Монголчууд албан ёсоор олимп, тив дэлхийн наадамд медаль хүлээдэг, хардаг топ спортын төрлөө нэгээр нэмлээ. Олимпийн хөтөлбөрт орох нь ердөө цаг хугацааны асуудал болоод буй цахим спортоор Монголын баг тамирчид хэдийнэ цуу алдраа дуурсгаж ирсэн. Үүнийг ч улам нотлох шиг өчигдөр/2023.10.02/ Ханжоу хотноо болж буй 19 дэх удаагийн Азийн наадмын "dota 2"-ийн төрөлд Монголын баг мөнгөн медалийн эзэд болов.
Азийн наадмын хөтөлбөрт багтана гэдэг бол олимпийн наадмын хөтөлбөрт багтах эхлэл.
Арав хүрэхгүй жилийн өмнө нийгмийн хорт хавдар, өсвөр үеийнхэн дундах чимээгүй тахал, донтолт, сэтгэцийн өвчний эх үүсвэр мэт ойлгогдож байсан цахим спортыг монголчууд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ бүгд нэршлээсээ эхэлсэн. Подвалын PC тоглоом гэж байсан бол одоо цахим спорт гэх нь түгээмэл болжээ. Монголын үе үеийн цахим спортын баг, тамирчид ч сайнтай, муутайгаа хэлүүлэн өнөөдрийн амжилтыг хамтдаа бүтээлээ.
4500 хүний суудалтай Ханжоу хотын цахим спортын төвд таван монгол залуу талбайн эзэн орны оддын цуглуулга цагтаа дэлхийн толгойны өвчин болж байсан таван тамирчинтай эн тэнцүү тоглолтыг үзүүллээ. Бүр эхний ээлжийн тоглолтод буулган авч, цэнгэлдэхийг чимээгүй болгосон. Шийдвэрлэх ээлжийн тоглолтод ч илт илүүрхэж, Хятадын хөгжөөн дэмжигчдийг суудал дээр нь өндөлзүүлж байлаа. Ердөө нэг бяцхан алдаа эсрэг багтаа сэргэх боломжийг олгон хувь заяаг шийдсэн. Талбайн эздийн тамирчид ч хөгжөөн дэмжигчдийнхээ "шифи"-г сайтар ашиглаж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгосон гэхэд хилсдэхгүй.
Ямартай ч Монгол Улс Азийн наадмын цахим спортын түүхэнд анхны медалиа хүртлээ. Өмнө нь танхимын наадмаас FIFA болон NBA 2K төрлүүдэд медаль авч байсан түүхтэй.
Дан ганц "dota 2" ч гэлтгүй "Street Fighter", "League Of Legends", "EA Sports FC", "Arena of Valor", "Dream Three Kingdoms", "Peace Elite" зэрэг цахим спортын төрлүүд энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт багтсан билээ.
"Peace Elite" буюу "PUBG Mobile"-ийн Азийн наадамд зориулж гаргасан хувилбарт Монголоо төлөөлөн "IHC Esports" баг оролцсон ч хараахан медаль хүртэж чадсангүй. Учир нь "Peace Elite" нь бидний мэдэх "PUBG Mobile"-аас өөр бөгөөд багууд аль болох богино хугацаанд бай устгах, машин жолоодох зэрэг даалгавар биелүүлжээ. Хэрэв үндсэн хувилбараараа буюу багууд хоорондоо өрсөлдөж, байлдсан бол Монголын баг алтан медаль авахад гайхах зүйл үгүй байсныг дурдах хэрэгтэй.
Ямартай ч цахим спорт албан ёсоор Монголын топ, медалийн найдлага тавих төрөл боллоо. Бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага гэх зэрэг топ спортуудтай нэг ангилалд багтах эхлэл нь энэ удаагийн Азийн наадам байв.
Мэдээж CS:GO эсвэл CS2 Азийн наадмын хөтөлбөрт багтсан байсан бол Монголын баг алтан медаль хүртэх гол эздээр нэрлэгдэх байсан. Монголын "контерчид" Ази, Номхон далайн бүс нутагтаа ямар том болохыг дэлхий нийт эчнээ мэдэх билээ. Харамсалтай нь, нэршлээсээ эхлээд олимпизмийн гол үзэл санааны эсрэг, аллага, хүчирхийлэл, алан хядах ажиллагаа зэргийг сурталчилдаг тул наадмын хөтөлбөрт багтах боломжгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ
News.mn