Ганцмод боомт хоёр улсын худалдааг хөгжүүлж байна.
Хоёрхон монгол гэртэй байснаасаа олон улсын хилийн худалдааны хот хүртэл, хилийн худалдааны түр хугацааны боомтоос Хятад, Монголын эрчим хүчний томоохон гарц хүртэл Ганцмод боомт нь "Бүс ба зам" болон "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын хамтын бүтээн байгуулалтад чухал зангилаа болж, газарзүйн болон байршлын давуу тал хөгжсөөр Хятад, Монголын худалдааны "алтан” боомт болжээ.
Ганцмод боомт нь ӨМӨЗО-ы хамгийн том гаалийн бүрдүүлэлт, худалдааны хурдны замын боомт бөгөөд Монгол Улсын Гашуунсухайт боомттой хиллэдэг. Мөн Монгол Улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох хамгийн богино тээвэрлэлтийн алтан суваг юм. Ганцмод боомт байршлын давуу талаа түшиглэн Хятад, Монголын худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулж байна.
Өвөр Монголын Зитүө олон улсын худалдааны ХХК нь Хятад, Монголын худалдааны сувгийн нэгэн жишээ юм. Олон жилийн турш Зитүө олон улсын худалдааны ХХК нь Монгол Улсын уул уурхайн олон бүс нутагтай урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсын логистик, 2000 гаруй тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж, дотоод болон гадаадад гаалийн хяналтын долоон газар, мөн нүүрс боловсруулах, угаах үйлдвэр гурвыг байгуулж, бизнесийн хүрээ нь Хятад дахь олон боомтыг хамарч байна.
"Манай компани нь Ганцмод боомтын байршлын давуу талыг түшиглэн нүүрс худалдан авах, тээвэрлэх, угаах, боловсруулах, борлуулах, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн баг нь анх 200 гаруй тээврийн хэрэгсэлтэй байсан бол одоо 2000 гаруй тээврийн хэрэгсэлтэй болж, ачаа тээврийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн орчин улам ухаалаг, тохь тухтай болж байгаа энэ үед Монгол Улстай хийх худалдаа ч сайн хөгжих болно" гэж Зитүө олон улсын худалдааны ХХК-ийн ерөнхий менежер Бай Шяндүн ярилаа.