Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурах юм. Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.
2024 оны 1 дүгээр сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Энэ сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.