээр төлөвлөж буй. Эхний зорилгодоо хүрэхийн тулд чөлөөтийнхөн хоёр тэмцээнээс дор хаяж найман эрх авах даалгавартай байна. Токиогийн олимпоос Б.Болортуяа, Лондоны олимпоос С.Батцэцэг нар медаль авсныг эс тооцвол чөлөөтийнхөн 1980 оноос хойш шагналын тавцанд зогсоогүй. Тиймээс Парист ялангуяа эрэгтэйчүүд энэхүү хар цувралаа зогсоох нь тэдний хамгийн том зорилго юм. Мэдээж чөлөөт бөхийн төрлөөр анхны олимпын аваргаа өлгийдөн авах хүсэл ч бий. Тэд хэдхэн хоногийн өмнө Туркийн алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээс медалийн хур буулгасан юм.
Парисын олимп ба монголчуудын боломж
Жүдо
Олон улсын жүдо бөхийн холбооноос “Парис-2024” олимпын эрхийн дэлхийн чансаагаа шинэчлэн гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Чансаанд олимпын урьдчилсан шатны хоёр жилийн амжилтыг тооцон гаргадаг. Зургадугаар сарын 23-нд олимпод зодоглох бөхчүүдийн чансаа тодорхой болно. Жин тус бүрийн чансаа өндөр 17 жүдоч олимпын эрхээ авах учиртай. Гэхдээ нэг улсаас нэг тамирчин. Франц улс зохион байгуулагчийн хувиар бүх жинд тамирчнаа сойно. Энэ зарчмаар нийт 238 тамирчин (119 эрэгтэй, 119 эмэгтэй) эрх авах юм. Дараа нь тивийн квотоор 100 жүдочид эрх олгоно. Европоос 25, Африк тивээс 24, Өмнөд болон Хойд Америкаас тус бүр 21, Азиас 20, Далайн орнуудаас 10 тамирчин эрх авна. Олон улсын жүдо бөхийн холбооноос тив тус бүрийн тамирчдын жагсаалтыг гаргаж, чансааны дагуу эрхийг олгоно. Манай улсаас эмэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь эрхийн болзол хангаад байна. Тодруулбал, 48, 52, 57, +78 кг-ын жинд жүдочид Парист өрсөлдөх нь ээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс 60, 66, 73, -100, +100 кг-ын жинд одоогийн байдлаар болзлоо хангажээ. Хэдийгээр дээрх жингүүдэд болзлоо хангасан ч манай тамирчид байраа хадгалах, чансаагаа ахиулахын тулд үлдсэн тэмцээнүүдэд оролцох нь дамжиггүй.
Харин эмэгтэйчүүдийн 63, 70, -78, эрэгтэйчүүдийн 81, 90 кг-ын жингийнхнийг  чансааны оноогоо ахиулах дөрвөн “Их дуулга” ангиллын тэмцээн хүлээж байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард Азийн аварга, тавдугаар сард ДАШТ-д Монголын жүдочид барилдана. Монголын багийн хувьд олимпод оролцох бүрэлдэхүүн бараг тодорхой. Гагцхүү эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-д хэнийг явуулахаа Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд шийднэ.
Монголын жүдочид 1976 оны олимпоос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд анхны медалиа 1980 онд Москвагаас авч байв. Түүнээс хойш 1996, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны олимпоос медаль хүртсэн байдаг. Монголоос олимпын анхны аварга төрсөн гэдгээрээ спорт сонирхогчид хамгийн их хүлээлттэй, медаль авна гэж найдаж байгаа төрөл юм. Дашрамд дурдахад, өнөөдөр Гүржийн Тбилиси хотод “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин оролцоно.
Парисын олимп ба монголчуудын боломж
Хөнгөн атлетик
Монголчууд хөнгөн атлетикийн төрлөөр олимпын наадамд тогтмол оролцдог уламжлалтай. Сүүлийн жилүүдэд марафон гүйлтээр оролцох болсон. Токиогийн олимпод л гэхэд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин марафон гүйлтээр оролцож байлаа. Тэгвэл энэ удаа эмэгтэйчүүдээс Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар эрхээ аваад байна. Харин эрэгтэйчүүд хараахан эрхийн болзол хангаж чадаагүй. Марафончдын хувьд зургадугаар сар хүртэл хэд хэдэн боломж байгаа учраас эрхийн тоог дахин хоёроор нэмэгдүүлэх магадлалтай гэж үзэж буй.
Бусад
Токиогийн олимпод Монгол Улс анх удаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр тамирчдаа илгээж байв. Энэ удаад ч амжилтаа давтахыг үгүйсгэхгүй. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпын эрх олгох гурван тэмцээн хүлээж байна. Эхний тэмцээн ирэх сард Хонконгт болно. Хэрэв эндээс эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 3-5-нд Японд нэг тэмцээн бий. Мөн аз дутвал тавдугаар сарын 16-19-нд Унгарт сүүлийн боломжийнхоо төлөө өрсөлдөнө. Түүнчлэн усанд сэлэлтийн төрөлд тивийн квотоор эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Парисыг зорих боломжтой.
Парисын олимп ба монголчуудын боломж
Монголчуудын медалийн боломж
Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос эхлэн өдийг хүртэл зуны 14 олимпод оролцохдоо 30 медаль хүртжээ. Ингэхдээ 1980 оны Москва, 2016 оны Рио, 2020 оны Токиод хамгийн олон буюу 43 тамирчнаа илгээж байсан бол 2012 оны Лондоны олимпоос таван медаль хүртсэн нь дээд амжилт юм. Харин Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэний гурвыг нь жүдочид, нэгийг нь чөлөөтийнхөн авсан билээ.
Тэгвэл “Gracenote” компани манай улсыг Парисыг олимпоос таван медаль хүртэнэ гэж таамаглажээ. Тэдний таамагласнаар чөлөөтийн эмэгтэйчүүд гурав, бокс, жүдогийн төрөлд нэг медаль авч гэжээ. Мөн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү нарыг медалийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэж таамагласан байх юм. Харин медалийн тоо, чанараараа 50 дугаар байрт Киргизстан, Аргентин, Египет, Австри, Болгар, Катар тэргүүтэй улсуудын дээр жагсана гэж тооцсон аж. Энэ судалгаа, таамаг сар бүр тамирчдын амжилт, бэлтгэлжилт, бэртэл гэмтэл зэргээс шалтгаалан өөрчлөгдөх юм байна. Харин МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай тамирчид хоёр алтан медаль авах бүрэн боломжтой” хэмээжээ.
Грекийн ялалтын бурхан Никэ болон “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэн, Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхаг, эх газар дахь Францыг санагдуулах зургаан өнцөгтийг урлаж, дүрсэлсэн гоёмсог медалиас монголчууд хэдийг зүүхийг бид хуруу даран хүлээж байна. Парисын олимпын медалийн хэмжээ 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулах бөгөөд алтан медаль 529 г /цэвэр алт 6 г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийж байгаа юм.

https://itoim.mn/a/2024/03/22/sport/pqr
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ