Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ


БААВГАЙД БАРИУЛЖ, УХААН АЛДААД СЭРГЭТЭЛ НҮДНИЙ АРЬС УНЖААД ӨӨХ НЬ ГАРЧИХСАН, ХАМАР СЭТЭРЧИХСЭН БАЙСАН

       23 жилийн өмнө баавгайд бариулсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчин Д.Жамсран гуайтай ярилцлаа. Тэрбээр “Баавгайд бариулаад ухаан алдаад сэргэтэл толгой, нүүрний арьсыг хуулчихсан, хүн харахын эцэсгүй болгочихсон байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж байхдаа өөрийгөө амьд үлдэх болов уу, үгүй болов уу гэж айж байсан. Харин эмч нарыг эмчилж, оёдол тавьж, хүйтэн жин тавьж эхлэхэд нь өөрийгөө амьд гарах юм байна гэж итгэж байсан даа” хэмээн ярих тэрбээр Цагааннуур сумаас 30 гаруй км-ийн зайтай нутагладаг. 
-Таныг баавгайд бариулж, олон оёдол тавиулсан гэсэн. Тухайн үед юу болсон тухай ярьж өгч болох уу?
        -2001 оны дөрөвдүгээр сард гэрээсээ таван километрийн зайд Баруун гол гэдэг газар хоёр хүнтэй хамт модонд явсан юм. Гэтэл гэнэт баавгай гараад ирсэн. Яах ийхийн завдалгүй шууд хазаад, сэгсэрчихдэг амьтан байна лээ. Уулын энгэрт явсан болохоор зугтах арга байгаагүй. Толгойноос хазаад сэгсрэхэд нь би орилоод л унасан. Тэгээд ухаан алдаад сэргэтэл баавгай барьчихаад явсан, толгой сэнгэнэтэл даарч байсан даа. Надаас 50 метрийн зайд мод хөрөөдөж байсан хоёр хүн миний орилох дуунаар баавгайг үргээсэн байх. Тэгээд тэр хоёр миний толгойг ноосон цамцаар боож, намайг сумын эмнэлэгт хүргэсэн. Сумын эмч нар толгойд нэг оёдол тавиад аймгийн эмнэлэг рүү авч явсан. Аймгийн эмнэлэг рүү явж байтал  дотор муухайрч, толгой эргээд бие нэлээн тухгүй байсан. Ухаан орж, гараад л байсан санагдана. 
-Таныг баавгай хазахдаа толгой, нүүрнийх нь арьсыг битүү хуулчихсан байсан юм уу?
       -Баавгай толгойн оройноос хазаж, сэгсэрсэн учраас хуйхны талыг хуулчихсан, нүдний арьс унжчихсан, хамрын арьс сэтрээд гарчихсан байсан. Намайг Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хүргэгдсэн орой мэс заслын эмч нь жижүүрт гарч таарсан тулдаа надад даруйхан арга хэмжээ авч чадсан. Намайг очсон даруйд нүүрний арьсыг хайлдаг утсаар, хуйхан хэсгийг өөр утсаар оёсон. Тэр үед би хоёр, гурван цаг оёдол тавиулж байж өрөөндөө орсон санагддаг юм. Гэсэн ч нүд харанхуйлж, толгой эргээд юм харж чадахгүй байсан. Эмч нар олон төрлийн тариа тарьж, хүйтэн жин тавихыг зөвлөсөн. Хүйтэн жин тавьсаар байгаад шархаа дааж гарсан гэж боддог.

ТОЛГОЙДОО 226 ОЁДОЛ ТАВИУЛЖ, ДУХНЫХАА ЯСНААС ТАЙРУУЛЖ БАЙЛАА 

-Та хэдэн сар эмчилгээг хийлгэж байж хөл дээрээ боссон бэ. Түүнээс хойш биед тань өөрчлөлт орсон уу?
        -Би аймагтаа сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд мөн сар эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед би 226 оёдол толгой, нүүрэн хэсэгтээ тавиулсан. Бас духны яс цөмөрчихсөн байсан учир бага зэргийн яс тайрч авсан. Одоо ямар нэгэн өвчин, зовиур байхгүй. Заримдаа бороо орсон үед толгой дүүрч өвддөг. Өөр шинж тэмдэг илрээгүй байна.
-Танай суманд баавгайд бариулаад эмнэлэгт хүргэгдэж байсан хүн таниас өөр бий юү?
        -Намайг хүлээж авсан Мэс заслын н.Ганзориг эмч надаас өмнө баавгайд бариулсан хоёр хүнийг эмчилж, эдгээсэн туршлагатай хүн байсан. Одоо ч аймгийнхаа эмнэлэгт ажиллаж байгаа. Зарим  хүний хуйхны ар талыг хуулчихсан байдаг болохоор эмчилгээгээ даалгүй нас бардаг гэж сонсож байсан. Миний нүүрэн хэсгийн арьсыг хуулсан болохоор эмчилгээгээ даасан юм болов уу гэж боддог. Оёдолоо тавиулж дууссаны дараа үсээ хусуулсан.
-Таныг баавгайд бариулаад 200 гаруй оёдол тавиулсан гэхээр хүмүүс гайхдаг уу?
       -Намайг нүүрний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулчихаад амьд үлдсэн гэхээр хүмүүс гайхдаг. Таньж мэддэг хүмүүс намайг бараг эдгэрчихсэн байна гэж ярьдаг. Би бас өөрийгөө ус уух тавилантай байж дээ гэж боддог. Гэнэтийн осолд орж, бэртэж гэмтэх аль тэр гэх вэ. Би богино хугацаанд эмнэлэг бараадсан тулдаа эмчилгээ авсан болов уу гэж боддог юм даа. 
-Та баавгайд бариулсныхаа дараа ухаан орчихоод балмагдаж, айсан уу?
       -Тухайн үед залуу байсан болохоор харьцангүй гайгүй. Дөнгөж 40 гарчихсан байсан. Эмнэлэгт хүргэгдсэн болохоор арай үхчихгүй болов уу л гэж бодож байсан.
-Тэр олон шархыг дааж гарахад таны биеийн дархлаа, сэтгэл зүйн байдал нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Харин та юу гэж боддог вэ?
      -Хөдөө байсан болохоор дархлаа сайтай байсан болов уу гэж боддог. Толгой даагдахын аргагүй хавдаж, нүд харанхуйлаад хэцүү өдрүүд байсан. Бас нэлээд цус алдсан арай ч шоконд ороогүй. Эмнэлэгт ороод л тайвширсан. 

-Та дээрх явдлаас хойш дахин баавгайтай таарсан уу?
      -Хонь, мал хариулж явтал баавгай явж харагддаг. Ойролцоо явж харагдах юм бол муухай хашхирчихаар цаашаа явчихдаг. Намайг баавгайд бариулдаг жил уулаараа цас ихтэй байсан болохоор тэр баавгай дулаан газар руу орж ирж төллөсөн юм уу, яасан юм мэдэхгүй.
-Та Цагааннуур суманд хэдэн онд ирсэн бэ. Нутгийнхаа тухай ярьж өгөөч?
      -Би 1997 онд Цагааннуур суманд аав, хоёр дүүгийнхтэйгээ хамт Увс аймгийн Тариалан сумын нэгдүгээр багаас нүүж ирсэн. Энэ нутагт ирээд 20 гаруй жил амьдарч байна. Тухайн үед зах зээлээ бараадаж л ирсэн. 1997 оноос Дуганы дов гэдэг өвөлжөөндөө өвөлжилж, дөрвөн төрлийн мал маллаж сайхан амьдарч байна.  Манай нутаг хээрийн амьтан ихтэй. Ууландаа баавгай бий. Заримдаа хоттой хонь руу хээрийн амьтан дөхөх юм бол бүрээ үлээж үргээдэг. Эндэхийн айлууд өдөржин хонио дагаж хариулж байгаад орой л гэртээ ордог хүмүүс шүү дээ.
-Танд эрүүл энхийг хүсье.
    -Баярлалаа. Тухайн үед намайг эмчилж, эдгээсэн эмч нартаа баярлаж явдагаа дахин илэрхийлье. 

https://ergelt.mn/news_full/155/single/41576
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ