Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнэггүй монгол зан, хариуцлагагүйн зуд!


Хүйтний эрч суларч, цаг наашилж байгаа ч Монгол Улсын нийт нутгийн дийлэнх нь хүйтэн, цас зудтай байна.  Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын албаныхан гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ цас зуданд нэрвэгдсэн малчдад туслах, төөрсөн, цасанд суусан иргэдийг аварч байна. Мэдээж өвөл хэлж ирдэг. Бас Монголд анх удаа цас ороогүй, зуд болохыг эртнээс сануулж, ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болно, иргэд, малчид сэрэмжтэй байж, орон нутгийн замд гарахгүй байхыг сануулсан сэрэмжлүүлэг мэдээ бүхий л мэдээллийн хэрэгсэл, сошиал хуудсуудаар өрнөсөн. Сар шинийн өдрүүдийн дараа онцгой хүйтэрч, цас их орно гэдгийг ч сануулсан, сэрэмжлүүлсэн.
Зөвхөн радиогоо сонсч, эсвэл нараа харж цаг агаараа шинжиж байсан монголчуудын хувьд өнөөдөр гар утаснаасаа цаг агаарын мэдээгээ үзчихдэг, харчихдаг болсон. Төрийн байгууллага нь интернэтэд холбогдож байгаа хэн бүхэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг болсон. Хамгийн хол сумын малчин нь цаг агаарын мэдээг үздэг, цаг агаарын аюулт үзэгдэлд бэлтгэх, сэрэмжлэх боломжтой болсон учраас бид аливаа цаг агаарын аюулт үзэгдлийг гарз багатай давах туулахын тулд сэрэмжлэх бүрэн боломжтой гэсэн үг. Гэтэл сүүлийн хэдэн өдөр төөрсөн, цасанд суусан дуудлага ч нэмэгдэж, энэ хэрээр Онцгой байдлын алба болон бусад албаныхны ачаалал нэмэгдэж байна. Сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад, сануулаад байхад л Шилийн богд уулыг зорьсон машин 1500 байна гэсэн мэдээлэл гарч байх жишээтэй.
Нэг үеэ бодвол техник, технологи хөгжсөн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд хаанаас л бол хаанаас аваад, бэлтгэлээ базааж, аюулгүй байдлаа хангах бүрэн боломжтой болсон. Гэтэл сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээлэл өгсөөр байтал цастай, халтиргаатай зам даваагаар зорчиж, амь насаа эрсдэлтэй байдалд оруулах, осгох, хөлдөх тохиолдлууд олон гарч байна. Ялангуяа малчид малынхаа араас яваад амиа алдах, сураггүй болох тохиолдлууд ч нэмэгдэж байна.
  • 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.
  • төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Энэ мэтчилэн Онцгой байдлын бүх шатны байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цаг наргүй төөрсөн, цасанд суусан иргэдээ хайж, нэг ч гэсэн хүний амь аврахаар цаг наргүй ажиллаж байна. Харин иргэд нь хариуцлагатай байж,  цаг агаарын нөхцөл байдлаа сайтар харж, хэнэггүй монгол зангаар хариуцлага алдаж болохгүйг өнгөрсөн хугацаанд бидэнд олон үйл явдал сануулсан, харуулсан. Малчид ч гэсэн цаг агаарын аюулт үзэгдэл болох цөөхөн хоногт малаа хол бэлчээхгүй, хашаалаад өнжих зэргээр хариуцлага алдахгүй байх нь байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах боломжтой.
Монголчууд олон олон өвөл, зуд, үер усыг холч ухаан, хариуцлагатайгаар давж ирсэн ч байгалийн гамшгийг хэн ч төсөөлж, сөрөн гарахгүй нөхцөл тулж ирнэ. Гэхдээ хүн бүр, иргэн бүрийн хариуцлага хамгийн чухал гэдгийг сануулая. Ядаж л Шилийн богд ууланд гарч хийморио сэргээх, ээж хаданд очиж мөргөл үйлдэхийн тулд цаг агаарын аюулт үзэгдлийг сөрөн гарч болохгүй, орон нутгийн замд гарахгүй байхыг сануулсаар байтал “аа гайгүй биз” гэсэн хэнэггүй зангаар хандахгүй байх, техник, технологи хөгжсөн цагт адаглаад GPS суулгаад явдаг байх гээд хүнээс өөрөөс нь шалтгаалах, хариуцлагатай байх нь аливаа гамшгийг эрсдэл багатай даван туулах боломжтойг олон үйл явдал, туршлага харуулсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ