Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгуулийн хөшгийг сөхөхгүй…


УИХ-ын сонгууль хаяанд ирэв. Тун аядуу, ер нь бол сонгууль болох юмуу үгүй юмуу гээд хэлчихмээр. Гэхдээ л ширүүн тулалдаан хийхэд бүх юм бэлэн болсон нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэгсэн атлаа хамаг гол юм нь “нууцын зэрэглэлд” орчихжээ. Сонгуулийн талаар бараг ямар ч мэдээлэл байхгүй. Олон нийт байтугай тулхтай сэхээтнүүд хүртэл мэдэж байгаа юм огт алга. Тэгвэл бидэнд энэ “их нууц” руу өнгийгөөд шинжлэх ухааны анализ хийх боломж бий л дээ…
Байгаагаа шинжлэх зарчим
Шинжлэх ухааны анализад “бодитой байх” зарчим гэж байдаг. Энийг энгийн ойлголтод шилжүүлбэл “бодитой байгаа зүйлийг” байгаагаар нь шинжлэнэ гэж дүйцүүлж болно. Ухаандаа улс төрийн анализ хийе гэвэл улс төрийн талбайн яг энэ орон зайд, яг энэ цаг хугацаанд идэвхитэй байгаа улс төрийн гол гол тоглогчдын зан үйлийг шинжлэх ёстой. Энд Пьер Бурдье-гийн улс төрийн талбайн онолын нэр томъёог хэрэглэж байна. Гэтэл манайд энэ арга зүйн дагуу анализ хийхээр: тэр ч ороогүй дутуу байна, энэ ч илүү буруу байна гэх мэтээр шүүмжилдэг нь зөөлөн хэлбэл тэнэг хэрэг юм. Би “онолын” хувьд одоо байгаа УИХ-ын 76 гишүүн, нэр дэвшигчид, мөн ЗГ-ын 16 гишүүнийг бүгдийг нь оруулсан аварга том анализ хийж болох авч энэ нь дэндүү нүсэр бөгөөд шал дэмий, илүүц ажил болно. Мөн энэ өгүүлэлд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг бүлэг болгон авч ярьсан нь Г.Занданшатарыг “мартчихсан” буюу “хасчихсан” гэсэн хэрэг огт биш. Ингэснээрээ би Г.Занданшатарыг нам доторхи бие даасан бүлгийн толгойлогч биш, харин аль нэг бүлгийн дээд түвшний удирдагчдын нэг гэсэн утгаар авч үзсэн хэрэг юм. Дашрамд нам доторхи бүлгийн тоо 2-4-өөс хэтэрдэггүйг байдгийг бас харгалзсан. Түүнээс гадна Монголд А.Баатархуяг, Г.Уянга бид гурваас өөр хэнд ч байхгүй байнгын суурь мэдээллийн “өгөгдлийн бааз” (база данных) дээр үндэслэн анализ хийснээ цохон дурдаж байна.
Сонгуулийн онцлог 
Энэ жилийн сонгууль дараах онцлогтой:
1.Өмнө нь бараг жил хагас, хоёр жилийн өмнө эхэлдэг байсан бол энэ удаад “цагтаа” эхэлж байна.
2.Өмнө нь нэр дэвшигчдийн ихэнхи нь тодорсон байдаг бол энэ удаад нэр дэвших нь илт тодорхой болсон хүн бараг алга, тэд “маш нууц” байдалд байна.
3.Өмнө нь сонгуулийн сурталчилгаа, пиар, реклам “ядаргаа болтол” хийдэг байсан бол одоо бараг алга.
4.Өмнө нь өрсөлдөгчийнхөө гэмт хэргийг илчилсэн дуулиант адал явдал олноороо илэрдэг байсан бол одоо бараг алга.
Яагаад ?! МАН ҮХ-нд удаа дараа халдаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмсэн, сонгуулийн холимог тогтолцоо хийгээд томсгосон тойрог сонгон авсан зэрэг нь санамсаргүй явдал биш бөгөөд энэ нь МАН сонгуульд маш эртнээс бэлтгэснийг харуулна. Энэ нь цаанаа маш нарийн учир шалтгаан, үр дагаврын холбоотой. Тухайлбал, УИХ-д горилогчдын тоо эрс нэмэгдэж, “чихэлдэх болсон”; нам доторхи өрсөлдөөн улам хатуу ширүүн болсон; намын сүлжээ хэт томорч ажиллах чадвараа алдсан, системийн нуралт эхэлсэн учраас системт сүлжээнийхээ “гол цөмийг” хадгалан үлдэхийн хамт ямар нэг хэмжээгээр “шинэчлэх” шаардлага үүссэн зэргийг дурдаж болно.
МАН өмнөх үеүүдэд авилгын системт сүлжээгээ “бэхжүүлэх” ажлыг дагнан хийж ирсэн бол энэ удаад “цомхотгон шинэчлэх” ажлыг анх удаа хийж байна. Энийг МАН дуртайдаа хийгээд байгаа юм биш, авилгын системт сүлжээ нь цаашид ажиллах боломжгүй болж, нуран унаж байгаа учраас ингэж байгаа юм. Иймээс энэ удаагийн сонгууль Монголд болж байгаагүй “даруухан”, цоо “шинэ үзэгдэл” болж байна. Энэ нь МАН-д бий болсон шинэ бүлэглэлүүдийн зөрчил, тэмцэлтэй холбоотой.
МАН-ын бүлгүүд
Эхлээд нам доторхи бүлгүүдийг тайлбарлая. Манайхан нам доторхи бүлгүүдийг намын хэдэн лидер хуваагдчихаад дэргэдээ баахан “цэргүүд” цуглуулчихаад өдөржин шөнөжин “байлдаж” буй мэт ойлгодог. Үгүй л дээ… Нам доторхи бүлгүүд (фракци гэсэн ч болно) бол намын аль нэг лидерийг тойрон бөөгнөрсөн, улс төр-эдийн засгийн талаар нягт холбоо сүлбээтэй, онц чухал хууль санаачлах, хуульд санал өгөхдөө санал нэгдмэл, ялангуяа ЗГ-ыг сонгох буюу огцруулах, хамгаалах буюу шахах, эрх мэдлийн хуваарилалт буюу эдийн засгийн давуу байдал олох зэрэг асуудлууд дээр нэгдмэл, хоорондын ялгаа, хүрээ зааг нь тодорхойгүй, цаг ямагт аль хүчтэй тал руугаа “мөнгөн ус” шиг шилжиж байдаг нэгдмэл эрх ашигтай хүмүүсийн олонлиг юм.
Манайд улс төрийн шинэ намууд бий болсон үеэс эхлэн нам доторхи бүлгүүд бий болсон. Өөрөөр хэлбэл манай ардчиллын түүх бол нам доторхи бүлэг хоорондын тэмцэл юм. Гэхдээ нам доторхи бүлгүүд хэдийгээр хатуу ширүү тэмцэлдэх авч нам хэмээх бүхэллэг системт сүлжээгээ эвдэх хэмжээнд хэзээ ч хүрдэггүй.
Гадаад орнуудад ч гэсэн нам доторхи бүлгүүд өрсөлддөг. Харин манай нам доторхи өрсөлдөөн бол бүдүүлэг, зэрлэг, эрээ цээргүй, ямар ч дүрэмгүй, зөвхөн хулгай дээрмийн төлөө, шилжилт хөдөлгөөн, урвалт шарвалт ихтэй, үндэсний эрх ашигт үлэмж хортой хайр найргүй тэмцэл байдгаараа ялгагдана. Нам доторхи бүлгийн тоо, тэдний нийлэх салах, шилжих хийгээд бүлгийн лидер солигдох үйл явц байнга явагддаг. Эдгээр лидерүүдийг манайхан сайн мэднэ. Тэмцэлдэхийн тулд “өөрийн бүлгээ” хүчтэй болгох ёстой. Үүний тулд төр, намын дээд дунд, анхан шатанд “өөрийн” хүмүүсээр сүлжээгээ өргөтгөх шаардлага үүсэх ба үүнээс шалтгаалан төрийн алба, намын бүх шатны аппаратыг зориудаар сонгон авсан мэт усан тэнэгүүдээс бүрдүүлдэг. Энэ нь төрийн ажил бүх салбар, бүх шатандаа бүтэлгүйдэх, төр, намын алба ажил хийх чадваргүй болох гол бөгөөд үндсэн нөхцөл болдог. Яг энэ янзаараа бол өнөөгийн нам, төр сайн ажил ч хийж чадахгүй, бас муу ажлаа ч хийж чадахгүй арчаагүй байдалд орсон.
Одоогийн бүлгүүд
Одоогийн байдлаар МАН дахь бүлэглэлүүдийг:
1.“Залуучуудын” буюу Л.Оюун-Эрдэнийн,
2.“Төвч” буюу У.Хүрэлсүхийн,
3.“Хуучны” буюу С.Баяр, Сү.Батболдын,
4.“Шоронгийн” буюу гэмт хэрэг нь илчлэгдсэн бүлэг гэж хуваан үзэж болно. Эдгээр бүлгүүдийн өрсөлдөөн, тэмцэл, эвсэл зохицлоос олон зүйл, түүний дотор УИХ, ЗГ-ын бүрэлдэхүүн, түүнчлэн ирэх 4 жилийн хувь заяа бүхэлдээ хамаарна.
1. Л.Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй, орон нутагт дэвшихээр нэлээд эртнээс шийдсэн. Зүй нь Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд намын жагсаалтын 1 дүгээрт бичигдэж, намынхаа сонгуулийн компанийг өөрөө удирдах ёстой байв. Гэтэл тэр орон нутагт (Хэнтийд) очиж ажиллах ёстой болсон ба ингэснээрээ “төв” намаа удирдах боломжоо алдаж, сонгуулийн удирдлагыг бусад хүмүүсийн (?!) мэдэлд шилжүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. Мэдээж тэр УИХ-д ялан гарч ирнэ. Гэхдээ нам доторхи бүлэглэлийн харьцаанд хяналт тавих, энэ үйл явцыг удирдах боломжоо ихээхэн багасгажээ. Хэрэв тэр дахин Ерөнхий сайд болж чадвал намаа бүхэлд нь зангидсан манлайлагч болж чадна. Хэрэв чадахгүй бол МАН-ын жирийн нэг томоохон бүлгийн ахлагч, МАН доторхи сөрөг хүчний толгойлогч болно. Иймээс тэр “ахин Ерөнхий сайд болох” чиглэлээр ажиллаж байгаа нь ойлгомжтой. Үүний тулд тэр хамгийн эхлээд “Ерөнхий сайдад санаархсан баагийнуудыг сонгуулийн үеэр устгах” чигийг хүссэн ч, эс хүссэн ч баримтлана. Эхний жишээ: “цагаасаа эрт” Ерөнхий сайд болохоор илт санаархсан Ч.Хүрэлбаатар болж байна… Мөн МАН дотор “ямар нэг юм” болж Д.Амарбаясгаланг дасаж сурсан сонгуулийн менежерийн ажлаас нь салгаж, Говь-Алтай аймагт дэвшүүлэхээр болгожээ. МАН-д Д.Амарбаясгаланг гүйцэх туршлагатай, удирдан зохицуулах чадвартай, сайн менежер байхгүй гэж ойлгож байтал “ямар нэг юм” болж, энэ домог өөрчлөгдөв.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хамгийн ойрын хүн Х.Нямбаатар УБ-тай зууралдан, харьцангуй “бие даасан” үйлдэл хийх болов. Хэрэв УБ-ыг МАН-ын ялалт амжилтын тэн хагас гэж үзвэл Х.Нямбаатараас маш олон зүйл хамаарна. Гэтэл УБ хотын МАН-ын хороог Д.Сумъяабазар одоо болтол өгөхгүй байна. Энэ бол ихээхэн том зөрчил будлианы эх юм.
Ингэснээр МАН-ын сонгуулийн компанийг “шинэ хүмүүс” удирдах ёстой болж байна. Л.Оюун-Эрдэнэ өөрөө бол гарцаагүй ялна, харин УИХ-д дагуулж орох өөрийн хүний тоо УИХ-д олонхи болж чадах эсэх нь өөрөө асуудал юм. Эдгээр нөхцлөөс шалтгаалан Л.Оюун-Эрдэнэ бусад бүлгүүдтэйгээ тодорхой тохиролцоонд хүрэх талаар арга буюу бодит алхам хийхэд хүрнэ. Миний таамгаар МАН-ын бүлгүүдийн хооронд аль хэдийн тохиролцоонд хүрсэн нь эргэлзээгүй. Энэ нь МАН-д буй суурь зөрчлийг арилгасан гэсэн хэрэг огт биш, харин сонгуулийн өмнө болон үеэр “түр энх тайван” тогтоосон хэрэг юм. Гэхдээ УИХ, ЗГ-т “өөрийн хүнээ” оруулах өрсөлдөөн тэмцэл зогсоогүй, харин “маш нууц” байдалд өрнөж байна.
2. У.Хүрэлсүх
Эдүгээ Ц.Хүрэлсүх улс төрийн том бүлгийн толгойлогч, бүх бүлгийн “тэнцвэрийг хангагчийн” үүрэг хүлээсэн гол хүн болж байна. У.Хүрэлсүх МАН дахь бүх бүлгүүдтэй жигд бөгөөд тэнцвэртэй харьцах боломж бүхий цорын ганц хүн юм. Ингэснээрээ тэр МАН-ын бүх бүлгүүдийн зөрчил өрсөлдөөнийг зохицуулагч болон хувирав. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх нэг талаасаа “хөзөр холигч”, нөгөө талаасаа “тэнцвэр хангагч” юм. У.Хүрэлсүх чадвал “дахин 6 жил Ерөнхийлөгч болох”, ядвал “эв түнжинтэй шинэ УИХ бүрдүүлэх” зарчмыг баримтлах нь гарцаагүй. Үүний тулд У.Хүрэлсүх МАН-ын аль ч бүлгийг “гомдоохгүйгээр” сонгон авсан, зохист, тэнвэртэй харьцаа бүхий УИХ бүрдүүлж, Үндсэн Хуулинд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох өөрчлөлт оруулж, ахин 6 жил Ерөнхийлөгч болох чиглэлээр ажиллах ёстой. У.Хүрэлсүх МАН-ыг бусдаасаа илүү мэддэг, мэдэрдэг, нам дотроо их нөлөөтэй, дагагсад олонтой, хүмүүстэй харьцах арга барил суусан, зохицуулах туршлагатай. Гэхдээ хуулийн дагуу чөлөөтэй ажиллах боломж хумигдмал, баг нь ажлын чадвар муутай г.м. сул талууд бий.  МАН дахь бүлгүүд хүч ойролцоо тэнцүү, бие биенээ илт давуу ялах боломжгүй учир У.Хүрэлсүхийн “тэнцүү харьцаатай УИХ бүрдүүлэх” байр суурийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд одоогийн нөхцөлд үүнээс илүү сайн хувилбар байхгүй. Энэ талаар МАН-ын бүх бүлгүүд “стратегийн тохиролцоонд” хүрсэн нь илт байна. Гэхдээ “тохиролцох” ажил дууссан гэсэн хэрэг биш, “тохиролцоо” одоо ид үргэлжилж байна. “Тохиролцох” ажил хэд хэдэн үе шат, хэлбэртэй. Хэний нэрийг дэвшүүлэх, хэний нэрийг хасах, гомдсон хүмүүст албан тушаал амлах г.м. Түүнчлэн авах өгөх мөнгөний тоо хэмжээг тохиролцох зэрэг тун ч “хэцүү ажил” бас бий. Энэхүү тохиролцох ажилд МАН-ынхан маш сурамгай бөгөөд бараг “урлагийн түвшинд” хүртэл хөгжүүлж чадсан.
3. Хуучны бүлэглэл
Хуучны бүлэглэл сүүлийн үед самгардсан байдлаасаа гарч, сэхээ орсон ба одоо хүчээ нэмэгдүүлж байна. Д.Амарбаясгаланг хөдөө явуулсны дараа МАН-ын сонгуулийн компанийг хэн удирдах вэ гэдэг асуудал үүсэв. Гэхдээ сонгуулийн менежментийг С.Баяр, Сү.Батболд хоёр хийх нь гарцаагүй. Гэхдээ тэд ил гарч ирж чадахгүй, далдаас “стратегийн” хувьд удирдана. С.Баяр маш сайн менежер хэдий ч “улныхны” амьдралыг огт мэддэггүй, МАН-ын боловсон хүчний чадавхи эрс муудсан, МАН-ын сүлжээ орооцолдсон зөрчилд орсон, нийгмийн эсэргүүцэх, дургүйцэх сэтгэл зүй асар их өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйлийн улмаас баттай амжилт олох үндэслэл бага.
Харин МАН-ын сонгуулийг “ил удирдах” хүний талаар олон таамаглал байгаа ч одоохондоо үүнийг ярих нь илүүц. Гэхдээ сонгуулийн менежер хэн боллоо ч гэсэн МАН доторхи бүлгүүдийн тохиролцооны дагуу ажиллана. Хуучин бүлэг ч гэсэн УИХ, ЗГ-ын одоогийн бүрэлдэхүүн, хуучин арга барилаа хэвээр нь хадгалах онцгой сонирхол байхгүй. Тэд МАН-ын эрх барих одоогийн механизмыг хадгалан үлдэхийн хамт засгийн эрх барьж чадах, найдвартай, “бөгс ухахгүй” хойч үеэрээ шинэчлэл хийх, хийлгэх хүсэлтэй. Энэ утгаар хуучны бүлгийг “ямар нэг шинэчлэл” хийх эрмэлзэлтэй гэж хэлж болно. Энд томчуудын “шинэчлэл”, ард түмний хүсэн хүлээж буй шинэчлэл хоёр газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг онцлон дурдаж байна.  Түүнчлэн хуучин бүлэг Л.Оюун-Эрдэнийг шууд ил тод үгүйсгэж чадахгүй. Учир нь МАН Л.Оюун-Эрдэнийн “авилгын эсрэг тэмцлийн” далбаан дор л амжилт олох боломжтой. Мөн МАН-ын авилга, хулгай дээрмийн хэт томорсон сүлжээг хумих, цөөн хүний хүртээл болгох талаар ямар нэг алхам хийхгүй бол МАН-ын хуучин сүлжээ ажиллах чадваргүй, нурна гэдгийг тэд сайн ойлгож байгаа.
4. “Шоронгийнхон”
Энэ нь хэдийгээр шог боловч яг оносон нэр томъёо юм. “Шоронгийн бүлэгт” МАН-ын дээд удирдлагын авилгийн сүлжээнд тодорхой, нөлөө бүхий байр суурь эзэлж, түүний нэг араа шүд болж ирсэн, гэхдээ гэмт хэрэг нь илчлэгдсэн, гэмт хэргийн баримт нь өрсөлдөгчдийн мэдэлд орсон, үүнээсээ болж идэвхитэй ажиллах боломжгүй болсон, тэгсэн атлаа улс төрд үргэлжлэн байх сонирхол бүхий маш олон хүн багтана.
Энэ бүлгээс дор хаяж 22 хүнийг намаас хасахаар албан ёсоор ярьж байгаа нь олон зүйл өгүүлнэ.  Яг тодорхой бүлэг биш боловч “ижил хувь заяатайн” улмаас нэг бүлэг болж тэмцэхээс өөр арга тэдэнд байхгүй. Сүүлийн үеийн хөдөлгөөнөөс ажиглахад “шоронгийнхон” нэгдэж, хамтран ажиллаж бие даасан бүлгийн шинж чанартай болж байна.
“Шоронгийнхон” асар их хөрөнгөтэй, хувийн холбоо сүлбээ сайтай боловч гэмт хэрэг нь илчлэгдсэн буюу “буруу хөдөлбөл” илчлэгдэхийн өмнөхөн байгаа учраас тун хүнд байдалд ороод байна. Тэднийг зөвхөн айдас нэгтгэж байгаа гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.  Тэдний өмнө гуравхан зам байгаа. Эсвэл шоронд орох, эсвэл улс төрөөс гарч “үүрд мартагдах” гэсэн хоёр замаас гадна яг одоо “арга эвийг” нь олж байгаад УИХ-д үлдэх гэсэн гурав дахь зам байгаа. Тэд мэдээж гурав дахь замыг сонгоно. Чингэхдээ “аль найдвартай” бүлгийг дагах ба ингэснээрээ тухайн бүлгийнхээ хөрөнгө хийгээд хүч чадлыг ихээхэн нэмж чадна. “Шоронгийнхон” аль бүлгийг дагах нь одоохондоо тодорхойгүй боловч У.Хүрэлсүх болон хуучин бүлгийг бараадна гэж нэлээд үндэстэй таамаглаж болно. Гэхдээ У.Хүрэлсүх болон бусад аль ч бүлэгт “шоронгийнхныг” бүгдийг нь ахин УИХ-д оруулах боломж байхгүй. Иймээс МАН-д ямар нэг хэмжээгээр “цэвэрлэгээ” явагдана. МАН-ын энэ 4 бүлэг хэдийгээр өрсөлдөн тэмцэлдэж буй боловч намын системээ эвдэхгүйгээр “шинэчлэх”, өөрөөр хэлбэл шинэ буюу шинэ мэт харагдах, арай залуу улс төрчдийн баг бүрдүүлэх замаар өөрчлөлт хийх хүслээрээ нэгдмэл. Шинээр бүрдэх УИХ-д өөрийн хүнээ олон тоогоор оруулсан бүлэглэл ирэх 4 жилд ноёрхоно. Хатуу ширүүн өрсөлдөөний үр дүнд ямар нэг “холимог” УИХ бүрдэнэ. Харин сонгуулийн дараа бүлэглэл хоорондын тэмцэл ширүүсэх ба ингэснээрээ МАН-ын шинэ бүлэглэлүүдийн зааг ялгаа тодрон гарна. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэ бүлэглэлүүд тодорно.
АН-ын зовлон
МАН сонгуульд гарцаагүй ялна гэдгээ сайн мэдэж байгаа. Дангаараа илт давуу ялах нь нийгмийн бүх төрлийн шүүмжлэлийн цохилтыг МАН ганцхан өөрөө дээрээ авах болно. Иймээс МАН-д АН хэрэгтэй. Учир нь шинэ парламентыг “ардчилсан” харагдуулах ёстой. Үүний тулд “өөрийн талын” АН хэрэгтэй. Үүнийг “1,5 намын” бүдүүвч гэж нэрлэж болно. 1 бүхэл нь УИХ-д олонхи болсон МАН, 0,5 нь цөөнх болсон АН. Энэ нь шинэ УИХ-ыг “ардчилсан харагдуулах” хамгийн тохиромжтой бүдүүвч юм.
АН анхнаасаа МАН-ын талыг баримталсан, МАН-ыг эсэргүүцсэн 2 бүлэгт хуваагдаж ирсэн. Энэ нь одоо ч хэвээрээ.
Өнөөгийн нөхцөлд МАН-ын талыг баримталсан АН-ын бүлгийг илээр Лу.Гантөмөр, хагас илээр С.Баярцогт, далдаас Ц.Элбэгдорж удирдаж байна. Ц.Элбэгдорж энд тэнд лекц уншаад ирэхээр Монголын болон АН-ын ямар нэг юм болохоо байдаг зүй тогтолтой.
Харин МАН-ыг эсэргүүцсэн бүлгийг Х.Баттулга удирдаж байна. Х.Баттулгын гол тулгуур нь МоАХ юм. АН-ын бүлгүүд хүчний хувьд ойролцоо, гэхдээ Х.Баттулга нь хавьгүй илүү жин дарж буй. Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр, С.Баярцогт нарыг МАН-ын зарим бүлэг, тодруулбал хуучны болон У.Хүрэлсүхийн бүлэг дэмжих өндөр магадлалтай. Харин Л.Оюун-Эрдэнэ хүч мөхөствөл Х.Баттулгын дэмжлэгийг авах, хамтран ажиллах боломжтой. МАН, АН-ын энэхүү “сөөлжиж дэмжилцэх” үйл явцыг МАН, АН-ын хоорондын “нууц тохиролцоо”-оор шийддэг. Энэ нь одоо ид явагдаж байна.
“1,5 намын тогтолцоо” бий болгохын тулд бусад жижиг намууд болон иргэний хөдөлгөөн байгууллагуудыг “нэгтгэж” байна. Энэ ажлыг М.Энхсайхан хариуцан ажиллаж байна. Түүний хийсэн эхний ажил нь МАН-д “гологдсон” Н.Номтойбаярыг эхлээд Ногоон Намын дарга болгов. Дараа нь өөрийн Монголын Үндэсний Ардчилсан намтай (МҮАН) нийлүүлж “Үндэсний эвсэл” байгуулж даргаар нь Н.Номтойбаярыг сонгов.
Энэ нь “Үндэсний эвслийг” стратегийн хувьд М.Энхсайхан удирдана гэсэн хэрэг юм. Энэ бол “1,5 намын тогтолцоонд” нэлээд их тус болно гэж тооцоолсон бололтой. “Үндэсний эвсэл” онцгой их амжилт гаргахгүй ч 1-2 хүн УИХ-д оруулах тохиролцоо хийсэн нь эргэлзээгүй. “Үндэсний эвсэл” МАН-аас тасраад, хаа холуур явчихгүй нь мэдээж. С.Баярцогт АН-даа өөрийн эрх мэдлийг нэмэх тодорхой болзол тавиад сонгуулийн үеэр Х.Баттулгатай “гар барихад бэлэн” гэж мэдэгджээ. Энэ нь АН-ын нэр дэвшигчдийн тодорхой хувийг хуваан авах тохиролцоо хийнэ гэсэн үг юм. Зарим цуурхлаар бол Х.Баттулга АН-аас нэр дэвшигчдийн 50 хувийг Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) авна гэж тулгасан аж.  Үнэхээр ч С.Баярцогт хэнтэй ч тохиролцох, зөвшилцөх урлагийг төгс эзэмшсэн хүн юм. Харин энэ нь бүтэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Учир нь асар их унасан нэр хүндийг сэргээх нэн түвэгтэй, бараг боломжгүй.
Бусад хүчин зүйл
Монголын сонгуульд маш олон гэнэтийн, санамсаргүй хүчин зүйл нөлөөлдөг. Жи: одоо зуд болж 3 сая гаруй мал хорогдоод байна. Зуд 3,4,5 сар хүртэл үргэлжилнэ. Зуданд малаа алдсан монгол малчин уур бухимдлаа нам төрд л гаргана. Өөр хэнд гаргахийм ?!  Өөр нэг жишээ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилж түүнд “шал дэмий” олон хэрэг тохож байна. Мөн нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” багийнхныг дарамталж байна. Энэ нь МАН-ын хуучны бүлгийн хийж буй усан тэнэг ажил юм. Энэ нь МАН-ын нэр хүндэд яавч сайнаар нөлөөлөхгүй. Тэмцэгчид болон шүүмжлэгчдийг дарамтлах, баривчлах явдал цаашид үргэлжилбэл олон түмний сэтгэл зүйд дургүйцэл төрүүлж, тэсрэлт үүсгэх магадлал маш өндөр болно.
Бидний хийх юм 
Сонгуулийн жүжиг эхэлж хөшиг нээлээ. Хэдэн гоёмсог жүжигчин гарч ирлээ, ёсоллоо, хөшиг хаалаа. Ямар ч эхлэл, өрнөл, төгсгөл байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч үйл явдал байхгүй. Жүжиг дууслаа. Үзэгчид бодож ч чадахгүй, ухаарч ч амжихгүй. Ийм жүжгийг “Гялс манас” гэж нэрлэж болно. Ийм л сонгууль болно доо…
Энэ нөхцөлд сонгогчид намуудаас, тодруулбал МАН, АН хоёроос ганцхан зүйл шаардах ёстой. Яагаад гэвэл МАН, АН хоёроос өөр олон зүйл хүсээд нэмэргүй, бас амжихгүй. Төрд хавтгай нүүрлэсэн системт хулгай, дээрэм, авилгын учир шалтгаан, гэм хор, үүний төлөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой улс төрийн хүчнийг нэрлэх, хулгайч төрөө хэвээр нь байлгах уу, аль эсвэл өөрчлөх үү, “манай шилдэг тэргүүний боловсон хүчин” гэж магтаж байгаад төрд хулгайч дээрэмчин, авилгачид шахдаг бузар системээ хэрхэн яаж өөрчлөх, сүлжээт авилгын системээ засах, өөрчлөх, багасгах, хумих, арилгах улс төрийн хөтөлбөр чинь юу вэ гэж л асууж шаардах ёстой. Хэрэв сонгуулийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгаагүй намыг сонгохгүй байж болно. Хэрэв бүх намууд энэ асуудлыг хөтөлбөртөө тусгахгүй бол ард түмний бослого эхэлж болно. Энд чинь элдэв хангайн “онол ном” болоод байх ямар ч шаардлага байхгүй. Төрийн системт, сүлжээт хулгай дээрэм зогсвол Монгол Улс хэдхэн жилийн дотор сэв хийтэл босоод ирэх нь ямар ч эргэлзээгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ