НИАМЕЙ, 2024 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Цэргийн дэглэмд захирагддаг Буркина-Фасо, Нигер, Мали гэсэн Африкийн гурван улс Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгээс (ECOWAS) гарч байгаагаа мэдэгджээ.
Тус гурван улсын удирдагчид болох ахмад Ибрахим Траоре (Буркина Фасо), хурандаа Ассими Гойта (Мали), бригадын генерал Абдурахмане Чиани (Нигер) нар улс орноо бүс нутгийн байгууллагаас нэн даруй гаргахаар шийдвэрлэж, хамтарсан мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдлийг Нигерийн Ерөнхийлөгчийн ажлын албаны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар "49 жил оршин тогтнож буй ECOWAS нь түүнийг 1975 онд үүсгэн байгуулагчдын тунхагласан ахан дүүсийн нөхөрлөл, эв нэгдэл, харилцан туслалцах, энх тайван, хөгжил дэвшил гэсэн үзэл санаанаас ухран холдсонд Буркина Фасо, Мали, Нигер улсуудын ард иргэд харамсаж, урам хугарч байна. Мөн гадаад гүрнүүдийн нөлөөнд автаж, үндсэн зарчмаасаа урвасан нь гишүүн орнууд болон ард түмнүүдэд аюул учруулж байна".
ECOWAS нь терроризмтой тэмцэхэд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй улс орон хувь заяагаа өөрийн гарт авахаар шийдсэн мөчид хууль бус, шударга ёсонд нийцэхгүй, хариуцлагагүй хориг арга хэмжээ авсан гэж буруутгаж байгаа аж.
Цэргийн эргэлт гарсны дараа Африкийн тус гурван улс ECOWAS, Европын Холбоо, барууны зарим орны шүүмжлэлд өртөж, ECOWAS болон Франц улстай тогтоосон харилцаа нь хурцадсан байна. Франц улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээг цуцалж, цэргээ гаргахыг тус улсаас шаарджээ. Үндсэн хуулийн дэг журмыг сэргээхийн тулд бүс нутгийн улс орнууд Нигерт цэргийн хамтарсан ажиллагаа явуулна гэж ECOWAS сүрдүүлж байв.