Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрсний сонсголыг хийж байгаа нь авлигатай тэмцэхэд чухал алхам болно



Нүүрсний сонсголын эхний шат энэ сарын 7-нд дууссан. Эхний шатны сонсголоор жижиг “Таван толгой”-той холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Уг сонсголд мэдээж Ардчилсан намынхан дуудагдаж, тайлбар мэдээлэл өглөө. Тэгвэл нүүрсний сонсголын хамгийн чухал хэсэг өчигдрөөс эхэллээ.

Энэ сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, нийт үнийн дүн, өнөөх “С” зөвшөөрөл, хэрхэн тээвэрлэлт хийсэн, ямар компаниуд хийсэн, давуу эрх эдэлсэн үү гэхчлэнгээр нарийн бас ноцтой мэдээллүүд олон нийтэд хүрнэ. Энэ мэдээллийг сонсох гэж монголчууд нийтээрээ хоёр жил шахам хүлээсэн. Тус сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийг харахад ирэх ёстой хүмүүс бүгд ирж. Даргыг нь дарга, цэргийг нь цэрэг гэж ялгаагүй бололтой. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх… Эрх барьж байгаа намын тод дүрүүд Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн… Хамгийн гол гэрчээр мэдээж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцоно. Уг сонсголд тэр хоёр ч удаа гэрчээр дуудагдсан. Түүнийг сонсголд оролцуулж үг хэлүүлэхгүй байх сонирхол тодорхой хүрээнийхэн, бүлэглэлд байсан. Гэхдээ тэр ирнэ. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе үеийн удирдлагууд, одоогийн болон өмнөх УИХ-ын гишүүд, бүр С.Баярцогт ч явж байх жишээний. Тэд бүгд сонсголд оролцох нь. Эдгээр гэрчүүд дундаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ноцтой зүйлүүд ярих байх гэсэн хүлээлт нийгэмд байна.

Ямартаа ч сонсгол шударга болоосой гэж ард түмэн хүсч байгаа. Үр дүнтэй болоосой гэж найдаж байгаа. Ямар үр дүн гарснаас үүдэж нийгэм цэвэрших байх гэж горьдож байна. Энэ хүнд хэцүү цаг үед энэ бол ирээдүйгээ харсан, шударга ёсны ганц ажил юм даа. Учир нь үр хүүхдийнхээ төлөө, хойч үеийнхээ төлөө, энэ Монголын төлөө хийж байгаа шударга ёсны ажил. Сонсгол үр дүнтэй болж, холбогдогч этгээдүүд зохих ял шийтгэлээ авсны дараа цаашдын улстөрчид төрийн өмчөөс хуйвалдаж хулгай хийж болдоггүй юм байна гэж ойлгоно гэсэн итгэлтэйгээр нийгэм сонсголыг харж байна. Нийтийн юм хулгай хийж болдоггүй юм байна. Хэзээ нэгэн цагт баригддаг юм байна. Төр буюу иргэдийнхээ төлөө зүтгэх ёстой юм байна гэж одоогийн, ирээдүйн төрийн түшээд ойлгох байх. Иргэдийн төлөө зүтгэх, шударга хуваарилалт хийх ёстой юм байна. Олсон мөнгөөр нь эх орондоо хэрэгтэй ажил хийх хэрэгтэй юм байна. Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ бүгдийг хийгээд шударгаар шагналаа авах юм байна гэж ойлгоно гэж найдаж байгаа.
Хулгай хийж мөнгө завших биш, шударгаар шагнуулах соёл, жишиг эндээс тогтоно. Эндээс улс төрд шинэ түүх эхэлнэ. Ингээд үр дүнгийн шагнал ч өөр болох байлгүй дээ. Улстөрчид энэ их мөнгөнөөс надад юу ч олдохгүй нь гэж үзсэнээс хулгай хийгээд байх шиг байна. Тиймээс үр дүнгээр нь шударгаар шагнадаг болох байлгүй.

Энэ сонсголыг, энэ бүгдийг Б.Энхбаяр гэх гишүүн хийж байна. Өмнө   Хөгжлийн банкны сонсголыг хийж байсан учраас түүнийг туршлагатай гэж хардаг. Мөн шударга явуулах болов уу гэсэн найдлага бий. Өдрийн сонин энэ талаар их л бичиж байгаа. Хамгийн гол нь үүний ард Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
байгаа гэдгийг бүгдээрээ мэдээгүй царайлаад яах вэ. Тэр л анх сонсголыг явуулна гэсэн. Явуулж эхэллээ. Намын даргын хэлсэн үг ч бий. “Намынхантайгаа, журмын нөхөдтэйгөө муудах нь ээ” гэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга нэгэнт л ингэж зориглосон юм бол түүнээсээ битгий буцаарай даа гэж энэ дашрамд хэлье. Ер нь тэр их муйхар эр юм. Энэ муйхарлал нь ард түмэнд хэрэг болж байна. Тэр иргэдэд, ирээдүйн Монголд их хэрэгтэй юм хийж байгааг хэлэхээс өөр арга байхгүй.

Бид өмнөх дугаарууддаа “Нүүрсний сонсгол, авлигатай тэмцэх тэмцлээ зогсоохгүй биз дээ, Л.Оюун-
Эрдэнэ ээ. Зогсоовол нэг худгийн манаач болоод л дуусна шүү” гэж их ч бичсэн. Тоть шиг давтъя. Битгий зогсоогоорой. Зогсоож болохгүй!!!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрэх эсэхийг сонсголоо хийж чадаад, буруутнуудыг шүүхэд шилжүүлсэний дараа л бүгдээрээ харъя. Мэдээж түүний эсрэг, энэ сонсголын эсрэг олон бойкот явж байгаа. Түүнийг нь монголчууд бид өнөөдөр биеэр мэдэрч байна. Түлш, эрчим хүч гэхчлэнгээр боож, чөдөрлөж тушиж байна. Тиймээс муйхар зангаараа, зангаргаараа бас төдийгөөс өдий хүрсэн ёс суртахуунаараа энэ сонсголын ард гарчих байх аа гэж найдаж байна!

Мэдээж нүүрсний сонсголыг хийснээр тогтой, шатахуунтай болохгүй. Халтиргаа гулгаа, түгжрэл, утаа арилахгүй. Сонсгол бол улс төр гэдгийг иргэд ойлгож байгаа байх. Нүүрсний сонсголыг хийснээр дээр бичсэнчлэн шударга ёсны эхлэл тавигдана. Жишиг тогтоно. Авлигатай тэмцэхэд түлхэц болно. Төрд шинэ үе, шинэ ёс заншил тогтоход чухал нөлөө болно. Монгол Улсад хэрэг болно. Харин өнөөдөр Монгол түмний хоолойд тулчихсан асуудлууд арилахгүй. Энэ бол аж ахуйн ажил. Тиймээс бодитой аж ахуйн ажлуудаа танхимын сайд нар нь хиймээр байна. Хүнд хэцүү үед ажил хариуцсан сайд нар хуралдаанд оролцохгүй байна гэх шүүмжлэл гарсаар байна. Тэд нүүрсний сонсголоор халхавчилж улстөржиж суумааргүй байна. Эцэст нь хэлэхэд, ажил хариуцсан сайд нар нь ажлаа хий. Улс удирдах бол улс төрийн ажил нь аравны нэг, үлдсэн ес нь аж ахуйн ажил байдаг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ